Дэлгэцийн урлагийн оны онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Дэлгэцийн урлагийн оны онцлох үйл явдал

Улиран одож буй 2011 онд дэлгэцийн урлагийн уран бүтээлчид болон кино сонирхогчдын хувьд олон сайхан үйл явдлаар дүүрэн он боллоо.

Улаанбаатар кино наадам  буюу “Academy awards 2011”

Энэ оны онцлох үйл явдлын нэг нь “Academy awards 2011” наадам байлаа. Гурван жилд нэг удаа болдог байсан тус наадам хамгийн сүүлд 2007 онд болж, найруулагч З.Батболдын “Боолын гэрээ” уран сайхны кино шилдгээр тодорч байсан юм. Харин энэ жилийн наадмын шилдгээр найруулагч Ч.Ганзоригын “Зөрлөг” уран сайхны кино шалгарсан. Тус кино гурван номинацийн эзэн болж тэргүүлсэн. Улаанбаатар кино наадам сайн, муу хэл амыг араасаа дагуулсан ч ямартай ч манай кино бүтээгчид өөрсдийн уран бүтээлийг үнэлүүлж дүгнүүлдэг кино наадамтай байгаа нь талархууштай юм. 

“Үл таних эмэгтэй”-тэй танилцлаа


Улсын драмын эрдмийн театраар овоглосон “Драмын дөрөв” хамтран Австрийн нэрт зохиолч Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Үл таних эмэгтэй” кино өнгөрсөн хоёрдугаар сард нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болсон. Эл киног “Пара” буюу Н.Наранбаатар найруулж, соёлын тэргүүний ажилтан  С.Болд-Эрдэнэ, О.Долгор нар гол дүрд нь тогложээ. Нээлтээ хийсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулсан энэхүү дэлгэцийн бүтээл орон нутгийн үзэгчдэд хүртэл хүрч, “Үл таних эмэгтэй”-тэй танилцуулсан. Бүсгүйчүүдийн дотоод ертөнцийг илүү түлхүү гаргаж, тэднийг өмөөрсөн, бүсгүй хүний ухаан, сэтгэлийн тэнхээ, тэсвэр тэвчээрийг харуулсан бүтээл болсон.

“Рашаантын 18” дэлгэцнээ мөнхөрлөө

“Хонх” хамтлагийн  дуулснаар олны хүртээл болсон “Рашаантын 18” дуунаас сэдэвлэсэн инээдмийн төрлийн эл киног  “Zaya’sh” студийн хамт олон бүтээсэн бөгөөд хошин шогийн чадварлаг жүжигчид соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Навчаа, “Х-Түц” хамтлагийн жүжигчин Д.Баттөмөр, УДЭТ-ын залуу жүжигчин А.Ганчимэг нар гол дүрд нь тогложээ. Сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ түр хөндийрөх болсон гавьяат жүжигчин,  дуучин Т.Баясгалан эл киноны ерөнхий продюсераар ажилласан бөгөөд өөрөө туслах дүр бүтээн дэлгэцийн урлагт хүч сорин УИХ-ын гишүүн нөхрөө ч жижгхэн дүрд тоглуулаад амжсан.  Энэ кинонд өнөөгийн нийгэмд баян ядуугийн ялгаа их байгаа ч жинхэнэ хайр сэтгэл бүх зовлон бэрхшээлийг ялж чаддагийг харуулжээ.

Богино хэмжээний киногоор амьсгалсан сар

"Юнител" группээс санаачлан “The Call” нэртэй богино хэмжээний кино төслийг өнгөрсөн зун хэрэгжүүллээ. Уг төсөлд өөрсдийн авъяас билиг ур чадвараараа шалгарсан шилдэг найруулагчид болох Боролдой студийн найруулагч Д.Мягмарын “Дежавү”, Креатив арт студийн найруулагч Б.Чингүүний “Миний сарнай”, ZMN продакшний найруулагч Ц.Ганбатын “Хамгийн чухал нь”, найруулагч Л.Бат-Амгалангийн “Дуудлага”, “HERUB” продакшны найруулагч С.Баттулгын “Юуны төлөө” кинонууд өнгөрсөн зургаадугаар сард нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон билээ. Өнгөрсөн хугацаанд эдгээр киног интернэт болон Юнивишний IPTV үйлчилгээний видео санд байрлуулан үзэгчдийн саналыг авчээ. Энэхүү шилдэг таван уран бүтээлээс Гранпри шагналын эзнээр “Herub” продакшны найруулагч С.Баттулгын “Юуны төлөө” богино хэмжээний кино үзэгчдийн таашаалыг хамгийн ихээр хүртэн тодорч, Canon Mark II 5D видео камерын эзэн болсон. Уг кино нь нээлтээ хийснээсээ хойш интернэт болон IPTV–ээр хамгийн их хандалттай байсан ба “Youtube”-ээр 14 мянга гаруй үзэгч үзэж үнэлгээ өгчээ. Аравхан минутын хугацаанд үзэгчдийг догдлуулж, түгшээж, уйлуулж ухааруулсан энэхүү кинонд өнөөгийн нийгэмд улам бүр ховордож буй хүн чанарын тухай өгүүлдэг юм.

Францад мэндэлсэн “Хөх толбот”

Орчин цагийн Монголын уран сайхны кино Францын нийслэл Парист  албан ёсны нээлтээ хийлээ. Энэ бол Монголын кино урлаг гадаадад өрсөлдөх хэмжээнд хүрэхээр хөгжиж, тэмцэж буйн нэг жишээ болсон юм. “DOZ entertainment”-ийн шинэ бүтээл “Хөх толбот хүмүүс” бүрэн хэмжээний уран сайхны кино аравдугаар сарын 29-нд Францын нийслэл Парис хотын “Escape Landowski Cinema D’art Et D’essai” театрт албан ёсны нээлтээ хийсэн. Киноны ерөнхий найруулагчаар “DOZ entertainment”-ийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн, зураглаачаар Б.Отгонзориг, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат, зөвлөхөөр герман найруулагч Вейт зэрэг уран орон орны уран бүтээлчид хамтран ажилласан байна. Харин эл дэлгэцийн бүтээлийн гол дүрд Т.Эрдэнэбаяр буюу олны мэддэгээр Дэндэв, Гавьяат жүжигчин Н.Дагийранз, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “DOZ entertainment”-ийн жүжигчин А.Мөнгөнзул, УДЭТ-ын залуу жүжигчин П.Баттөр, жүжигчин Клаффк, С.Уудам  зэрэг нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллажээ. Кинонд чадварлаг мэргэжлийн уран бүтээлчдээс гадна бүх Хятадыг уяраасан "Авъяаслаг Хятадууд-2011" шоуны гуравдугаар байрын шагналт С.Уудам хүү тоглосон нь дуулиантай мэдээ байлаа. Харин эл кино шинэ оны өмнө Төрийн ордонд нээлтээ хийнэ гэж байсан ч одоогоор нам жим байгаа юм.

“Хулгайд алдсан бодол”

“Wisdom film” кино продакшны анхны бүтээл болох “90 сая”-ын Гансүхийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бодлын хулгайч” кино өнгөрсөн аравдугаар сард дэлгэцнээ гарч кино урлагт тэсрэлт хийсэн. Тус киноны ерөнхий продюсероор А.Уянга ажиллан сэтгүүлч, зохиолч Д.Төрмөнх кино зохиолыг бичиж, найруулагч Ж.Сэнгэдорж найруулж, зургийн даргаар зураач найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Ч.Ганзориг, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, дууны оператороор “Нэгүүн” студийн А.Одбаяр буюу Оки нар ажилласан юм. Киноны гол дүр буюу Б.Гансүхийн дүрд жүжигчин Б.Амарсайхан, Төмөрт дуучин Б.Батмэнд, Гансүхийн ээжид гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, шоронгийн хянагчид Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Золбоот нар тоглосон. “Бодлын хулгайч” киног олон хүний амьдралыг өөрчлөөсэй гэж зүрх сэтгэлээ шингээн бүтээсэн хэмээн кино багийнхан онцолж байлаа. Тиймдээ ч  “Хүнд зөв мэт санагдавч төгсгөлд нь үхэл рүү хөтөлдөг зам байдаг” гэсэн уриатай эл киног бүтээсэн “Wisdom” кино продакшныхан анхны бүтээлдээ хөрөнгө, зардал хайрлахгүй 500 сая төгрөг зориулсан нь “үнэхээр чанартай сайн бүтээл болжээ” гэх олны яриаг нотлох мэт байлаа. 1990-ээд оны амьдрал, ахуй, нийгмийн өөрчлөлтийг залуу хүний алдаа, онооны дэнсэн дээр харуулсан эл бүтээлийн зураг авалт, гол дүрүүдийн жүжиглэлтийг магтахгүй байхын аргагүй байлаа. Өөгүй мэт сайхан уран бүтээл. Эх үрийн хайр энэрэл, хүн амьдралд алдаа оноондоо хэрхэн ухааждагийг харуулсан энэхүү кинонд нулимс унгааах агшнууд хэдэнтээ хөвөрнө. 

