Өнгөрсөн зууны 30-аад онд Монголын олон мянган иргэн эх орноосоо урвагч, тэрс үзэлтэн, хувьсгалын эсэргүү, хорлон сүйтгэгч, гадаадын тагнуул туршуул гэсэн нэр хаяг зүүж, хилс хэрэгт унан амьдрал, амь насаараа хохирсон нь түүхийн хар толбо болон үлджээ. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн төлөө Монголын шинэ төр ард түмнээсээ уучлалт гуйж, түүхийн гашуун сургамжийг дахин давтуулахгүй байх, хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн иргэдийн нэр төрийг сэргээж цагаатгах, дурсгалыг мөнхжүүлэх, хохирогсдын ар гэрт нөхөн олговор олгох, түүхийн үнэнийг тогтоох чиглэлээр дэс дараатай арга хэмжээ авч ирсэн талаар номд өгүүлжээ. Энэ ажлыг 20 жилийн ой нь тохиож буй Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс гардан гүйцэтгэж ирснийг уг номд тусгасан байна.
Ардын засгийн анхны Ерөнхий сайд Д.Бодоо, Улсын Бага Хурлын анхны дарга П.Гэндэн, Ерөнхий сайд агсан А.Амар, төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Лхүмбэ, Ш.Эрэнцэн, өрлөг жанжин Г.Дэмид, корпус командлан захирагч Ц.Лувсандоной нарын амьдрал үйл хэрэг, эх орон, ард түмнийхээ төлөө хэрхэн зүтгэж явсан талаар сэтгүүлч Ш.Содномжамц түүх, архивын баримтад тулгуурлан эрэн сурвалжилсан ярилцлага, нийтлэлүүдээрээ сонирхолтойгоор харуулжээ. Чухам үүгээрээ нэгэн үеийн далд түүхийг шинэ цагт ил хуудаснаа гаргасан бүтээлийг тэрбээр туурвин уншигч олонд өргөн барьж байна.