Он солигдох мөчид буюу өнөөдөр орой Сүхбаатарын талбайд баярын нэгдсэн арга хэмжээ зохиохоор болжээ. Сүүлийн жилүүдэд ханиад томуу дэгдэж, шинэ жилээр олон нийтийг хамарсан арга хэмжээ Сүхбаатарын талбайд болоогүй. Харин энэ жил түүхэн ой тохиож байгаа учир нийслэлийн Засаг даргын шийдвэрээр томоохон арга хэмжээ зохион байгууулах гэж байна. Арга хэмжээний хүрээнд нийслэлийн ЗДТГ, харьяа байгууллага агентлагууд, Нийгмийн ардчилал залуучуудын холбоотой хамтран "Улаанбаатарын Мөнгөн үдэш" цэнгүүн хийх аж. Сүхбаатарын талбайд болох арга хэмжээнд нийслэлийн зургаан дүүрэг, хэрэгжүүлэгч агентлагууд оролцоно. Энэ сарын 31-ний өдөр нийслэлийн зургаан дүүрэг тус бүр өөрсдийн бэлтгэсэн урлагийн үзүүлбэрээ тусгайлан зассан тайзан дээр үзүүлэхээс гадна 2011 онд хийсэн ажлаа тайлагнах гэнэ. Харин орой он солигдох мөчид Ерөнхий сайд С.Батболд Сүхбаатарын талбайгаас ард иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Түүнчлэн арга хэмжээнд урлагийн байгууллагууд, хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх нь ээ. Харин он солигдох мөчид иргэд стандартын шаардлага хангаагүй салют буудуулснаас гэмтэж, бэртэх тохиолдол өмнө нь гарч байсан. Тэгвэл энэ жил дээрх байдлаас сэргийлж, Сүхбаатарын талбайд иргэд хувиараа салют буудуулахыг хориглоод байгаа юм байна. Үүнд цагдаа, онцгой байдлын алба хаагчид хяналт тавьж ажиллах гэнэ. Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагчдын зүгээс энэ жил албан ёсоор салют буудуулах ёслолыг хийнэ. Тэдний хэлж буйгаар урьд өмнө байгаагүй урт хугацаанд салют буудуулах аж. Мөн иргэдэд халуун цай, кофе болон хөнгөн зуушаар үйлчлэх үйлчилгээний цэгийг Сүхбаатарын талбайд ажиллуулахаар болжээ.
Г.Даша