Бундеслигийн дүрмийн дагуу багууд чөлөөт бөхийн тав, сонгомолын таван жинд тамирчдаа сойдог юм. Б.Наранбаатарын тухайд чөлөөт бөхийн 60 кг-д багаа төлөөлж буй билээ. Хөлбөмбөгийн лигийн дүрэмтэй адил багууд талбайдаа болон айлын талбайд зочилж барилддаг. “KSV Kollerbach” клуб хагас шигшээд “ASV Mainz 88” багтай таарч, эхний барилдаандаа 19:17 харьцаатай ялсан бол өнгөрөгч баасан гаригт болсон хариу барилдаанд 18:19 харьцаатай ялагджээ. Гэхдээ нийлбэр дүнгээр 37:36 оноогоор ялалт байгуулснаар финалд өрсөлдөх боломжтой болсон байна. Хариу барилдаанд Б.Наранбаатар хамгийн сүүлд дэвжээнд гарч, тун хариуцлагатай барилдаан хийжээ. Тэрбээр өрсөлдөгч багийн тамирчин Атмир Хромовтой дөрвөн үе барилдаж, 5:1, 2:5, 2:2, 5:3 харьцаатай ялагдсан ч шаардлагатай байсан нэг оноо авч, багтаа ялалт авчирсан байна.
“KSV Kollerbach” одоо Бундеслигийн аваргын төлөө өнгөрсөн жилийн аварга “SV Germania Weingarten” багтай өрсөлдөнө. Аваргын төлөөх барилдаан нэгдүгээр сарын 7-нд, хариу барилдаан 14-нд болох юм.