Хуучирсан мэдээ: 2012.01.01-нд нийтлэгдсэн

Сайн байна уу, 2012 он

Цагийн зүү хуучин  оны төгсгөлийг, шинэ оны эхлэлийг зааж байна. Хаврыг санагдуулам өвлийн цав цагаахан өдрүүдийн үргэжлэл болж шинэ он хорвоод мэндэллээ. Сайн байна уу 2012 он минь. Тавтай морил, хүн төрөлхтний ертөнцөд.

Нэг л мэдэхэд урсаад өнгөрсөн цас бороотой, нар хуртай, алдаа оноотой амжилт бүтээлтэй хуучин ондоо “анд минь баяртай” гэж хэлье. Дахиад 2011 онтой учрахгүй болохоор тэр. Дурсамжийн хуудсыг минь 365 хоногоор зузаалж, дуусашгүй зорилго, дундаршгүй аз жаргал, хүсэл мөрөөдөл орхиод одож буй хуучин оныхоо төлөө хундага өргөе.  Ирмүүн хүслээр дүүрэн дурсамжийнхаа шинэхэн дэвтрийг нээж, ирж буцах цаг хугацааны зааг дээр хүн болгон нэгийг тунгааж хоёрыг бодож буй нь лавтай. Тэнгэрт  мянга түмэн гэрэл цацарч, газарт түм буман аз жаргал дэлгэрэх яг энэхэн мөчид хар, шар цагаа гэлтгүй өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлж суугаа болов уу.

Саяхан л модод гөлөглөж, саяхан л модод ногоорч, саяхан л навчис бударч байсан бол өдгөө өвлийг цав цагаахан өмсгөлөөр модод хэдийнэ гоёчихож. Дөрвөн өнгөөр гоёж, дөрвөн өнгөөр өөрчлөгдсөөр цаг хугацаа харвасан сум адил өнгөрч хоёр дахь  мянганы 12 дахь он хорвоод хүрэлцэн ирлээ.

Тусгаар улсынхаа торгон хилийн дархан манаанд зогсч байгаа хилчдэдээ, түмэн олныхоо эрүүл энхийн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа, нийгмийн дэг журмыг сахиулж байгаа төрийн тусгай албаныхандаа болон хангай говь, тал нутгаа эзэгнэн, хатуу хайруу өвлийг давахаар шамдаж байгаа малчид, тариаланчид, халуун бүлээрээ цуглан суугаа айл өрх бүртээ, хайрт аав ээж, хамгаас дотно найз нөхөдтэйгээ хөгжилдөн байгаа хүүхэд залуустаа, эх орон, элгэн саднаа зүрх сэтгэлдээ тээж, эргэх дэлхий, орчих хорвоогийн дайдад ажиллаж амьдарч, суралцаж байгаа Монголчууддаа шинэ оны баяр хөөр, аз жаргал, шинэ амжилтын од хийморь бүхнийг хүсэн ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж