Элэг энхрий бөгөөд эмзэг эрхтэн

Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Элэг энхрий бөгөөд эмзэг эрхтэн

Хэдийгээр элэгний хувьд нөхөн сэргэх чадвар нь бусад аль ч эрхтэнээс илүү боловч харамсалтай нь хязгаартай байдаг. Хэрэв бид зүрхийг сэтгэлийн орогнох газар гэж үздэг ба харин тархийг оюун ухааны сав гэж тооцдог бол элэг нь хүний биеийн биохимийн төв лаборатори ажээ. Тэгэхээр элэгний үйл ажиллагаанаас бидний амьдрал тархи юмуу зүрхнээс дутуугүй хамаардаг. Хүний идсэн хоол хүнснээс гэдэс шүүж авч болох бүхнийг шүүн аваад цусаар дамжуулан элгэнд хүргэдэг ажээ. Гэхдээ гэдэс хэрэгтэй юмуу хортойг шүүх чадваргүй бөгөөд бүгдийг нь шууд элгэнд хүргэнэ. Ер нь гэдэс бол ухаан муутай, хянамгай бус эрхтэн бөгөөд ямар нэг шүүх чадваргүй, таарсан бүхнээ л шүүрдэг байна. Харин элэг тун ухаалаг ба нягт нямбай эрхтэн. Орж ирсэн бүх хорыг хоргүйжүүлж, хортой бүхнийг гадагшлуулж, харин цусанд бол хүний амьдрахад хэрэгтэй чухал зүйлсийг л үлдээдэг. Хэрэггүй бүхнийг цөс рүү шахаж орхидог ажээ.

Сэтгэл санааны дархан

Хэрэв хүний элэг эрүүл бол хоол боловсруулалт хэвийн байдаг. ингэснээр нүүрний өнгө сайхан, сэтгэл санаа өөдрөг байдаг. Эртний эмч нар сэтгэл гутралыг бие махбодь дотор хар цөс буюу меланхоли хуралдсантай холбодог байсан нь санамсаргүй зүйл биш. орчин цагийн анагаах ухаан элэг мөн л гутардаг болохыг анзаарчээ. Өөрөөр хэлбэл эзнийхээ хамт сэтгэл гутралд автдаг байна. Францчууд түүнийг сэтгэл санааны дархан хэмээн нэрлэдэг нь санамсаргүй зүйл биш. Элэг өвчлөх эхний үе шатын илрэлүүд нь бусад олон өвчинтэй адилхан байдаг. Бие сулбайх, ядрах, ажиллах чадвар муудах, хоолонд дургүй болох, халуурах, бие зарайх зэрэг шинж илэрнэ. Гэвч өвчин хүндрэх аваас сонгодог шинж тэмдгүүд нь илэрч эхэлдэг. Энэ шинж тэмдгүүд элэг асуудалтай болохыг шууд зааж өгнө. Баруун хавирганы доогуур өвдөх, шээсний өнгө харлах, арьс шарлах ба нүдний цагаан шарлах гэх мэт.

