Өдөр 12.00 цагт “Нарантуул” захыг зорих тээврийн хөдөлгөөн харьцангүй бага, түгжрэл ч гэх зүйл алга. Түүнчлэн “хар” захын төв хаалга, барааны лангуунууд хүний хөдөлгөөн бага, харин дотор байрлах хүнсний зах хөдөлгөөн ихтэй ачаалалтай байлаа. Бид баяраар хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн тэр тусмаа хадгалах хугацаа бага, эмзэг бялуугаа хэрхэн сонгож буйг сонирхлоо. Нарантуул захын хүнсний лангуу өнгө алагласан бялуунд дарагджээ. Үндэсний манлай үйлдвэрлэгч “Талх чихэр” ХК-аас эхлээд “Батбайгаль”, “Любимая”, “Монкек”, “Эмон”, “Амтат бялуу”, “Жүр үр”, “Баялаг үр” зэрэг үйлдвэрийн нэр хаяг бүхий бялуунууд 5-20 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Энэ дундаас “Баялаг үр” нэртэй бялуу хамгийн их гүйлгээтэй байсан ба дугуй савлагаатай эл бүтээгдэхүүн хэзээ үйлдвэрлэсэн сар өдөр хугацаагүй, тав, долоон мянгаар буюу хамгийн хямдхан үнэтэйгээр борлогдож байлаа. Эл бялууг их хэмжээгээр борлуулж байсан лангуунаас хаанаас нийлүүлдэг, хэзээ ирсэн болохыг тодруулахад “Өнөөдөр ирсэн, өдөртөө л зарагддаг, “Баялаг үр” өөрсдөө авчирч өгдөг” гэснээс илүү тодорхой мэдээлэл өгсөнгүй. Харин энэхүү бялууг сонгон авч буй хэрэглэгчдээс хаана үйлдвэрсэн, хугацааг нь харсан эсэх, яагаад сонголтоо хийх болсон талаар лавлахад “Бялууны баглаа боодол, хямдхан үнэ нь таалагдсан тэр нарийн зүйлсийг лавлаагүй ээ, өнөөдөр ирсэн гэсэн. Өнгө үзэмж нь зүгээр л байна” хэмээн хариулсан юм. Нарантуул захын хямдхан бялууны сонголтод хугацаа, хийсэн үйлдвэр хамаагүй байдаг бололтой. Харин “Баялаг үр”-ээс бусад төрлийн бялуу үйлдвэрлэсэн хугацааг шошгон дээрээ бичсэн байлаа.
За ингээд цааш хүнсний зах дотор хүүхдийн бэлэг ямар үнэтэй байгааг сонирхлоо. Баглаа боодол хэмжээнээсээ шалтгаалан иргэдийн гар дээрээс 1000-5000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол лангуун дээр 2500-15000 төгрөгийн үнэтэй байлаа. Сонголтын хувьд өргөн, тэр ч бүү хэл өөрөө сонгоод бэлгээ уутлах боломж ч энд нээлттэй байлаа.
Энэ жил гар дээрээс болон ил задай, лангуу, дэлгүүрт чанарын шаардлага хангахгүй салют борлуулахгүй хэмээн Мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн өмнөхөн шийдвэр гаргасан. Харин эл шийдвэр хэрэгжсэнгүй. Хар зах дээр иргэд лангуун дээр, гар дээрээс салют борлуулж байгаа харагдахгүй цэгцэрсэн мэт байвч, далд бизнест шилжжээ. Худалдаанд зөвхөн цаасан салют 2500 төгрөгөөр борлуулагдаж байсан ч шинэ жилийн сүлд мод, саа, чимэглэлийн худалдаа хийж буй иргэдээс салют сураглавал их л нухацтай нь аргагүй шинжин харж, тоглоом шоглоомоор “Арай хураадаг хүн нь биш биз. Байгаа нь ч байгаа. Гэхдээ тэр гар, хөл тасдаад байдаг нь биш. Газарт тавиад буудуулдаг буудлагын тооноосоо хамаараад салют 15-27 мянгын хооронд байна” хэмээн шивнэн хэлэх аж. Захын эмч замбараагүй салютын худалдаа лангууны ард сэмхэн цэцэглэж буй нь энэ. Тэр гар дээрээ буудуулдаг хориотой салютыг сураглавал 10 мянгаар 17 задардаг нь байна гэх ч дуулдлаа. Харин сүлд модны үнэ огцом буурч 25-90 мянган төгрөгний хороонд буюу наймаачдын хэлсэнээр урд хөршөөс авсан үнээрээ өгч байгаа гэнэ шүү.