Амьдралын симфони буюу “Хүний хүүхэд”

“ST” студи, “Nature Sound” студийн хамтын бүтээл “Хүний хүүхэд” нэртэй дэлгэцийн шинэ уран бүтээлийн өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн. “Хүний хүүхэд” киноны гол дүрд гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, жүжигчин  Т.Ариунбулаг,  гавьяат жүжигчин Б.Магсаржав, жүжигчин н.Сүхээ, жүжигчин Б.Сүхболд нар тогложээ. Энэхүү кинонл эгэл жирийн монгол эрийн эгэл бус амьдралын тухай өгүүлэх бөгөөд хүний хүүхдийг өөрийн юм шиг хайрлах эр хүний уужуу сэтгэл, хүн чанар, хэн нэгний хэлсэн ганцхан үг хүний амьдралыг хэрхэн өөрчилж чаддагийг маш энгийнээр үзүүлжээ. Киноны агшин бүр үзэгчдэд баярлах, огших, бахархах, ухаарах мэдрэмжийг төрүүлэм. Энэхүү киног бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд нийгмийн амьдрал, хувь хүний үзэл бодол, хаагдмал эрх чөлөө, хайр сэтгэл гээд л олон чухал сэдвийг хөндөн тавьжээ. Үүгээрээ өнөөгийн амьдралд үгүйлэгдээд байгаа хүн чанар, жинхэнэ эр хүний ёс жудгийг олон нийтэд сэтгэл зүйн талаас нь хүргэхийг “Хүний хүүхэд” багийнхан зорьсон аж.
“Франц үнсэлт”-ийг мэдрүүллээ

Жүжигчин Г.Анхбаярын найруулсан хоёр дахь бүтээл болох “Франц үнсэлт” инээдмийн уран сайхны кино өнгөрсөн есдүгээр сард албан ёсны нээлтээ хийнэ. Өмнө нь “Луйврын хот” уран сайхны киног хийн багагүй хэл аманд өртөөд байсан тэрбээр “Хэрвээ уран бүтээлээ хүүхэд маань гэж бодвол өмнөх кино маань миний хүүхэд үү, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнх уу гээд асуудалтай байсан Харин энэ удаа ихэр хүүхэд өлгийдөн авлаа” хэмээн хэлсэн юм. Тус кинонд залуу жүжигчин Т.Билэгжаргал, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, “Киви” хамтлагийн дуучин Ука, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, жүжигчин Б.Навчаа, Ардын жүжигчин П.Цэрэндагва, хошин урлагийн жүжигчин Б.Баатархүү, “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин С.Өлзийхүү, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү нарын чадварлаг жүжигчид тоглосон юм. “Франц үнсэлт” инээдмийн уран сайхны кинонд өрсөлдөгч хоёр компанийн захирлын хүүхдүүд нэг нэгэндээ сэтгэлтэй болж буй тухай гардаг.

Монголын анхны 3D кино нээлтээ хийлээ

Монголд анх удаа 3D форматаар “Сайн, муу, хэрцгий” уран сайхны инээдмийн кино өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр нээлтээ хийсэн юм. “Сайн муу хэрцгий” киноны зохиолч, найруулагчаар А.Миеэгомбо, продюсераар Мандухай, ерөнхий оператораар Б.Баатар нар ажиллан, гол дүрд Соёлын тэргүүний ажилтан “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Д.Түвшинтөр, УДЭТ-ын жүжигчин Г.Эрхэмбаяр, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Б.Даулетжан нар тогложээ. Энэхүү бүтээл нь энгийн кинонуудыг бодвол төвөгтэй, нарийн арга ажиллагаа их шаардаж байсан учир киноны зураг авалт эхлэхээс авахуулаад кино театруудтайгаа холбоотой ажилласан гэнэ. Учир нь 3D камераар авсан зургуудаа кино театрт хэрхэн гарч байгааг нь байнга л лшалгах гээд ажиллагаа ихтэй байсан гэнэ. Энгийн кино бүтхээс хоёр дахин илүү хөдөлмөр зарцуулсан эл бүтээлээ хийхийн тулд кино багийнхан АНУ-аас хоёр ширхэг 3D камер худалдан авч, зураг авалтаа гүйцэтгэжээ. Хэвлэлийн хуралд кино найруулагч, зохиолч А.Миеэгомбо “Өнгөрсөн жил Солонгосын уран бүтээлчидтэй уулзаж байхад танайх 3D киног арван жилийн дараа бүтээх байх гэж байсан ч бид баргийн хүн итгэмээргүй энэхүү бүтээлийнхээ нээлтийг хийснээр батлан харуулж чадлаа” хэмээн онцлон хэлсэн юм.


Дэлхийд танигдсан “Тайгын дууч”

“Улаанбаатар кино наадам-2011”-ийн баримтат киноны төрөлд тэргүүн дээд шагналт хүртсэн “Тайгын дууч” баримтат кино АНУ-д жил бүр зохиогддог Нью-Йоркийн олон улсын кино наадмын шилдэг бүтээлээр шалгарчээ.  Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-24-нд болсон уг наадамд 36 орноос шалгарсан шилдэг бүтээлүүд өрсөлдсөн байна. Шилдэг баримтат киногоор шалгарсан “Тайгын дууч” бол Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал, түүний хүү зураглаач, найруулагч З.Батбилэг нарын хамтын бүтээл юм. Монголоос анх удаа сойсон бүтээл наадмын эхний шатанд шалгарч “Тop notch and exellent” буюу дээд зэрэглэлийн гэсэн үнэлгээ авч эцсийн шалгаруулалтад өрсөлдөх эрх авчээ. Энэхүү наадмын үеэр “Тайгын дууч” киног Нью-Йоркийн “Quad” кино театрт гаргажээ. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын клубийн ардын дууны багш Н.Цогбадрах “Дархад” дууны багш хэмээх орон тоог соёлын төвд анх удаа бий болгож, ардын дуу дуулдаг Н.Цогбадрахыг сум, орон нутгийн дуулах авьяастай хүүхдүүдэд дархад дуу хэрхэн дуулах талаар зааж багшилж байна. Нөгөөтэйгүүр Н.Цогбадрах нутгийн хөгшчүүлтэй уулзаж, тэдний яриа, дуу хуурыг тэмдэглэн авахын зэрэгцээ өөрөө давхар суралцаж байгааг өгүүлжээ.

“Цогт тайж” кино таетрын дэлгэцнээ эргэн ирлээ

Монголын түүхэн сэдэвт “Цогт тайж” уран сайхны киног сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлэх тухай Франц улстай хэлэлцэн тохирсны дагуу тус улсын Соёлын яамны харьяа “CNC” кино архивын төвд сэргээн засварлахаар авч явсанаас хойш багагүй хэл ам дагуулсан юм. Тухайн үедээ түүхэн бүтээлийг харь улсад гаргах гэж байна гэхчилэн элдвээр яригдаж байсан “Цогт тайж” киног бүрэн сэргээн засварлаж дууссан тул өнгөрсөн аравдугаар сард эх орондоо эргүүлэн авчирсан. Уг дэлгэцийн бүтннл олон жилийн дараа “Тэнгис” кино театрын дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болсон юм.
"

“Монгол сериал”

Саяхныг хүртэл Солонгос сериалд гинжлэгдээд байсан үзэгчдэд энэ жил Монгол сериалын хур буусан. Өнгөрсөнтавдугаар сараас дэлгэцнээ гарч эхэлсэн “Амьдралд тавтай морил” телевизийн 80 ангит кино есдүгээр сард өндөрлөсөн. Төгсөө, Билгээ, Болдоо, Ганаа, Золоо гэх таван найзыг тойрсон хөгтэй, хөгжилтэй, уйдамгүй адал явдлын талаар өгүүлдэг тус кино МҮОНТ-ээр гарсан таван найзын ганц “шигтгээ” нь болсон Золоо хуримлан аз жаргалтай төгсдөг. Түүнчлэн энэ зун мэндэлсэн SBN телевизийн “Гэр” олон ангит кинонд жүжигчин Энхтуул, загвар өмсөгч мөнхийн залуу тодотголтой топ модель Одгэрэл болон жүжигчин топ модель Пүрэвсүрэн гурав үзэгчдийн хүртээл болгосон. МҮОНТВ эрүүл мэндийн байгууллагын 90 жилд зориулсан “Өдөр өдрийн нар”, TV9 телевизийн “Чонын алтан шагай”, MN25 телевизийн бүтээл болох “Ханилснаас илүү амраг” зэрэг олон бүтээлүүд үзэгчдийг үдэш бүр дэлгэцийн өмнө уях болсон гээд Монголын дэлгэцийн урлаг ололт амжилтаар дүүрэн жилээ үдлээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж