ХасБанк франчайзингийн онцлох байгууллага болов

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

ХасБанк франчайзингийн онцлох байгууллага болов



ХАСБАНК ФРАНЧАЙЗИНГИЙН САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГААР ТОДОРЛОО

2011 оны 12 сарын 28-нд Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-с Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд болон бизнес эрхлэгчдийг шалгаруулсан “ENTREPRENEUR 2011” шагналд  салбартаа төрөл бүрийн бизнесийн шинэ санал, санаачилгыг бодит үр дүнтэйгээр хэрэгжүүлэгч ХасБанкыг “Франчайзингийн Салбарын Онцлох Entrepreneur” байгууллагаар тодрууллаа.

ХасБанк нь 2003 оноос эхлэн хөдөө орон нутагт тэр дундаа суманд үйл ажиллагаа явуулж байгаа хадгаламж, зээлийн хоршоо болон хоршоо байгуулахаар нэгдээд байгаа иргэдтэй “Хөгжлийн хөтөч” франчайзингийн үйлчилгээгээр хамтран ажиллаж ирсэн. Мөн Банк нь эдгээр хадгаламж, зээлийн хоршоодод сургалт хийх, санхүүгийн үйлчилгээний зөвлөгөө өгөх, гарын авлагаар хангах, санхүүгийн программ хангамжаар хангах, мөн шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн зээл олгох, эргэлтийн хөрөнгийн зээл олгох, ажлын байр барих зээл олгох зэрэг үйлчилгээг үзүүлж ирсэн юм.

Түүнчлэн орон нутагт эдгээр хоршоод байгууллагдсанаар иргэд хоршоогоороо дамжуулан нийгмийн шинжтэй ажлуудыг зохион байгуулж, байгаль орчноо хамгаалахад олон нийтийг уриалах, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

ХасБанк нь өнөөдрийн байдлаар нийт 70 гаран хадгаламж, зээлийн хоршоодтой франчайзингийн гэрээгээр хамтран ажиллаж байгаа бөгөөд тэдгээр хоршоод нь нийт 12,000 гаран иргэдийн гишүүнээр элсүүлэн үйл ажиллагаагаа явуулж байгаагийн гуравны нэг нь хөдөө аж ахуй эрхлэгчид байгаа юм. Эдгээр хоршоодын дунд гишүүдийнхээ тоог 1,200-д хүргэж, нийт 500 сая төгрөгийн активтай, өөрсдийн гэсэн ажлын байртай, гүйцэтгэх албандаа 5 хүнийг тогтмол ажлын байртай болгож сумын банкны байгууллагын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа хоршоод цөөнгүй байгаа нь ХасБанк нь франчайзингийн үйлчилгээндээ ихээхэн анхаарал хандуулж ажилладагын тод жишээ юм.

ТӨГСӨВ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж