Б.Наранбаатарын баг аваргын төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2012.01.01-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатарын баг аваргын төлөө барилдана

Германы бөхийн чөлөөт барилдааны Бундеслигт барилдаж буй дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын тамирчин Б.Наранбаатар лигийн аваргын төлөө барилдах эрхтэй болжээ. Бундеслигийн хагас шигшээ барилдаанууд өнгөрөгч баасан гаригт болж, Б.Наранбаатарын барилдаж буй “KSV Kollerbach” клуб өрсөлдөгчөө ялснаар финалд шалгарчээ.

Бундеслигийн дүрмийн дагуу багууд чөлөөт бөхийн тав, сонгомолын таван жинд тамирчдаа сойдог юм. Б.Наранбаатарын тухайд чөлөөт бөхийн 60 кг-д багаа төлөөлж буй билээ. Хөлбөмбөгийн лигийн дүрэмтэй адил багууд талбайдаа болон айлын талбайд зочилж барилддаг. “KSV Kollerbach” клуб хагас шигшээд “ASV Mainz 88” багтай таарч, эхний барилдаандаа 19:17 харьцаатай ялсан бол өнгөрөгч баасан гаригт болсон хариу барилдаанд 18:19 харьцаатай ялагджээ. Гэхдээ нийлбэр дүнгээр 37:36 оноогоор ялалт байгуулснаар финалд өрсөлдөх боломжтой болсон байна. Хариу барилдаанд Б.Наранбаатар хамгийн сүүлд дэвжээнд гарч, тун хариуцлагатай барилдаан хийжээ. Тэрбээр өрсөлдөгч багийн тамирчин Атмир Хромовтой дөрвөн үе барилдаж, 5:1, 2:5, 2:2, 5:3 харьцаатай ялагдсан ч шаардлагатай байсан нэг оноо авч, багтаа ялалт авчирсан байна.

“KSV Kollerbach” одоо Бундеслигийн аваргын төлөө өнгөрсөн жилийн аварга “SV Germania Weingarten” багтай өрсөлдөнө. Аваргын төлөөх барилдаан нэгдүгээр сарын 7-нд, хариу барилдаан 14-нд болох юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж