Хуучирсан мэдээ: 2011.12.31-нд нийтлэгдсэн

Хайраар амилах өвөө


Энэ “гайхамшигт” бүтээл бол миний хүүгийн өвлийн өвөөд илгээсэн захидал. Хэд хоногийн өмнө тэр надад дөрвөлжлөн нугалсан нэгэн цаас өгсөн билээ. Булан дээр нь “Өвлийн өвөөд” гээд биччихэж. Өөрийнхөө нэрийг бас тавихаа мартсангүй. Мэдээж эгч нь бичиж өгсөн. “Эмээ сүү уув” гэх зэрэг “том” өгүүлбэрүүдийг түүртэж ядан үсэглэж эхэлсэн шинэхэн сурагч хүүд маань иймэрхүү зүйлийг бичих “өндөр боловсрол” одоохондоо байхгүй. Өвлийн өвөөгөөс авахыг хүссэн бэлгээ амарчлаад тэр зурчихаж. Харин өвөөг будилж мэднэ гээд дор бүрт нь тайлбар бичүүлчихсэн нь энэ.


-Ээж ээ, та захиа явуулдаг газар хаана байдгийг мэдэх үү?


-Мэднэ. Яах гэсэн юм, миний хүү?


-Та энэ захиаг явуулчихаарай. Би өвлийн өвөөд бичсэн юм.


Цэцэрлэгт байхдаа хүү маань шинэ жил бүрээр өвлийн өвөөд ийм зурган захидал бичдэг байлаа. Мэдээж тэр захиаг багш нь өвөөд биш ээж, аавуудад нь сэмхэн тараана. Шинэхэн орсон цасан ширхэг шиг цав цагаахан, гялалзсан гэрэлтэй мөрөөдлийг биелүүлэх гэж томчууд ийнхүү “амьд жүжиг” тоглоно. Харин энэ жүжгийн найруулагч нь хайр билээ. Бэлэг хүлээх бяцхан зүрхнүүдийг хайраар хөглөх гэж бид энэ жүжигт аз жаргалтайяа тоглодог.


Английн зүүн хэсэгт орших Сомерфорд Кэйнес тосгоны зургаан настай Лео Парк хүү хөлслөн суудаг байшингийнхаа эзэнд захидал бичжээ. Санта өвөөд захидал явуулсан хүү нэг зүйлд санаа зовоод тэсэлгүй энэ захидлыг бичсэн байна. “Ноён Пакстон манай гэрийн яндан Санта өвөө орж ирэхэд дэндүү нарийхан. Тэр надад бэлэг хүргэхээр ирэхдээ янданд гацчихвий гэж айгаад байна. Надад туслаач” хэмээсэн захидал авсан байрны эзэн хүүг баярлуулахаар шийдэж,түүний хүслээр янданг нь өргөсгөж өгчээ. Лео “Энэ бол миний амьдралын хамгийн сайхан өдөр” гэж хашгирсан гэнэ. Харин энэ нь Сантад зориулсан дэлхийн хамгийн анхны “тусгай” яндан болсон билээ. Хүүг өхөөрдсөн сэтгэлийн их хайрын хүчээр Санта тэдний яндангаар торох юмгүй орж ирэн бэлгээ өгчихөөд явсан байж таарна. Бэлгээ авсан хүү баярлаж, хөөрсөн байж таарна.


Маргааш шинэ оны анхны өдөр. Хүү маань өглөө сэрмэгцээ өвлийн өвөөгийн үлдээсэн бэлгийг олж харна. Аав,ээж хоёр нь өчигдөр тоглоомын дэлгүүрээс хүүгийнхээ зурсан баатруудыг худалдаж авснаа тас нуун гайхан уулга алдаж жүжиглэнэ. Өвлийн өвөө яагаад заавал шөнө ирж бэлгээ үлдээдгийг гайхаж явсан эгч нь одоо өөрөө “хууралцан” жүжигт оролцоно.



Шинэ жилээр авдаг хамгийн гоё бэлгийг би хайр гэж боддог. Гоё гоё ууттай, гоё гоё туузтай бөөн бөөн хайрыг бид бие биедээ бэлэглэдэг гэж боддог. Ах маань миний хүүд маш гоё бэтмэн бэлгэнд авсан гэсэн. Яагаад гэвэл би түүнд хүүгийнхээ супер захиаг сонин болгоод үзүүлчихсэн юм чинь. Харин ахынхаа хоёр охинд би хувцас, гутал сольж өмсгөдөг хөөрхөн барби бэлэглэнэ. Барбинд ид “дурладаг” дээрээ яваа хоёр хөөрхөн гүнжид өөрсөд шиг нь өхөөрдөм хүүхэлдэй өгөхсөн гэхээс тэсэн ядаж байна. Нүдээ том болгоод, инээд алдан баярлана даа.



Бэлгээ хүлээн догдлох бяцхан үрс маань том болоод өөрсдийнхөө хүүхдэд бэлэг бэлдэнэ. Бас л өвлийн өвөөгийн дүрд тоглон тоглоомын дэлгүүр хэснэ. Тэгэхэд бид эмээ, өвөө болсон байна. Хуанлийн хуудас намрын навчис элэгдэн унах мэт нэг нэгээр хорогдон, он цаг улирсаар. Гэсэн ч жавартай өвөл буга хөлөглөн ирдэг өвөө, жиндүү өдрийг ч халуухан болгох шидтэй бидний хайр хоёр хэзээ ч элэгдэхгүй. Өвөө өвөөгөөрөө, хайр хайраараа шинэ жилийн жүжгээ ертөнцийн багачуудад зориулан тоглосоор байх болно. ХАЙР хэмээх гайхамшигт түлхүүрээр сэтгэлээ хөглөсөн хүн бүрт ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!



Б.ЦАЦРАЛ


ArtLar House


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж