“Шунхлай” боловсролын салбарт хөрөнгө оруулав

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

“Шунхлай” боловсролын салбарт хөрөнгө оруулав

ШУТИС-ын Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулийн захирал Б.Сайнжаргалтай ярилцлаа.

Б.Сайнжаргал: “Шунхлай групп” боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийлээ

“Шунхлай групп” ХХК Өвөрхангай аймгийн Технологийн сургуулийг дэмжиж хамтран ажиллаж байна

-ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь салбар Технологийн сургууль “Шунхлай” групптэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ талаар тодруулна уу?
 

-Бид  2010 онд Монголын Мянганы сорилын сангийн “Ажил олгогч ба сургалтын байгууллагын хамтын ажиллагааг дэмжих төсөл”-ийн шалгаруулалтад оролцсон. Энэ төслийн гол шалгуурын дагуу томоохон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага гарсан юм. Ингээд төслийг боловсруулах ажлынхаа хүрээнд бид УИХ-ын дэд дарга Г.Батхүүд албан ёсоор хүсэлтээ илгээсэн. Бидний хүсэлтийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү хүлээн аваад “Шунхлай групп” ХХК-ийн ерөнхий захиралд албан ёсоор хандаж хамтран ажиллах хүсэлт  хүргүүлсэн нь бидний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах үндсэн нөхцөлийг бүрдүүлж өглөө.

-Хамтран ажиллах гэрээний хүрээнд оюутнуудыг ажлын байранд дадлагажуулах асуудал туссан байна. Мэдлэгийг дадлага туршлагатай хослуулах энэхүү сургалтын давуу тал нь юу вэ?

-Монгол Улс Мэргэжлийн боловсролын салбарт чадамжид суурилсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлснээс хойш багагүй ажлуудыг хэрэгжүүллээ. Ийм сургалтын тогтолцооны гол тулгуур үзэл санаа нь тухайн ажлын байран дээр ямар чадамж, чадвартай ажилтан шаардлагатай байна вэ гэдгээс шалтгаалж сургалтыг зохион байгуулахад оршдог.  Энэ утгаараа багш нарыг үйлдвэр дээр мэргэжил дээшлүүлэх, суралцагчдыг ажлын байранд дадлагажуулах, тэр дундаа томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах нь ажил олгогчдын шаардлагыг хангасан өндөр чадамжтай ажилтан бэлтгэхэд маш чухал ач холбогдолтой. Гэрээнд заасны дагуу жилд гурван багш, 20 оюутныг дадлагажуулах мөн дээр дурдсан Мянганы сорилын сангийн Ажил олгогч ба сургалтын байгууллагын хамтын ажиллагааг дэмжих төсөлд шалгарсан манай “Үнээний ферм” төслийн санхүүжилтэд 15 сая төгрөгийг “Шунхлай групп”  олгохоор шийдвэрлэсэнд бид бүхэн баяртай байна.  

-Оюутнуудын сурах орчныг сайжруулах, технологийн шинэчлэл хийх, сургалтын бааз байгуулах зэрэгт дэмжлэг үзүүлснээр сургуулиа төгссөний дараа ажлын байранд гологдохгүй мэргэжилтэн болоход тустай. Тэгэхээр энэ хамтын ажиллагаа орон нутагт ажлын байр бий болгоход ямар нөлөө үзүүлэх вэ?

-Сургалын орчныг сайжруулах, технологийн шинэчлэл хийх зэрэг нь суралцагчдын сурах идэвхийг нэмэгдүүлэх, өндөр чадамжтай мэргэжилтэн бэлтгэхэд сайнаар нөлөөлнө. Харин чадвартай боловсон хүчин маань  өөрийн  эзэмшсэн чадамжаараа дамжуулан өөрөө өөртөө болон бусдад ажлын байрыг бий болгох нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, ямар ч чадамжгүй иргэн ажлын байр бий болгох боломж бараг тэг хувь. Тэгэхээр өндөр чадамжтай ажилтан бол ажлын байрны шаардлага ч хангана, өөртөө төдийгүй бусдад ч ажлын байр бий болгоно гэсэн үг. Энэ утгаараа УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн дэмжлэг, “Шунхлай групп”-ийн туслалцаатайгаар орон нутагт шинээр  ажлын байр бий болгоход тустай зүйл хийж байгаад талархаж байна.

-“Шунхлай” групп Өвөрхангай аймгийн Технологийн сургуулийг дэмжиж хамтран ажиллаж байгаа нь боловсролын салбарт оруулж буй оюуны хөрөнгө оруулалт гэж ойлгох болох уу. Ер нь танай сургуульд хэр дэмжлэг болох вэ?

-“Шунхлай” группийн зүгээс бидэнд үзүүлж буй дэмжлэг нь аль ч талаас нь бодсон мэргэжлийн боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Энэ нь оюутан суралцагчдын ур чадварыг дээшлүүлж, сургалтын орчныг сайжруулахад томоохон дэмжлэг болж байна.

-Цаашид хамтын ажиллагааны хүрээнд технологийн ямар шинэчлэлүүд хийж, ямар төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Сургуулийн нэгдсэн халаалтын уурын зууханд шинэчлэл хийх, өргөтгөх, усны чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл гээд багагүй ажлуудыг хамтран хийхээр төлөвлөсөн.  Энэ нь сурч амьдрах таатай орчныг бүрдүүлэх болно гэдэгт манай хамт олон итгэлтэй байна.

Ярилцсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж