Дуурийн театрын оны онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Дуурийн театрын оны онцлох үйл явдал

Улирч буй 2011 онд Улсын, дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид уран бүтээлийн ургац арвин байж, амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрлөө. 2011 оны Улсын, дуурь бүжгийн эрдмийн театрын оны онцлох үйл явдлыг нэрлэж байна.

1.    Италийн дуучин Монголд

Италийн нэрт удирдаач Роберто Салвалио, Италийн нэртэй дуурийн дуучин болох Париде Пандолфотой хамт өнгөрсөн нэгдүгээр сард Монголд ирсэн. Тэрбээр Ж.Пуччини “Тоска” дуурийн Гүн Скарпьягийн дүрд тоглосон. Италийн дуурийн дуучин Париде Пандолфо нь баритон хоолойтой бөгөөд Мария Малибраний академийг дуурийн дуучнаар төгсчээ. Париде нь үндэсний болон олон улсын G.B.Velluti, Glacomo Lauri Volpi нарын конкурст тус тус амжилттай оролцож байжээ. Мөн Ж.Роисиний “Севилийн үсчин” дуурийн Фигаро, Дж.Вердийн “Травиата” дуурийн Жермон, Дж.Пуччинийн “Богема” дуурийн Марчеллогийн дүрүүдээрээ алдартай аж.

2.    “Тунгалаг тамир” мюзикл анх удаа

Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романаас сэдэвлэн Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсны мэндэлсний 60 насны ойг тохиолдуулан “Тунгалаг тамир” мюзиклийг анх удаа тайзнаа амилууллаа. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид, театрын шилдэг тенор, Гавьяат жүжигчин Д.Ганхуягын найруулгаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд анх удаа тайзнаа тоглож, үзэгчдийн хүртээл болсон “Тунгалаг тамир” мюзиклд театрын найрал дуучид тоглосноороо онцлог байв.
 
3.    Театрынхан Дархан-Уул аймгийг зорив

Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн хүрээнд “Дархан Их Урлаг” наадмыг амжилттай зохион байгуулсан. Наадмын хүрээнд Монголын соёл урлагийн байгууллагууд Дархан-Уул аймагт айлчлан тоглолт хийж, Дарханы үзэгчдийг баярлуулсан. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид  өнгөрсөн гуравдугаар сарын 5, 6-нд Дархан-Уул аймгийн үзэгчдэд тоглолтоо сонирхуулсан.  Театрынхан 150 хүний бүрэлдэхүүнтэй Дархан-Уул аймгийг зорьж,  Б.Дамдинсүрэн, Б.Смирновын “Учиртай гурван толгой” дуурь, Э.Чойдог “Чойжид дагина” балет, П.И.Чайковскийн “Хунт нуур” балет болон уран бүтээлдчийн нэгдсэн гала тоглолтоор дарханчуудыг гайхашруулав.

4.    Америк удирдаач Монголд зочлов

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хүндэт зочин АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, хөгжим судлаач, удирдаач Jindong Cai өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд Монголд ирлээ. Тэрбээр ирсэн даруйдаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театртай танилцаж, хамтран ажиллах симфони найрал хөгжимчид, уран бүтээлчидтэй анх удаа танилцаж байв.   Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд Ж.Бизэ “Кармен” дуурь, 27-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг удирдаж, сонгодог урлагт элэгтэй үзэгчдийг баярлуулсан.

5.    “Ламбугайн нулимс” дуурь 25 жилийн дараа шинэчлэгдэв

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид театрынхаа төрсөн өдрөөр өнгөрсөн тавдугаар сарын 14-нд Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг шинэчилж тавив. “Ламбугайн нулимс” дуурийг 25 жилийн дараа бүх хувцас тайз засалтыг нь шинэчилж тавих юм. “Ламбугайн нулимс” нь Монголын дуурийн урлагт шинэчлэл хувьсгал авчирсан дуурь гэгддэг. Шинэчилсэн “Ламбугайн нулимс” дуурийг найруулагч Л.Эрдэнэбулган найруулсан юм.

6.    Төв Азид анх удаа Ж.Вердийн “Аида” дуурь эгшиглэв

Суут хөгжмийн зохиолч Дж.Вердийн “Аида” дуурийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнгөрсөн зургадугаар сарын 4-нд анх удаа тайзнаа амилуулав. Дэлхийн томоохон театруудын тавихаасаа зүрхшээдэг Ж.Вердийн “Аида” дуурийг УДБЭТ-ынхан тайзнаа амилуулснаар Төв Азид анх удаа “Аида”-г эгшиглүүлсэн түүхэн үйл явдал байв. Дөрвөн бүлэгт долоон үзэгдэл бүхий “Аида” дуурь нь дэлхийн шилдэг дуурийн нэг юм. “Аида” дуурийг анх 1871 оны арванхоёрдугаар 24-нд Дж.Боттезинигийн удирдлагаар Каирт, мөн 1872 оны хоёрдугаар сарын 24-нд Ф.Фаччогийн удирдлагаар Миланы Ла Скала театрт тогложээ. Харин дараа нь 1875 оны арваннэгдүгээр сарын 19-нд Петрбургийн Марийнскийн театрт тоглосон байна.

7.    Олон улсын балетын фестивальтай зургадугаар сар

Өнгөрсөн зургадугаар сард театр олон түүхэн үйл явдал болсны нэг нь олон улсын балетын фестивал анх удаа Монголд болсон явдал байлаа. Дэлхийн шилдэг найман балетчны нэг, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг эх орондоо ирж, “Монголын балетын хөгжил сан”-г санаачлан байгуулж, анхны олон улсын балетын фестивалийг амжилттай зохион байгууллаа. Тэрбээр “Night Of Ballet” олон улсын фестивальд дэлхийн шилдэг  АНУ, Канад, Япон, Куба, Колумби, Англи гээд олон орны балетчныг урьж, үзэгчдийг баясгав.

8.    Э.Амартүвшин мөнгөн медаль хүртэв

Дэлхийн сонгодог урлагийн "олимп" хэмээн нэрлэдэг суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин мөнгөн медаль хүртлээ гэх таатай мэдээ өнгөрсөн зургадугаар сард дуурийн урлагт дуртай үзэгчдийг баярлуулсан. Зургадугаар сарын 14-30-ныг хүртэлх хугацаанд ОХУ-ын Москва, Санкт Петербург хотод болсон тус уралдааны сүүлийн шатанд эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр дөрвөн дуучин тунаж үлдсэний хоёр нь Монголын дуучид болох  Э.Амартүвшин, Ч.Энхтайван нар байсан. Энэхүү нэр хүндтэй уралдааны ялагчийг тодруулахад эрэгтэй дуучдаас БНСУ-ын дуучин Чжонмин Парк түрүүлж, манай Э.Амартүвшин мөнгөн медаль болон Үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн болсныг нь төр засгаас үнэлж Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнасан юм.

9.    Карл Орф “Кармина Бурана”-г эгшиглүүлэв

Карл Орфийн “Кармина бурана”, Р.Шедрин “Кармен Сюита”-г анх удаа өнгөрсөн арваннэгдүгээр сард  Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид эгшиглүүлэв. “Кармина Бурана” нь XIII зуны үеийн уран зохиолын дурсгалт бичгийн хэсгээс сэдэвлэсэн гоцлол дуучид, найрал дуу, найрал хөгжимд зориулсан тайзны кантат юм. Энэхүү бүтээлийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх удирдан тоглуулсан. Харин Ж.Бизегийн алдарт “Кармен” дуурийн хөгжмийг Родион Шедрин дан утсан хөгжим болон цохивор хөгжмийн хамтлагт хөрвүүлэн найруулсан “Кармен Сюита”-г зууны манлай удирдаач Ж.Чулуун агсны хүү Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд профессор Ч.Чинбат Родион Шедрины партитурт заагдсан хөгжимчдийн тоог бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглож сонирхуулав.

10.    “Тэнгэрийн ташуур” балеттай болов

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын шинэ уран бүтээл “Атилла” буюу “Тэнгэрийн ташуур” үндэсний түүхэн балет мэндэллээ.  Энэхүү түүхэн балетын хөгжмийг, бүжиг дэглэлтийг А.Батдэлгэр, цомнолыг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяандагва бичжээ. Хөгжмийн зохиолч, бүжигчин А.Батдэлгэр нь “Тэнгэрийн ташуур” балетыг найруулж байгаа төдийгүй бүжиг дэглэлтийг хийжээ. “Атилла” буюу “Тэнгэрийн ташуур” балетын гол дүрд Аттила хаанд Х.Мөнгөнхөлөг, Ильдикод Г.Батчимэг, Уильдин М.Намсрай, Гания жанжинд А.Өлзий-Орших, Хотын захирагч Э.Эрдэнэжаргал, Хонория гүнж М.Мөнхтуяа нар гоцолж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд тайзнаа амилуулж, ийнхүү Монголын балет нэгээр нэмэгдэв.

11.    В.А.Моцартын 255 жилийн төрсөн өдрийг тэмдэглэв

Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын мэндэлсний 255 жилийн ойг монголчууд тэмдэглэлээ. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид суут хөгжмийн зохиолчийн төрсөн өдөрт зориулан ХБНГУ-ын “Amadeus Kammerochester Dortmund”-ийн захирал, ерөнхий удирдаач ноён Феликс Рейманн болон ерөнхий менежер Жоннас Хоббинг болон гобой хөгжимчин Стефани Дейтз, Кларнет хөгжимчин Фраук Хансен, Валторна хөгжимчин Жан Голебовски нарыг театрын захирал, хатагтай Б.Сэргэлэн урьсан. В.А.Моцартын мэндэлсний 255 жилийн ойд зориулсан гала тоглолтод дээрх хөгжимчид, уран бүтээлчид оролцсон бөгөөд суут хөгжмийн зохиолчын төрсөн өдрийг түүний аялгуут хөгжмүүдтэй хамт тэмдэглэн өнгөрүүлэв. 

12.    “Аида”-г алдарт уртын дуучин мялаав

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Азийн Фукуокагийн соёлын шагналт, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын мэндэлсний 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Соёл урлагийн дээд шагнал гардуулах ёслолыг анх удаа хийлээ. Уртын дууны хатан хаан хэмээгддэг Н.Норовбанзадын охин Б.Дэлгэрмаагийн тэргүүлдэг “Норовбанзад” сангаас санаачлан Монголын соёл урлагийн шилдгийн шилдэг бүтээлд олгох Соёл урлагийн дээд хүндэтгэл “Норовбанзад шагнал”-ыг бий болгосноо албан ёсоор зарлан, энэ сарын 15-нд шилдгүүдээ тодруулж, анхны “Норовбанзад” шагналын Шилдэг уран бүтээлээр шалгарсан УДБЭТ-ын амилуулсан Ж.Вердийн “Аида” дуурь шалгарав. 140 жилийн түүхтэй энэхүү дуурийг анх удаа Монголын тайзнаа эгшиглүүлсэнг нь үнэлж ийнхүү  соёл урлагийг дээд шагнал болох “Норовбанзад” шагналыг олгов.

Театр өнгөрсөн онд ийнхүү амжилт, бүтээлээр дүүрэн байсан. Харин ирэх 2012 онд олон шинэ тоглолтыг тавихаар бэлтгэж байгааг дуулгахад таатай байна. “Аида” дуурийг говь нутагт тоглох, алдарт “Спартак” балетыг тавих гээд л театрынхан хэдийнэ ирэх жилийн хөтөлбөрөө гаргаж, шинэ бүтээлийн бэлтгэлдээ орчихсон байна.

М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж