Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ой ирэх нэгдүгээр сарын 13-нд тохионо. Энэ Үндсэн хууль Монгол Улсыг нийгмийн шинэ тогтолцоонд шилжүүлж, цоо шинэ харилцаа үүсгэхэд гол үүрэг гүйцэтгэж, ардчиллын гол ололт, ноён оргил хэмээн нэрлэгдсэн юм.
Үндсэн хуулиар тогтоогдсон цоо шинэ институтын нэг нь Үндсэн хуулийн Цэц юм. Өдгөө Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр л оршино хэмээдэг. Харин Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад хөх тэнгэрээс өөр малгайгүй хэмээх Цэцэд өөр олон малгай “өмсгөхөөр” зэхэж байжээ. Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүнд байгуулах санал ч депутатуудаас дийлэнх гарсан байдаг. Тухайн үед Цэцийг байгуулах талаар Ардын Их Хурлын депутатууд юу хэлэлцэж байсныг архивын материалд тулгуурлан авч үзье. Хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуулийг Их цааз хэмээн түр нэрлэж байсан юм.
Д.Тангад /297-р тойргийн депутат/:
-Их цаазын Цэцийг Дээд шүүхээр гүйцэтгүүлнэ гэсэн нэг зарчмын санал маань уначихлаа. Тэгэхээр Их цаазын Цэц бол байх нь гарцаагүй байна. Хуучин бол Их цаазын цэц гэж байгаагүй. Их цаазын цэцийн үүргийг улс орны улс төр, эдийн засгийн амьдралыг удирдаж байсан МАХН-ын улс төрийн товчоо гүйцэтгэж байсан шүү дээ
Тэгэхээр одоо тийм юм байхгүй, олон намын систем тогтолцоотой болсон. Их засаг хуулийнхаа хяналтыг заавал нэг байгууллагаар гүйцэтгүүлэх хэрэгтэй болно. Тэр нь энэ цэц юм. Цэцэд олон хүн байх нь үнэхээр их зардал шаардагдаж болох юм. Тийм учраас дараа энэ бусад зүйлүүдийг ярих үед тоог нь харж үзэж болно. Би бодоход 5-6 хүнтэй байхад л болох байх гэж бодож байна.
Нөгөө нэг асуудал нь бол зайлшгүй Их цаазын цэцийг орон тооны байлгахгүй бол орон тооны бус болохоороо ямар нэгэн ажил хийж байгаа хүнд хавсаргавал тэр нь Засгийн газар ч ажилладаг хүн байж болох юм. Парламентад ажилладаг хүн ч байж болох юм. Шүүх, прокурорын байгууллагад ч ажилладаг хүн байж болох юм. Тэгэхээр хавсарч хийж байгаа хүн гэдэг нөгөө эрхэлж байгаа ажлын ашиг сонирхолд хөтлөгдөх нэг тал байдаг. Ийм учраас заавал орон тооны байх нь шаардлагатай юм уу гэж би ингэж боддог.
Ийм учраас дараагийн санал хураалтандаа Их цаазын цэцийг шүүх тогтолцоон дотор Дээд шүүхтэй зэрэгцүүлж байлгах уу. Аль эсвэл урагш нь УИХ гэдэг нэгдүгээр хэсэгт аваачиж байлгах уу гэдэг талаар анхаарч санал хураалгаж өгнө үү гэж хүсч байна.
Ж.Уртнасан /АИХ-ын дарга/:
-Их цаазын цэц Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүнд байж болохгүй. Энэ бол бие даасан, хараат биш байдалтай байх ёстой гэдгээр олон депутат төслөөр санал хурааж өгөөч гэсэн санал гаргаж байна.
Д.Ламжав /39-р тойргийн депутат/ :
-Цэц Дээд шүүхэд байна гэдгээр санал хураасан. Хүмүүс тал талаас нь сэжиглэж ярьж байна. Тийм учраас та дахин шүүмжлэлд өртөхгүйн тулд Үндсэн хуулийн цэц Дээд шүүхэд байна гэж хураалгавал хоёр зовлонгоос зэрэг гарах болно. Тэгэхгүй бол будилж дахиад гомдох хүн зөндөө гарна шүү.
Ж.Уртнасан: -Тийм тэгж хураалгана. Одоо зарчмын зөрөөтэй хоёр дахь саналаар санал хураалт явуулъя. Их цаазын цэц Улсын дээд шүүхийн дотор байна гэдэг томъёоллоор орсон байгаа. Санал хураалт явуулж байна. 122 депутат буюу 38 хувь нь зөвшөөрч байна.
С.Лхагвасүрэн /14-р тойргийн депутат/: -Тэр Их цаазын цэц байхгүй бол Ерөнхийлөгчийн дарангуйлал ч үүсэхээр юм шиг, парламент анархи болохоор ч юм шиг, шүүхийн алдаа завхрал гарахаар юм шиг. Гэтэл дэлхийн ихэнх улс орон бол өнөөдөр Дээд шүүх дотроо энэ Их цаазын, Үндсэн хуулийн хяналтын зөвлөл нь байдаг. Ийм оронд өнөөдөр яахаар алдаа гарахгүй яваад байна вэ. Би үүн дээр шууд эсэргүүцэж байна.
Чин үнэнийг хэлэхэд дэлхийн практикт үзэхэд 4-5 улс оронд л энэ Үндсэн хуулийн цэц тусдаа байгаа. Ерөөсөө энэ Их цаазын цэцийг тусад нь байлгах юм бол ерөөсөө манай улс өнөөгийн бодит байдалд үнэхээр тохирохгүй гэж бодож байна. Яагаад тохирохгүй байна вэ гэхээр Баян-өлгий аймагт хүний эрхийн асуудал зөрчигдсөн байж байгаа тохиолдолд тэр хүн чинь энэ асуудлаар Их цаазын цэцэд өргөдөл бичнэ. Өргөдөл бичсэн нэг хүний асуудлыг Их цаазын цэц авч үзээд парламент буюу Их Хуралд оруулна. Ингээд энэ тойруу замаар яваад байна гэдэг чинь миний хувьд болмооргүй байна.
Хоёрдугаарт, дэлхийн улс орнууд, тухайлбал Их цаазын цэц нь тусдаа байгаа улс орон болох Холбооны Герман, Австри, Итали зэрэг улс орон бол жижигхэн газар нутагтай, хүн ам шигүү суурьшдаг, бичсэн захидал 40 минутын дотор очдог улс орон байж байгаа. Гэтэл Монголд улс орны хэмжээнд бүх хүн Үндсэн хуулийн хэмжээнд хяналт тавиад байна гэдэг асуудал манай газар нутгийн хувьд ч тохирохгүй байна. Яагаад гэвэл Үндсэн хуулийн өмнө хүн бүхэн адил тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл яаж байна вэ гэхээр нэг хэсэгт нь хяналт тавьдаг, нөгөө хэсэгт нь тавьдаггүй. Тавхан субъектэд тавьдаг гэсэн шүү дээ. Тавхан субъектэд тавьж байгаа. Ийм учраас энийг бол дотор нь байлгахгүй бол болохгүй гэж би хэлээд байна.
Хэрэв ингээд гаргачих юм бол Цэцийн гишүүн гэж хуучин Улс төрийн товчоо шиг эрх дархтай есөн хүнийг бий болгоно. Тэд бол зөвлөхийн үүрэг даалгавар биелүүлэхгүй, шүүх засаглал дээр эрх дархтай хүмүүсийг нэмж өгнө гэсэн үг. Энд хэн орох гэж байгаа нь ч өнөөдөр ойлгомжтой байгаа. Тэгэхээр үүнийг ингэж тусад нь байлгаж би болохгүй гэж бодож байна.
С.Баяр /1-р тойргийн депутат/: –Үндсэн хууль манаачтай байх, Үндсэн хуулийн хяналт байх ёстой гэдэг дээр огтхон ч санал зөрөхгүй байгаа юм. Эрхэм гишүүн Ганбаярын оруулж ирж байгаа төслийг би ихэд хүндэлж, ер нь бас их хүч гаргаж, их ухаан зарсанд нь гүнээ хүндэтгэдэг юм. Гэхдээ манай нөхцөлд өнөөгийн байдлаар энэ маань бодит амьдрал дээр батлагдаад хэрэгжихээр чухам юу гарах байх даа гэхээр бас нэлээд бодмоор юмнууд гараад байгаа юм л даа. Өнөөдөр бид хууль цаазат төр улсаа байгуулъя гэж ярьж байгаа. Хууль цаазат төр улс байгуулахад товч хэлбэл гурван үндсэн зүйлээс бүтнэ. Нэгдүгээрт, хууль байх ёстой. Хоёрдугаарт, тэр хууль хэрэгжих механизм байх хэрэгтэй, гуравдугаарт, тэр хуулийн дагуу амьдрал явагдаж байна уу үгүй юу гэдгийг хянах зүйл байх хэрэгтэй.
Ерөнхийлөгчийг дарангуйлагч болгохгүй, парламентыг анархи болгохгүйн үүднээс л Их цаазын цэц үйл ажиллагаагаа явуулж байх учиртай. Тэр талаас нь бодоод үзэх юм бол энэ есөн хүн байх ёстой. Ер нь Их цаазын цэц гэдэг маань Дээд шүүхтэйгээ хутгалдаж болохгүй зүйл юм.
Эрхэм гишүүн Ганбаярын оруулж байгаа төсөл нь үнэхээр хүндэлж үзмээр төсөл. Гагцхүү манай өнөөгийн нөхцөлд таарахгүй, эцсийн дүндээ Их цааз маань манаачгүй болчих юм болов уу даа гэсэн болгоомжлол надад байдаг юм. Баярлалаа.
Д.Жагварал /104-р тойргийн депутат/:
-Их цаазын цэц гэж орох байсан юм уу, Үндсэн хуулийн шүүх гэж орох байсан юм уу тэр нэрийг нь асуусан бол өөр хэрэг юм. Хэрвээ үнэхээр Дээд шүүхэд энэ Их цаазын цэцийг байна гээд шийдчихсэн бол дэгээ зөрччихжээ. Энэ чинь нөгөө журам журмаараа явалгүй бүр хойшоо давхиад тэр 50 руу оруулаад ярьчихсан бол энэ санал хураалт хүчингүй болж гэж би бодож байна. Ингээд эцэст нь хэлэхэд хурлын даргаа тэр нэг цай уух юм уу завсарлах гэж байхад ийм их эгзэгтэй асуудлаар битгий санал хураалгаж байгаачээ гэдгийг нэг депутат одоогоос 2, 3 хоногийн өмнө хэлсэн. Тэрийг нэг бодож байгаад бүр яг тэр үедээ нарийн юмыг хураалгамааргүй байна. Үнэхээр ядарцгаагаад байгаа бол маргааш сайхан амармаар байна. Энийг депутатууд болоод Хурлын дарга, нөгөө манай цэцийн дарга Ламжав гуай нэг бодоочээ л гэж хүсэх гэсэн юм.
Р.Барсболд /3-р тойргийн депутат/:
-Юуны түрүүн би цэцийн талаар ярих гэсэн юм. Манайд бол дарангуйллын цаг үед хуульчид байсан. Хуулийг бүдүүлгээр завхруулж байсан байна. Тэгэхдээ хуульчид би хууль, эрх зүй хоёр нь байдаггүй ийм тал байдаг юм байна шүү дээ. Шүүхийн дээд байгууллага ч, дээд хэмжээнд ч гэсэн, дээд түвшинд ч гэсэн байж л байсан байна. Захиргаадалтын цаг үед бол хуулиар энэ тогтолцоог баталгаажуулахаар багагүй оролдож ер нь ч зарим талаар ихээхэн амжилтад хүрч байсныг бид мартаагүй л байгаа. Ингээд ирэхдээ хууль хяналт гэдэг бол айхтар чухал юм байна. Манай улс орон хэвийн бус хөгжилтэй явж байна,одоо бол. Энэ хугацаа бас тийм богинохон хугацаанд дуусчихгүй нэлээн үеийг хамарсан байж магадгүй юмаа харамсалтай нь. Ийм цаг үед бол хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг Үндсэн хуулийг завхруулах хумих боломж маш өргөн тавигдана. Ингээд ирэхдээ цэц гэж нэрлэнэ үү, өөрөөр нэрлэнэ үү ямар ч байсан Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлж ч байх, хүчтэйхэн хэрэгжүүлж байх байгууллага тусдаа байх нь зүйтэй байхаа. Тийм учраас Үндсэн хуулийн дагуу энэ саналыг дахин хурааж өгөөчээ гэсэн ийм хүсэлт байна.
Э.Алтангэрэл /28-р тойргийн депутат/ -Би цөөнхийг төлөөлж үг хэлэх гэж байна. Европын орнуудад Үндсэн хуулийн шүүх ажиллаж эхлээд 40, 50-иад жил болж байна. Одоо ажилгүй болчихож байгаа юм шиг ярьж байгаа юм л даа. Саяхан бид олон улсын парламентын гишүүдийн семинарт оролцож байхад үнэндээ одоо зөвхөн Холбооны Герман улсаар тайлбарлахад Үндсэн хуулийн шүүхээс мөрдөж байгаа, хянаж байгаа гол хэргүүд нь 4000 гаруй хэрэг цуглараад байна гэж Дээд шүүхийнхэн дарга нь ирж лекц уншиж байсан. Энэ нь Үндсэн хуулийн шүүх ямар их ажилтай байдгийг харуулах нэг бодит жишээ гэж ойлгож байна.
Д.Жанцан /273-р тойргийн депутат/ -Үндсэн хуулийн шүүх Дээд шүүхийнхээ бүрэлдэхүүнд яагаад байж болдоггүй юм бэ гэдэг асуудлаар би хэд хэдэн үндэслэл хэлье гэж бодож байна.
Энэ Үндсэн хуулийн шүүхийн үндсэн шинж юу байх вэ гэдгийн талаар энэ хууль цаазын шинжлэх ухаанд олон улсын онолын түвшинд тогтчихсон хэдэн элементүүд байгаа юм. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн шүүх бол эрүүгийн шүүн таслах ажиллагаатай хоорондоо хутгалдаж байхгүй, биеэ дааж байх ёстой гэсэн нэг ийм шинж байна.
Хэрвээ энгийн шүүн таслах ажиллагаатай Үндсэн хуулийн үйл ажиллагаа хутгалдах тохиолдолд тухайн улсын шүүх нь шүүхийн дээд байгууллага биш засаглалын дээд байгууллага болоод байгаа ийм нэг асуудал байгаа юм.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн шүүх бол зөвхөн Үндсэн хуулийг зөрчиж байгаа субъектуудын хоорондох маргааныг шийдэх ийм л байгууллага. Энэ утгаараа бол зөвхөн засаглал хоорондын маргааныг л шийдэж байгаа юм. Тэгвэл Улсын дээд шүүх бол нөгөө бие даасан засаглал гэдгийн чинь нэгэн төлөөлөгч. Үнэхээр засаглал хоорондын маргааныг шийддэг юм бол энэ бие даасан засаглал болж байгаа Дээд шүүхийн асуудал, тухайлбал, Дээд шүүх чинь хуулийн тайлбар гаргадаг ийм хууль ёсны том байгууллага. Тэгвэл энэ Үндсэн хуульд нийцэхгүй тайлбар гарчээ гэсэн тохиолдолд хэн энэ асуудлыг шийдэх вэ гэдэг асуудал дээр хоёр дахь үндэслэл болж байгаа юм.
Гуравдугаар үндэслэл нь Үндсэн хуулийн шүүх бол бүх засаглалаасаа хараат бус байна. Аль нэгэн засаглалдаа хамааралгүй байна. Тэгэхээр аль нэгэн засаглалтай бол Үндсэн хуулийн шүүх бол эрх мэдлийг булаацалдахгүй гэсэн ийм онол явж байгаа юм.
Дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн шүүх өөрөө нэгэнт засаглал биш учраас маргааны талаар бүх тохиолдолд заавал эцсийн шийдвэр гаргах албагүй гэж. Ийм нэг томъёолол бол олон улсын хэмжээнд явж байгаа юм. Энэ энэ байдлаас аваад үзэх юм бол Үндсэн хуулийн шүүхийг зөвхөн биеэ дааж байгуулах нь тухайн улсын Үндсэн хуулийг жинхэнэ хууль ёсны явуулах баталгаа нь болж байгаа юм. Үндсэн хуулийн шүүх гэдгийн үндсэн шинж бол Үндсэн хуулийг зөрчихгүй байхын баталгаа юм. Тэгвэл энэ хуулийг дээдэлдэг ийм нийгэм байгуулъя гэвэл түүнийгээ манах баталгаатай болгох ёстой гэж би ингэж үзэж байна.
Ц.Товуусүрэн /УБХ-ын гишүүн/:
-Үндсэн хуулийн хяналтыг гурван янзаар хэрэгжүүлдэг практик байх шиг байгаа юм. Энд бол Үндсэн хуулийн шүүх, Үндсэн хуулийн хяналтын зөвлөл, Дээд шүүх гэсэн. Тэгэхээр бид өнөөдөр бол Дээд шүүх гэсэн юмыг сонгоод авчихлаа. Энэн дээр хэд гурван зүйлийг хэлье гэж бодсон юм.
Үндсэн хуулийн хяналт бол засаглалынхаа гурван өндөрлөгт ижилхэн хэмжээний хяналт тавих ёстой. Тэгвэл энэ чанараараа аваад үзэх юм бол энэ гурвын алинаас ч хамаарахгүй байх ёстой гэж би дотроо бодож байгаа юм. Гэтэл Дээд шүүхэд орчихоор энэ бол ямар нэгэн хэмжээгээр хамааралтай болоод Дээд шүүхийн эрх бусад засаглалынхаа хоёр, өөрөөр хэлбэл гүйцэтгэх, хууль тогтоохоосоо их өндөр эрхтэй болж харагдаж байгаа юм.
Их засаг хуулийн өмнө хэлэлцэж тохирсон тогтолцоо ямар болсноо нэг эргэж санавал ямар вэ гэж бодож байна. Энд бид харьцангуй эрхтэй Ерөнхийлөгчтэй, Парламентын засаглалтай улс байхаар урьд хуулийн бүх зүйлүүдийг хэлэлцэж үндсэндээ тохиролцсон. Энд бол харьцуулаад үзэх юм бол Францын тогтолцоотой нэлээн төстэй гэж хэлж болох юм. Тэгвэл Америкийн Ерөнхийлөгчийн Засаглалтай ийм тогтолцоонд хэрэглэдэг Дээд шүүхийн хэлбэрийг Үндсэн хуулийн хэлбэрээр Үндсэн хуулийн хяналтыг тогтоохоор шийдлээ бид. Тэгэхээр энэ бол механик холбоо болно гэж би дотроо бодож байгаа юм.
Үндсэн хуулийн шүүх Дээд шүүхдээ орсон АНУ-д бол энэ өндөр тушаалтны энпичментийн асуудлыг Парламентынхаа нэг танхим нь шийддэг гэж би одоо түрүүн тайлбар сонсч байсан. Ухаан нь нэг танхимдаа хариуцаж байдаг гэж сонсч байсан. Тэгвэл манайд нэг шаттай парламенттай байхаар бид тохирсон. Нэг шаттай Парламент Хууль зүйн байнгын хороонд нь шилжүүлнэ гэсэн ийм асуудал байх шиг байна. Энэ бол үнэн хэрэгтээ хэрэгжүүлэх боломжгүй зүйлээ гэж бодож байна.
Ж.Бямбажав: /УБХ-ын гишүүн/: – Цэц гэдэг маань Үндсэн хуулийн маргааныг тодорхой нөхцөлд шийдвэрлэх учраас энэ бол шүүх. Тэр ч утгаараа өнөөдөр энэ шүүхийн тогтолцоо гэдэг дотор шүүх нэргүй ч гэсэн цэцийг шүүх дотор нь оруулж өгсөн. Ингээд яагаад Дээд шүүхэд оруулж өгч болдоггүй юм бэ. Үүн дээр би хэдэн зүйлийн юм хэлье.
Үндсэн хууль маань Дээд шүүх дотор орох юм бол Дээд шүүх маань ер нь хуулиудаараа асуудал шийдвэрлэдэг ийм шүүх. Тэгэхээр Үндсэн хуулийнхаа шүүхийг энэ салбар хуулиудын шүүхийн зиндаанд, нэг зиндаанд тавих уу үгүй юу гэдэг асуудал байгаа юм.
Хоёрдугаарт, хэрвээ Дээд шүүхэд Үндсэн хуулийн цэц маань очих юм бол Дээд шүүхийн дарга гэж одоо эрүү, иргэний шүүх даргалж байгаа тэр дарга Үндсэн хуулийн цэцийн дарга болно. Ингэснээрээ дүгнэлт гаргаад одоо Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн эмпичментийн асуудал дээр дүгнэлт гаргаад гэм буруутай гэж нэг удаа шийдсэн тэр дүгнэлтээ дараа нь ердийн иргэний журмаараа эрүү, иргэний шүүхээрээ ингээд ороод ирэхээр хоёр дахиа тэр хүн шийдвэрлэх болно. Ийм учраас энд зөрчил гарна гэж үзэж байгаа.
Гуравдугаарт, Дээд шүүх маань өөрөө хууль хэрэглэгчийн хувьд аливаа маргааны нэг тал болно. Би нэг жишээ хэлье л дээ. Нэгдүгээрт, Дээд шүүх бол хуулиуд дээр тайлбар гаргана. Энэ маань Үндсэн хуультайгаа зөрчилдсөн байвал энэ хоёрын Үндсэн хуультай зөрчилдсөн гэж маргаж байгаа Парламентын маргаан. Үндсэн хуулиа зөрчөөгүй тайлбар гаргасан гэж байгаа Дээд шүүхийн маргааныг хэн шийдвэрлэх вэ?
Хоёрдугаарт, Их засаг хуультай зөрчилдсөн хуулийг хэрвээ Парламент гаргасан тохиолдолд Дээд шүүх ингэж зөрчигдсөн гэж үзвэл /шүүхийн аль ч байгууллага/ энэ хууль маань Их засаг хуультай зөрчилдөж байгаа учраас бид хэрэглэхгүй гэж зарлах ёстой. Энийг бид хуульчдын хоёр төсөлд хоёуланд нь хийж өгсөн байгаа. Ийм тохиолдолд Парламент “бид хууль зөрчөөгүй” хууль гаргасан. Их засгийг зөрчөөгүй. Шүүх маань бас Их засгийг зөрчсөн хууль гарсан гэж маргаж байгаа тохиолдолд бас нэг маргааны тал болно.
Гуравдугаарт, Дээд шүүх, шүүхийн дарга маань ямар нэг тохиолдолд Их засаг хуулийг зөрчсөн,ийм бодлого явагдаж байна гэдэг ийм маргааныг иргэдээс, бусад байгууллагаас гаргаж болно. Энэ тохиолдолд мөн маргааны нэг тал болж байгаа. Ийм учраас шүүх, Дээд шүүх дотроо хэрэв Их цаазын цэц орох юм бол энэ тохиолдлуудад зөрчил гарч шууд маргааны нэг тал өөрийнхөө асуудлыг шийдвэрлэх болно гэж үзэж байгаа.
Дөрөвдүгээрт, эмпичментийн асуудал байгаа. Бид түрүүчийн баталсан, тохирсон зүйлүүд дээр бол Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийг шууд барьж аваад мөрдөн байцаалт явуулаад ердийн иргэнтэй адилтгаж үзэж болохгүй гэдгээ хийсэн. Энэ юутай холбоотой вэ гэхээр зарим нөхдүүд хүний эрхтэй холбож ярьж байна. Тэгэхээр энэ тохиолдолд хүний эрх, тусгай эрх хоёр тухайн хүн дээр давхар байгаа.
Тавдугаарт, миний нэг хэлэх юм бол Үндсэн хуулийн энэ шүүх болж байгаа цэцийг би зөвхөн хуульчдаас бүтэх ёстой гэж ерөөсөө боддоггүй. Яагаад гэхээр Үндсэн хууль гэдэг маань нийгмийн бүх амьдралыг хамарсан өргөн хүрээний асуудал шийддэг учраас хуульчаас гадна улс төрч, эдийн засагч байх шаардлага гарч болно.Хэрэв Дээд шүүхэд байх юм бол тэнд шүүн таслах эрхтэй шүүгчид ажиллах ёстой.
Улс төрийн товчоо болно, орон тооны байх хэцүү гэдэг асуудлууд яригдаж байгаа. Улс төрийн товчоо болохгүй гэдгийг би ямар зүйлээр батлах вэ гэхээр энэ бол тийм нийтлэг асуудал шийдвэрлэгдэхгүй, аж ахуйн асуудал шийдвэрлэхгүй, зөвхөн Үндсэн хууль зөрчигдөж үү үгүй юу гэдэг дээр дүгнэлт гаргаж байгаа учраас энэн дээр ямар ч дүгнэлт гарлаа гэсэн тэр улсуудад өөрт нь ашигтайгаар шийдвэрлэх боломж байхгүй.
Орон тооны хувьд хэрвээ шаардлагатай гэж үзвэл Дээд шүүхэд байсан ч тусгайдаа орон тоо эдлэх болно. Дээд шүүхийнхээ гадна ч байсан тусгай орон тоо эдлэх болно. Миний санал бол өнөөдрийн хямралтай байгаа, хоёрдугаарт, энэ олон хууль зэрэг гарч байгаа нөхцөлд бол орон тооны байх болов уу. Цаашдаа хэрэв хуулиуд гараад цэгцрээд амьдрал жигдэрсэн нөхцөлд шаардлагагүй гэж үзвэл энийг орон тооны бус болгож болно. Тийм ч учраас хуулийн төсөл дотор орон тооны, орон тооны бус гэдгийг зааж өгөөгүй, тусгайлан шийдэхээр ингэж орхисон байгаа.
Л.Цог /13-р тойргийн депутат/: -Шүүх гэнэ үү, цэц гэнэ үү, магадгүй бүр болиод Дээд шүүх гэж нэрлэнэ үү. Энэ бол Парламентын гаргасан хууль бус шийдвэрийн дагуу өөрт нь дүгнэлт өгнө гэсэн тийм шат бид нар хийсэн байгаа. Хэрэв ингэхгүй, парламентдаа мэдэгдэхгүй битүү, хатуу хүчингүй болгоод байх юм бол Парламентын дээр Парламент болно гэсэн ойлголт байсан юм. Тийм учраас ёсоо ч гэсэн дагаад хууль тогтоох төрийн эрх барих дээд байгууллагадаа таны гаргасан хууль чинь ингээд Үндсэн хуулиа зөрчжээ гэсэн дүгнэлтээ явуулъя. Тэгээд тэр хэрэгсэхгүй байвал өөрөө эцсийн болгож хүчингүй болгоё. Шүүхийн шийдвэрийг гарцаагүй мөрдөнө гэсэн энэ утгаараа шүүх болгоно гэж бид томъёолсон байгаа. Энэ бол би түрүүн хэлэх гээд мартсан зүйл. Энээс болж шүүхийн мөн чанар алдагдахгүй гэжээ.
Ийнхүү Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүдз мэтгэлцсээр өнөөдрийн хараат бус, дээрээ зөвхөн хөх тэнгэртэй Үндсэн хуулийн Цэцийг байгуулан Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн байдаг.
Харин Үндсэн хуулийн манаач болсон Цэц даргагүй хагас жилийг өнгөрөөж буй нь 20 жилийн настай Үндсэн хууль, түүний манач Цэц улстөрчдийн сонирхлын механизм болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа юм.