“Ерөнхийлөгчийн зарлигт эмэгтэйчүүдийг хориглоогүй”

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

“Ерөнхийлөгчийн зарлигт эмэгтэйчүүдийг хориглоогүй”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол төрийн галыг бадраах тухай зарлигийн талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаагаас тодрууллаа.

-Монгол төрийн галыг бадраах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм уу?

-Хоёр хоногийн өмнө тийм зарлиг гаргасан юм. Зарлигт “Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн их ойн өдөр буюу 2011 оны 12 дугаар сарын 29-нд Монгол төрийн тулгын галыг бадраах, Төр улс, түмэн олны цог золбоог бадраах, үндэсний уламжлалт ёс заншлаа эрхэмлэх үүднээс жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр тулгын галаа бадрааж байхыг төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөд” уриалсан байгаа.

-УИХ-ын гишүүн Н.Батбаяр өчигдөр төрийн галыг бадраахдаа эмэгтэй сэтгүүчдийг оруулаагүй. Таны хэлснээр бол зарлигт эмэгтэйчүүдийг оруулахгүй гэсэн зүйл ороогүй юм байна, тийм үү?

-Тийм зүйл ороогүй. Хүн ардын үндэсний ухамсар, ёс заншлаа дээдэлж,  үндэсний эв нэгдлийг эрхэмлэх зорилгоор л уг зарлигийг гарсан. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын салшгүй хэсэг бол хүний эрх, эрх чөлөө. Хүний эрх, эрх чөлөөний салшгүй хэсэг бол хүйсийн тэгш эрхийн асуудал юм. Монголчууд эртнээс эмэгтэйчүүд, эхчүүдээ дээдэлдэг уламжлалтай. Тэр тусмаа эмэгтэй хүн бол галын бурхан гэж дээдлэгддэг. Өдөр бүхэн тулгандаа гал бадрааж байдаг эрхэм хүндтэй хүмүүс. Тэд гэртээ ч, төрд ч гал бадрааж явсан гавьяатай. Эмэгтэйчүүд төрийн гал тахих ёслолд орох ёстой. Ирээдүйн эмэгтэй Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар гарвал энэ ёслолыг гардан хийх л болно шүү дээ.

УИХ-ын гишүүн Н.Батбаярын хэлсэн үг бол Ерөнхийлөгчийн зарлигийн утга агуулга биш. Тухайн хувь хүний өөрийн бодол байх аа. Тэгээд ч Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ-ын гишүүн тайлбарлах эрхгүй шүү дээ.      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж