Дүүрэг бүр усан спорт цогцолбортой болно

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Дүүрэг бүр усан спорт цогцолбортой болно

Өнгөрч байгаа 2011 он нийслэлийн хувьд нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийжээ. Ингэж хэлэхийн учир нь өнгөрөгч онд 223 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэ хөрөнгийг тодорхой гурван салбарт зарцуулсан гэж нийслэлийн хөрөнгө оруулалтын газрынхан хэлж байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын дийлэнхийг өнгөрсөн жил авто замын ажил, гэрэлтүүлэг, усан спорт сургалтын төв байгуулах ажилд зориулжээ. Үүний үр дүнд нийслэлийн 61 км зам шинэчлэгдэж, дүүрэг хороодын гэрэлтүүлгийг сайжруулж, дүүрэг бүрт усан спорт сургалтын төв байгуулсан гэж нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдэгдэж байна. Мөн дүүрэг бүр нэг тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтдаа зарцуулсан юм. Энэ ажлаа цаашид үргэлжлүүлж ирэх онд 9 тэрбумаар гэрэлтүүлэг хийж, 26 тэрбумаар БЗД-т усан спорт цогцолбор барьж, 10 мянган суудалтай хөлбөмбөгийн талбайг 26 тэрбумын хөрөнгөд багтаан барьж эхлэх юм байна.

Хөрөнгө оруулалтын хэмжээ жил ирэх тутам өсч байгаа. Үүнийгээ дагаад иргэдэд хүртээмжтэй олон бүтээн байгуулалт хийгдэх ёстой. Мөн анхны төсвөтөө багтаж ажил дуусах ёстой зэрэг олон асуудал сөхөгдөнө.  Хөрөнгө оруулалтын хэмжээг хүлээн зөвшөөрч ажил хүлээж авсан хэрнээ хөрөнгө, мөнгө дутлаа гэсэн шалтгаанаар ажил сунжрах, замхрах, эсвэл мөнгө нэмж улсаас авдаг нь нууц биш болсон зүйл билээ. Нийслэл хотод оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр амьдрах, ажиллах орчин нөхцөл улам сайжирна гэсэн хүлээлт нийслэлийн нэг сая нэг зуун тавин мянган хүнд байсаар байгааг энд сануулъя.

Эх сурвалж: "Eagle news"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж