Хүн барьцаалсан уйгуруудыг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

Хүн барьцаалсан уйгуруудыг хөнөөжээ

Хятадын баруун мужийн Шинжаньд барьцаалагдсан хоёр хүнийг суллах ажиллагааны үеэр цагдаа нар долоон Уйгурыг хөнөөсөн хэрэг гарлаа. Албаны хүний мэдээлснээр цагдаагийн нэг ажилтан мөн амиа алдсан гэнэ. Пишанийн нэгэн алслагдсан суурингийн хоёр иргэн хулгайд алдсан малынхаа араас эрэлд явж байхад нь  лхагва гаригт Уйгурууд барьцаалсан ажээ. Уйгурууд малчдыг яагаад барьцаалсан болон энэ хэргийн цаана террорист бүлэглэл байгаа эсэхийг Хятадын цагдаа нар мөрдөн шалгаж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд Шинжаньд гарсан бослог хөдөлгөөнд Хятадын эрх баригчид зэвсэгт бүлэглэлүүдийг буруутгадаг. Уйгур нь Хятадын хүн амын дийлэнх болох Хан үндэстнээс тэс өөр хэл, соёл, шашинтай Турк угсааны цөөнх юм. Уйгурын зэвсэгт бүлэглэлийн гишүүдийг Пакистанд сургадаг бөгөөд Туркистаны исламын бүлэглэлтэй холбоотой гэж Бээжин сэжиглэдэг байна. Уйгуруудад барьцаалагдсан малчдыг аврах ажиллагааны үеэр Хятадын цагдаа нар гал нээж, хүн барьцаалагч долоон этгээдийг хөнөөжээ. Ажиллагааны үеэр дөрвөн барьцаалагч, цагдаагийн нэг ажилтан шархадсан байна. Пакистан, Афганистан зэрэг Төв Азийн халуун цэг болсон орнуудтай хиллэдэг байгалийн асар их баялагтай тус бүсэд исламын хэт даврагчдын халдлага, аллага хүчирхийлэл гарахаас сэргийлж Хятадын цэргүүд өнгөрсөн аравдугаар сард хамгаалалтад авсан юм байна. 24 цагийн хатуу хяналт, хамгаалалт гаргасан тус бүсэд цагдаа нар иргэд, машин тэргийг байнга шалгадаг гэнэ. Хятадын эрх баригчдын улс төрийн болон шашны дарамт шахалтыг эсэргүүцдэг Уйгурын тэмцэгчид тус бүсэд тогтоосон хатуу хяналт тэдний хорсол бухимдлыг өдөөхөөс өөр нэмэргүй гэж ярьдаг байна. Шинжань, Уйгурт  Хятадын Хан үндэстэн олноор очиж суурьших болсноос иргэдийн амьжиргаа дордсон гэж Уйгурууд үздэг.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж