Улаанбуудайн өртгийн дийлэнхийг түлшний үнэ эзэлдэг

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

Улаанбуудайн өртгийн дийлэнхийг түлшний үнэ эзэлдэг

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүгийн өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн  чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжлээ. Ингэхдээ утга агуулга ойролцоо дээрх хоёр төслийг хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Газар тариалангийн болон ойн нөхөн сэргээлтэд ашиглах техник, тоног төхөөрөмжийг гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөхөд хуулийн төслүүд чиглэж байгаа юм. Эдгээр тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлж байсан хугацаа энэ сарын 31-нээр дуусгавар болж буй тул дахин 2016 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгахаар төсөлд дурджээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх атрын III аяны хүрээнд татвараас чөлөөлж оруулж ирсэн техникүүд ургац хураалтыг 30-35 хоногт хураах техникийн боломжийг хангаж төмс, хүнсний ногоогоор дотоодынхоо хэргэцээг хангахад ихээхэн тус нэмэр болсныг хэлж байв.

Гишүүн Г.Ганхуяг Монголын улаанбуудайн өртөг бусад орныхтой харьцуулбал ямар болохыг, мөн ойн нөхөн сэргээлтийн тоног төхөөрөмжийн талаар тайлбар авахыг хүссэн юм. Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Х.Золжаргалын хариулснаар энэ жил нэг тонн улаанбуудайн өртөг 290 мянган төгрөг болжээ. Энэ нь ОХУ-ынхаас үнэтэй, Хятадаас хямд, АНУ, Канадынхтай ижил төвшинд байгаа юм байна. Техник, тоног төхөөрөмж  сайжирч, өртөг хямдарч байгаа ч дизель түлшний үнэ өсч байгаа нь үнийн бодлогод нөлөөлсөөр байгаа аж. Цаашид улаанбуудайн үнийг урт хугацаанд тогтвортой байлгах, 350 орчим мянган төгрөгөөс хэтрүүлэлгүй барих бодлого барих юм байна. Хятадад 100 мянган тонн улаанбуудай экспортлохоор ярьжээ. Үнэ, тээврийн нөхцөл дээр асуудал байгаа гэнэ.

Л.Гансүх сайдын хариулснаар ойжуулалтыг мод огтолж байгаа газруудад нөхөн сэргээлт маягаар хийж байгаа. Тарьсан модыг 85-аас дээш хувийн ургалттайгаар хүлээж авдаг. Монголын ойн 50 хувь нь хөгширчээ. Гадаадад хөгшин ойг тайрч оронд нь шинэ мод суулгадаг. Харин Монголд ойн захаас зулзган мод бэлтгэдэг. Дээр үед ойн гүнээс хуучин хөгшин мод бэлтгэж байсан хэмжээнд хүрч чадахгүй байгаа аж. Д.Ганхуяг гишүүн улаанбуудайн үнэд дизель түлш ямар хэмжээгээр нөлөөлдгийг асууж, буудайн үнэ АНУ, Канадтай ижил бол гадаадад гаргах боломжгүй, өрсөлдөх чадваргүй болно шүү гэдгийг анхааруулж байв.

Дэд сайд Х.Золжаргалын хариулснаар улаанбуудайн өртгийн 35-40 хувийг дизель түлшний үнэ эзэлдэг юм байна. Атрын III аян дууссан ч тариаланчид техник, тоног төхөөрөмжийн үнээ төлж амжаагүй байгаа тул гааль, НӨАТ-аас техник, тоног төхөөрөмжийг чөлөөлөх нь чухал гэдгийг ч дурдсан юм. Техникийн насжилтын хувьд ОХУ-ынх 10-15 жил, өндөр хөгжилтэй орнуудынх 20 жил орчим ашиглагддаг байна.

Л.Гансүх сайд ойн салбар өрөвдөлтэй байгааг сануулж энэ салбарыг иж бүрэн цогцоор өөрчлөх шаарлгатай гэж байлаа. Олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай төвлөрсөн аж ахуй хэрэгтэй гэдгийг дурдав.

Гишүүн Д.Дэмбэрэл гааль, НӨАТ-аас техникийн чөлөөлж байгаа ч давхар татвартай орнуудын хувьд Монгол татвараа тэглэхэд цаад орнууд татвараа нэмж байх вий гэсэн болгомжлол байгааг сануулсан юм. Сангийн сайд С.Баярцогт бүх давхар татвараа гэрээ дуусмагц хүчингүй болгох санал тавина гэдгээ хэллээ. 1990-ээд оны эхээр хөрөнгө оруулалтыг харилцан урамшуулах зорилгор тавьсан давхар татваруудыг гэрээний хугацаа дуусмагц ээлж дараалан цуцлах бодлого барьж буй аж.

Ингээд хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсноор хуралдаан өндөрлөв.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж