Хятадын өмнөд мужийн Шинжень хотод шувууны ханиад туссан нэгэн эрэгтэй нас баржээ. Автобусны жолооч, 39 настай эр уушгины хатгаа туссан хэмээн эмнэлэгт үзүүлсэн боловч онош нь шувууны ханиад байсан гэнэ. Энэ нь өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд шувууны ханиадын онош илэрсэн эхний тохиолдол юм байна. H5N1 вирусаар халдварладаг үхэлд хүргэх аюултай уг өвчнөөр өвчлөгсдийн 60 хувь нь амь насаа алддаг байна. Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн нэгэн захад шувууны ханиадын вирус илэрсэн тул Засгийн газар нь онц байдал зарласан байна. Махны захаас шувууны ханиадаар үхсэн тахиа олдсон тул 17,000 тахиаг газар дээр нь устгажээ. Мөн уг захын худалдааг гурван долоо хоног хаахаар болжээ. ДЭМБ-ын мэдээлснээр 2003 оноос хойш 332 хүн шувууны ханиад тусч амиа алдсан байна. Шувууны ханиадны вирус 2006 онд Бангладеш, Хятад, Энэтхэг, Египет, Индонези, Вьетнам зэрэг дэлхийн 63 оронд дэгдэж, халдвараар өвчлөгчдийн тоо 4000 хүрч байсан нь хамгийн оргил үе байсан юм. Хятадын Хөдөө аж ахуйн яам өнгөрсөн сард шувууны ханиадны вирус эх газрын, ялангуяа өмнөд мужийн шувууны аж ахуйд тархсаар байгааг анхааруулсан.
Н.Энх