Оны төгсгөлд энэ цагийн эгэл баатрууд тодордог. Тухайн жилд хийж бүтээсэн зүйлээ энэ л цаг мөчид ард түмнээр үнэлүүлж эрхэм хүндтэй өргөмжлөлийг хүртдэг уламжлал тогтоод багагүй хугацааг өнгөрөөжээ. Нийгмийн үнэлэмж, үнэлгээг дээшлүүлэх зорилгоор “ТВ-9 телевиз”, “Зууны мэдээ” сонин хамтран гурав дахь жилдээ хамтран зохион байгуулж буй “Энэ цагийн эгэл баатрууд 2011”-ын эзэд тодорлоо. Энэ жил тус шалгаруулалтад 70 гаруй хүн танилцуулгаа ирүүлснээс шүүгчдийн бүрэлдэхүүн 21-ийг нь үлдээжээ. Тэднээс үзэгчдийн санал асуулгаар “Шилдэг 10”-ыг шалгаруулсан бөгөөд энэ удаагийн эгэл баатраар дөрвөн хүн тодорсон байна.
“Энэ цагийн эгэл баатар”-аар өнчин болон орон гэргүй хүүхдүүдийг циркийн урлагт суралцуулж буй Дархан-Уул аймаг дахь “Шонхоодой” циркийн захирал Соёлын тэргүүний ажилтан Т.Төмөр, Монгол орны газар нутгаар хамгийн олон км урсдаг Орхон голын эхэнд хууль бусаар алт олборлож байсан 50 гаруй компаниудын үйл ажиллагааг зогсоосон Г.Чагнаадорж, бүтэн өнчин олон хүүхдийг асран хамгаалж, 18 нас хүрэхэд нь аралын Япон улсад мэргэжил эзэмшүүлэхээр зорьж байгаа Хэнтий аймаг дахь “Хүүхдийн халамжийн төв” болон “Хутагт” группын захирал М.Хүдэрбаатар, Монгол үндэснийхээ түүх соёлыг сэргээн сурталчилж, ирээдүй хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхийн төлөө үйл хэрэг, уран бүтээлээ хүргэж байгаа Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан нар “Энэ цагийн эгэл баатар” өргөмжлөлийн шилдэг дөрөв болон тодорлоо.
Мөн уламжлал ёсоор шилдэг зургаан тусгай байрын баатрууд тодорсон. Энэ удаа Хөвсгөл далайд живсэн бензинтэй Урал маркийн машиныг нуурын ёроолоос гаргахад бодитой үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын аврагчид болох Ж.Баяртогтох, Б.Дэлгэрсайхан, цөмийн аюул хор хөнөөлийг Монгол орноосоо хол байлгахын тулд цогтой тэмцэж яваа Л.Сэлэнгэ, газрын гүн дэхь цэвэр ус олон уламжлалт аргыг шинжлэх ухааны аргатай хослуулан олон цэвэр усны цэг олсон Ц.Бямбасүрэн, 70 гаруй литр цусаа бусдад бэлэглэж, олон хүний алтан амийг аварсан донор Ж.Алтанцэцэг, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум Монгол Улсын 320 сумаас анхны лицензгүй сум буюу байгаль орчин газар нутаг нь хөндөгдөөгүй сум болон тодроход хүчтэй нөлөөлж, зоригтой тэмцсэн н.Дамдинсүрэн нар тодорсон юм.
Энэхүү ёслолын арга хэмжээнд оролцсон УИХ-ын ги шүүн З.Энхболд “Ард түмний дунд дутхааргүй гавьяатай ч түүнийгээ зарлаад яваад байдаггүй эгэл жирийн хүмүүс зөндөө олон байдаг. Энд дундаас шүүгээд энэ цагийн эгэл баатруудыг шалгаруулж байгаа арга хэмжээнд анх удаа оролцож байна. Юм болгоныг төр засаг хийгээд байхааргүйгээр ийм сэтгэлтэй хүмүүс их хэрэгтэй байгаа. Ийм хүмүүсээ бас дэмжиж баймаар байгаа юм” хэмээв.