“ЦАМЦ” нь барагджээ

Шар өвчин бол А вирусын гепатит өвчин буюу элэгний үрэвслийн хамгийн түгээмэл өвчин юм. Энэ өвчний үед элэг цусыг шүүж цэвэрлэх чадвараа алддаг. тиймээс цөсний пигментүүд арьс болоод нүдний уургийг шар өнгөөр буддаг байна. Гэхдээ шар өвчин шууд илэрдэггүй. түүний нууц үе 7-50 хоног үргэлжилж болно. Элэг энэ үед маш хүнд байдалд ордог. Хавагнаж, хэмжээ нь томорч, “цамц нь” багадах буюу өөрөөр хэлбэл бүрхүүл хальсан капсулдаа багтаж яддаг. ингэснээр баруун хавирганы доогуур өвдөж эхэлнэ. А гепатитыг халдвартын эмнэлэгт эмчилдэг. Элгэнд хордлоготой тэмцэх үйл ажиллагааг нь дэмжих замаар эмчилгээ явуулна. А гепатит туссан хүн дараа нь урт хугацааны турш хоолны дэглэм барих шаардлагатай. Элэгний төрлийн бүлэг өвчний дотроос А гепатит хамгийн хор багатай нь гэж үздэг. Гэтэл гепатитын В, С, D, Е, G гэх мэт мангасууд цаана нь бий. Энэ аймшигт мангасууд хүн төрөлхтөнийг олон зуун жил алан хядаж байна. Ямар нэг ил шинж тэмдэггүйгээр, нууцаар, элгэнд эргэлт буцалтгүй өөрчлөлт, хор хохирол учруулж, хорт хавдар ба церрозод хүргэдэг. тэднээс хол байх тусам хүн аз жаргалтай. Үе үе шинжилгээ өгч байгаарай. Үүнд цусны биохимийн шинжилгээ ба гэдэсний хөндийн эхо зэрэг багтана. Цусны шинжилгээ өгөхийн тулд 6-12 цаг юм идэхгүй байх хэрэгтэй. мөн жимсний шүүс, сүү, согтууруулах ундаа, чихэртэй цай ба кофе ууж болохгүй. Зөвхөн ус ууж болно. Ямар ч хоол хүнс цусны үзүүлэлтэд нөлөөлдөг учраас шинжилгээний хариу буруу гарч мэднэ. орчин цагийн эхо аппарат элэгний хэмжээг мм-ийн нарийвчлалтай гаргаж чаддаг. Элэгний бүтцийг үнэлж, нягтрал юмуу хоосон хөндий гэх мэт өчүүхэн гажуудлыг ч олж хардаг. Хэрэв эдгээр хоёр шинжилгээний дараа элэг асуудалтай нь тодорхой болох аваас нарийн мэргэжлийн эмчид хандаарай. тэд онош тавьж эмчилгээг эхэлнэ. Элгээ он удаан жил эрүүл байлгахын тулд ямар хоол хүнс хэрэглэх ёстой вэ? Элэг бол алгуур аажуу, эрүүл саруулаар сэтгэдэг ба бодол ихтэй эрхтэн. Өөрөөр хэлбэл тэр согтууруулах ундаа, өтгөн кофе, өөх тостой хоол, хурц хоол, их идэх гэх мэт өөрийг нь өдөөх, зовоох, халууцуулах бүхнийг тэвчдэггүй. Бас түүнд өөрийн дуртай хоол хүнс ч бий.

Амтлах цаг

Элэг амттай, зөөлөн бүхэнд дуртай. түүнийг амтат жимс, зөгийн бал, сүүтэй бүлээн кааш, шарах шүүгээнд жигнэж болгосон хоол, ногоотой шөл ба өндгөөр дайлбал хамгийн их баярладаг. түүний дуртай бусад хоолны тоонд:

  • Шинэхэн ногоо ба навчит ургамлууд:
  • Хүрэн манжин, хулуу, байцаа, лууван, өргөст хэмх, улаан лооль, петрушка, гоньд.
  • Сүү цагаан идээ:
  • Бүлээн сүү, бяслаг, аарц, тараг.
  • Өөх тосгүй мах ба загас:

Ялангуяа өөх тосгүй үхрийн мах, цацагт хяруулын мах, өөхгүй загасны махнууд багтдаг байна. Элгээ гэмтээхгүйн тулд дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Эмийг дур мэдэн хэрэглэх, ялангуяа антибиотик хэрэглэх бүрт элэг хүнд цохилт авч байдаг. Үе үе эмчид үзүүлж, хайрлаж гамнах аваас элэг танд он удаан жил үнэнчээр үүргээ гүйцэтгэх болно.

№50 (98) 2011 оны 12 сарын 19

 http://www.toimsetguul.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж