Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.01-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлэв

Ирэх жил томоохон хөтөлбөрүүд эдийн засгийн эргэлтэд орсон он жилүүд байхын ерөөлийг дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд хуучин, шинэ хоёр оны зааг дээр Монголынхоо нийт ард иргэдэд хандаж, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Тус мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе.

Эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ,

Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье. Улиран одож байгаа 2011 он Монгол Улс Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын 90, Монгол Улс НҮБ-ын гишүүн болсны 50 жил зэрэг томоохон үйл явдлуудаар дүүрэн, амжилт бүтээлээр арвин жил болж өнгөрлөө.

Манай улсын нийгэм, эдийн засгийн амьдралд томоохон ахиц дэвшил гарлаа. Монгол Улсын эдийн засаг 20 хувиар өсөж, зээлжих эрх нэмэгдэж, бид бага орлоготой орноос бага, дунд орлоготой орны түвшинд орсон амжилт гарлаа.

Манай хөдөө аж ахуйн салбар, тэр дотроо малчид маань сайн ажиллаж, хамгийн олон төл хүлээж авлаа. Газар тариалангийн салбарт Атрын III аян амжилттай хэрэгжиж, Монгол Улс үр тариа, төмс хүнсний ногооны хувьд хамгийн их ургац хурааж авсан он жил боллоо. Эдийн засгийн энэ өсөлт ард түмнийхээ амьдралд очиж наалдах учиртай. Энэ утгаараа 2012 онд энэхүү эдийн засгийн өсөлтийг нийт ард иргэдийнхээ өрхийн амьжиргааг дээшлүүлэх, тэр дотроо бага, дунд орлоготой өрхийн амьжиргааг дэмжих, мөн бичил, жижиг дунд бизнесийг дэмжихэд онцгой анхаарах болно оо. Монгол Улсын хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч болсон шинэ бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрүүд эдийн засгийн эргэлтэд орсон ийм он болохын ерөөлийг дэвшүүлж байна.

Монголчууд бид амны бэлгэдлээс ашдын бэлэгдэл гэж ерөөдөг ард түмэн билээ.

Ам сайтын ажил сайн, ажил сайтын амьдрал сайн байдаг гэдэг. Энэ бүх зүйл 2012 онд та бүгдийн амьдралд ажил болсон он болохын ерөөлийг дэвшүүлье. Шинэ оноо сайхан угтаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж