Дакар раллигийн эхний өдөр хүний амь эрсдэв

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Дакар раллигийн эхний өдөр хүний амь эрсдэв

Дакар ралли уралдаан 2012 оны эхний өдөр Аргентинд нээлтээ хийлээ. Харамсалтай нь, уралдааны эхний өдөр мотоциклийн ангилалд өрсөлдөж байсан тамирчин нас барсан байна. Дакар раллигийн эхний гараа Мар дел Платагаас Санта Роса хүртэл 57 км замд үргэлжилсэн бөгөөд Хорхе Мартинез Боеро барианд орохоос ердөө хоёрхон км дутуу байхад осолджээ. Аргентиний тамирчин энэ жил хоёр дахь удаагаа Дакар раллид хурд сойж байсан гэнэ. Ослоос хойш таван минутын дараа эмнэлгийн баг түүнд тусламж үзүүлсэн боловч эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.

1979 оноос эхтэй тус уралдааны түүхэнд ийнхүү 21 дэх золгүй тохиолдол болж байна.

Дакар ралли-2012 уралдаан Өмнөд Америкийн Аргентин, Перу болон Чилийн нутгаар 9000 гаруй км замд үргэлжилнэ. Тамирчид суудлын тэрэг, мотоцикль болон ачааны машины төрөлд өрсөлдөх юм.

Дакар раллигийн эхний гараанд мотоциклийн төрөлд “Aprilla” багийн тамирчин, Чилийн Франчиско Лопез 32 минут 37 секундын амжилтаар түрүүлжээ. Харин суудлын тэрэгний ангилалд “Mini” багийн тамирчин, ОХУ-ын Леонид Новитцкий тэргүүлсэн байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж