Унаач хүүхдийн хэрэглэлийн шинэ стандарт хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Унаач хүүхдийн хэрэглэлийн шинэ стандарт хэрэгжинэ

Манай улсад 60 мянга орчим уяач байдаг байна. Баяр цэнгэлийн ард уяач хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирч үлдэх явдал цөөнгүй гардаг. Энэ байдлыг халахын тулд өнгөрсөн зун хурдан морь унаач хүүхдийн хувцас хэрэглэлийн стандартыг баталсан. Энэ стандартыг 2012 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх юм.

Хурдан морь унаач хүүхдийн хувцас хэрэглэлийн стандартыг мөрдөөгүй, уяачдын морьдыг уралдаанд оролцуулахгүй байхаар болжээ. Он гарсаар эхний хурдан морины уралдаан цагаан сарын дараа буюу гуравдугаар сард болох ерөнхий тов байгаа аж. Эцсийн товыг Засгийн газрын хуралдаанаар батална. Өнгөрч байгаа 2011 онд түүхэн олон ой давхацсан баяр наадам элбэг жил байсан ч унаач хүүхдүүд амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал гараагүй юм.

Монголчуудын баяр наадмыг морь бөхгүйгээр төсөөлөшгүй. Гэхдээ Монголын хурдан морины уралдааныг дэлхийн хэмжээний спорт болгон хөгжүүлэх, нөгөө талаар  жуулчдыг татах үндэсний спорт болгох боломжийг бас харах хэрэгтэй юм.

Хурдан морь уяж, уралдуулах нь чамгүй авьяас хүч, хөдөлмөр шаарддаг ажил тийм ч учраас Монголд байгаа 60 мянган уяачийн төлөөллийг морио давхиулсан амжилтаар нь төр үнэлдэг. Хоёр он солигдох мөчид  төрийн наадмын 20 гаруй үзүүр түрүү авсан уяач энгэрээ мялаасан юм.

Уяачид энгэрээ мялаалгаж байгаа оны сүүлийн өдөртэй цуг хурдан морины хүүхэд, стандарт бус хувцас хэрэглэлтэй  морь унадаг явдал нэг мөсөн халагдах нь ээ.

Эх сурвалж: "Eagle news"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж