Гашуудлын цуглаанд 100 мянган хүн оролцов

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Гашуудлын цуглаанд 100 мянган хүн оролцов

Хойд Солонгосын лидер Ким Чен Ирийг оршуулсны дараагийн өдөр Пхеньян хотын төв талбайд дурсгалын гашуудлын цуглаан болж, 100 мянган хүн оролцлоо.

Ким Ир Сений талбай нь Тэдонган голын эрэгт Ард түмний сургалтын ордон гэх асар том байшингийн өмнө байрладаг. Ордны доод эгнээнд индэртэй юм. Энэ индэрт Ким Чен Ирийн бага хүү Ким Чен Ун бусад удирдагч нарын хамт зогсч байгааг Хойд Солонгосын телевиз дамжуулав.

Одоо 28 хүрч яваа Ким Чен Ун хар пальтотой байв. Түүний зэрэгцээ Хөдөлмөрийн намын орлогч дарга Ли Ен Хо, Ардын армийн сайд Ким Ен Чхун нарын удирдлага зогсон байв. Цуглаан дээр Ардын дээд хурлын зөвлөлийн дарга Ким Ен Нам үг хэлж, Ким Чен Ирийн улс, үндэснийхээ өмнө байгуулсан гавъяаг нь үнэлэв. Мөн тэрбээр Солонгосын ард түмэнд хувьсгалыг үргэлжлүүлэгч, “өөрийн эцгийн эрмэлзлэл, удирдлага, санааг бүрэн авсан  Ким Чен Ун байна” хэмээн хэлэв.

Ким Ен Намын хэлснээр Ким Чен Ун “удирдлагын төв” болсон учраас цэргийн бүх албан хаагчид, ард түмэн түүнийг тойрон хүрээлэх ёстой гэнэ. Пхеньян болон бусад хотуудад болсон гашуудлын цуглааны дараа ёслолын буудлага хийв. Орон нутгийн цагаар үд дунд хөлөг онгоцнууд ба галт тэрэгнүүдийн дохио зэрэг дуугарчээ.  Хүмүүс бүгд толгой мэхийн гурван минут чимээгүй зогсов. Гашуудлын цуглаан дээр бага Ким үг хэлсэнгүй.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж