Өргөн, нарийн хамаагүй, гагцхүү хэн түрүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Өргөн, нарийн хамаагүй, гагцхүү хэн түрүүлэх вэ?

Монгол Улсын Засгийн газраас УИХ-д
өргөн барьсан Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын
баримт бичгийн төсөл сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Нэн ялангуяа
төмөр замын царигийн хэмжээний асуудал мөн “бодлогын” түвшинд яригдах
болоод байна. Монгол Улсын төмөр замын царигийн хэмжээ өргөн гэсэн
ангилалтай. Энэхүү өргөн царигийг ОХУ, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан
орнууд мөн Скандинавын хойгийн зарим орон, тухайлбал, Финланд
хэрэглэдэг аж. Өргөн гэдэг 1520 мм-ээс дээш бол өргөн царигт тооцогддог
байна. Хуучин социалист системийн орнууд мөн ийм өргөн царигийг хэрэглэж
байснаа зарим нь хуулж нарийн царигт шилжсэн мэдээ бий. Дээр дурдсан
орнуудаас бусад газар нарийн цариг буюу 1435 мм-ээс бага бол нарийн
царигтай төсөо замыг ашигладаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс
орнуудын дийлэнх буюу 80 гаруй хувь нь нарийн царигтай төмөр зам
ашигладаг аж.
Өнгөрсөн жилийг хүртэл төмөр замын нарийн царигийн
талаар Монголд төмөр замын хэдэн мэргэжилтнээс өөр хүн мэддэг ч үгүй,
сонирхдог ч үгүй байлаа. Одоо бол харин захын хүн энэ сэдвээр санаа оноо
уралдуулах болжээ. Нарийн царигийн асуудал анх “Энержи ресурс” компани
Тавантолгой орчмын Ухаа худагийн уурхайгаас Гашуун сухайт хүртэл тавих
төмөр замаас үүдэн гарсан юм. Энэхүү төмөр замыг нарийн царигаар
барихаар төлөвлөсөн юм. ХБНГУ-ын төмөр замын “Дойче Банн” концерн
хамтран Европын Сэргээн босголт хөгжлийн банкнаас зээлжин барихаар
төлөвлөсөн энэ нь төмөр замын урт нь 200 орчим км байх байлаа. Байх
байлаа гэсний учир нь өнгөрсөн жилийн намраас төмөр замаа тавьж эхлэхээр
мэдээтэй байсан ч одоо болтол эхлээгүй аж. Ер нь тавигдахгүй бололтой
юм. Албан бус эх сурвалжийн мэдээгээр эхэнд өгүүлсэн  Төмөр замын
тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт өргөн хэмээн
тусгахын өмнө шат шатандаа их бага хэмжээний олон удаагийн “уулзалт,
учрал”-ууд болж эцэс сүүлдээ сонирхогч талууд өргөн цариг дээр тохирсон
гэх.
УИХ-д хэлэлцэгдэж байгаа баримт бичгээр гурван чиглэлд төмөр
зам тавих аж. Эхний ээлжинд Тавантолгой-Сайншанд, удаад нь
Тавантолгойгоос урд хөрш рүү, гурав дахь нь баруун тийш ОХУ-руу чиглэсэн
төмөр зам татахаар төлөвлөж, нийтдээ 5000 км үргэлжлэх төмөр зам
тавихаар тусчээ.

Өргөн, нарийн царигийн асуудал уг чанартай эдийн
засгийн шинжтэй ч илэрч гарч байгаа нь манай хойд хөрш өргөн, урд хөрш
маань нарийн царигтай байгаатай холбоотой юм. Нарийнийг сонговол Хятадын
тал, өргөнийг сонговол Оросын тал яллаа хэмээн хар ухаанаар ойлгох
болчихоод байгаа юм.

Шинэ төмөр зам тавих асуудал босч ирсэн нь
Монгол Улсын өмнөд хил дагуу байрлалтай алт, зэс, нүүрсний баялаг
ордуудын ашиглалтаас үүдэн гарч байгаа нь хэнд ч ойлгомжтой. Нэн
ялангуяа Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтыг шийдэх асуудал дөхөх
тусам төмөр замыг тойрсон асуудал улайссан төмөр мэт болж байна.
Ерөнхийдөө саяхныг болтол шинэ төмөр замын хоёр чиглэл саяхныг болтол
нэг нь нөгөөгөө давах гэж хар цагаан PR-ийг уралдуулсан. Нэг нь дээр
өгүүлсэн Ухаа худагаас Гашуун сухайт хүртэл буюу “Энержи ресурс”-ийн.
Нөгөөх нь Тавантолгойгоос Цагаан суваргын зэсийн ордыг дайруулан
Зүүнбаян-Сайншанд хүртэлх буюу “Женко Баттулгын” чиглэл юм. Барилга, хот
байгуулалтын сайд Х.Баттулга энэ чиглэлээ Транс Монголын төмөр замтай
холбохыг хзсч байгаа юм. Шинээр барих төмөр замын урт 385 км.

Сонирхогч
талууд аль аль нь улс орны эрх ашиг хэмээн өөр өөрсдийн өнцгөөс PR-ийг
хангалттай хийсэн. Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын
баримт бичгээс үүдэн нарийн царигийн давуу талыг шагширсан мэдээлэл
түлхүү анзаарагдаж байна. Ганц жишээ татахад нарийн царигийн вагон
өргөнийгөө бодвол 15 хувиар хөнгөн мөртлөө 25 гаруй хувиар илүү ачаа
тээвэрлэдэг, өргөн царигийн вагоны дугуйны даац 25 тонн бол нарийнийх 35
тонн аж. Энэ нарийн ширийнийг ёстой мэргэжлийн хүн л хэлэх байх.
Хамгийн гол аргумент дэлхийн төмөр замын ачаа эргэлтийн 90 хувийг нарийн
царигтай төмөр замаар тээвэрлэдэг аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улс XXI
зуунд хоцрогдсон технологитой төмөр зам ашиглаж байна гэсэн үг. Гэтэл
өргөн төмөр замд ч бас өндөр технологи ашиглаж болно гэх хүн гарч ирж
байна. Өргөн, нарийн хосолсон зам хамгийн боломжит гарц гэсэн хүн ч
байна. Үнэндээ бол 70 мянгаараа Цагаан сараас гадна нэг цадах гээд
байгаа жирийн монголчуудад өргөн, нарийний аль нь ч сонин биш. Гагцхүү
тэр төмөр зам нь хаагуур ч юм бэ тавигдаад ашигт малтмалаа боловсруулсан
ч бай, боловсруулаагүй ч бай зөөгөөд үр хүүхэд нь сурч боловсрох
боломжтой, өөрсдөө хаус биш юм аа гэхэд дөрвөн ханатай орон сууцанд
амьдрахыг л хүсч байгаа. Яг үнэндээ хэн түрүүлж, өргөн ч бай, нарийн ч
бай төмөр зам тавьсан нь “тэнгэрийн умдаг” атгах учраас ингэж бачимдаж
байгаа юм. 

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж