Иран цөмийн асуудлаар хэлэлцээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.01-нд нийтлэгдсэн

Иран цөмийн асуудлаар хэлэлцээ хийнэ

Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийн асуудлаар супер гүрнүүдийн удирдлагчидтай удахгүй хэлэлцээ хийх болсон талаар Германд суугаа Ираны элчин сайд мэдэгдсэн байна. Алиреза Шейх Аттагийн хэлснээр Европын холбооны гадаад бодлогын дарга Катерин Эштонд Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Саид Жалил захидал илгээсний дараа уг хэлэлцээ болох гэнэ. Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээ 5+1 хэмээх зарчмаар явагдах бөгөөд НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн таван орон болох АНУ, Их Британи, Франц, ОХУ, Хятадаас гадна Герман, Иран оролцох юм байна. Олон улсын цөмийн энергийн газар “Ираны цөмийн хөтөлбөр цэргийн зориулалтаар ашиглах боломжтой” хэмээх мэдэгдэл гаргаснаас болж тус улс хариу арга хэмжээ авахаар шийдсэн нь энэ ажээ.  Исламын Бүгд найрамдах Иран улсын цөмийн хөтөлбөр Барууны орнуудын хооронд олон жил үргэлжилсэн таагүй харилцааны гол шалтгаан юм. Барууны орнууд болон АНУ цөмийн хөтөлбөр нь зэвсэг үйлдвэрлэх зорилготой гэж хардаж байгаа боловч Иран үүнийг үгүйсгэж, зөвхөн энхийн зориулалтаар боловсруулсан хөтөлбөр гэж мэдэгдэж байгаа юм. Иран улсыг цөмийн хөтөлбөрөөс татгалзахыг шаардаж олон улсын зүгээс эдийн засгийн олон хориг тавьсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж