Шог зураач С.Цогтбаяр СГЗ боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

Шог зураач С.Цогтбаяр СГЗ боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн
ойг тохиолдуулан зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан,
эрүүл мэнд, спорт, эдийн засаг, хууль эрх зүй,  харилцаа холбоо, зам
тээвэр, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр
бүтээлтэй ажилласан иргэдээ өнөөдөр Монгол Улсын төрийн дээд цол, одон,
медалиар шагналаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, алтан соёмбоор 53 жил зам барилгын салбарт ажиллаж байгаа барилгачин Бөпөөгийн Пунцаг,  

Ардын багш цолоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын  ЕБС-ийн Физик математикийн зөвлөх багш Бадамсүмбэрэлийн Банзрагч,  

Ардын эмч цолоор Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн хүүхдийн дотрын зөвлөх эмч Дашийн Малчинхүү,   

Гавьяат багш цолоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЕБС-ийн багш Дэрэмийн Доржготов,  

Гавьяат агрономич цолоор Төв аймгийн Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын агрономич Жуудайн Сүрэнхорлоо,  

Гавьяат тээвэрчин цолоор Улаанбаатар төмөр замын ахмад ажилтан Жигжидийн Нямаа,  

Гавьяат нисгэгч цолоор Зэвсэгт хүчний  Агаарын довтолгооноос  хамгаалах цэргийн  улсын  нисэхийн хэлтсийн дарга Бямбаахүүгийн Дашаахүү,  

Хүний гавьяат эмч цолоор Говь-Алтай аймгийн Бигэр сумын сум
дундын эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч Түндэвийн Шатарбал, Архангай
аймгийн Эрдэнэмандал сумын эмнэлгийн эмч Цэдэндамбаагийн Дэнсмаа нарыг,  

Гавьяат эдийн засагч цолоор Ховд аймгийн Ховд сумын ахмадын
хорооны дарга,  ахмад статистикч Абдийн Шайзан, Сангийн сайд асан
Аюурзанын Базархүү, УИХ-ын гишүүн Хавдисламын Баделхан нарыг,   Аж
үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор УИХ-ын гишүүн Батжаргалын Батбаяр,
“Говь” ХК-ийн сүлжмэлийн нэгдүгээр үйлдвэрийн сүлжигч Бүдсүрэнгийн
Оюун-Эрдэнэ,  

Гавьяат жүжигчин цолоор “Улаанбаатар” чуулгын дуучин Дашдамбын
Ширмэнтуяа, Баянзүрх  дүүргийн Соёлын төвийн захирал, “Өргөө” хамтлагийн
дуучин Сүхбаатарын Бархас, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын
дуучин Ганбаатарын Ариунбаатар, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын
дуучин Намсрайн Дугар нарыг,  

Гавьяат тамирчин цолоор Монголын Паралимп, хөнгөн атлетикийн холбооны тамирчин Жамбалын Лхагважав,  

Гавьяат холбоочин цолоор ХХЕГ-ын Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн захирагч, хурандаа Цэнджавын Цэрэндорж,  

Гавьяат хуульч цолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Шилагарьдын Солонго,  

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Соёлын төв өргөөний найруулагч Ёндонбалын Цэрэндолгор,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор ахмад дипломатч, орчуулагч
Тойтогийн Төмөрхүлэг, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн  Увс аймгийн салбар
зөвлөлийн тэргүүн, ахмад сэтгүүлч Билэгийн Норов, “Геомон” ХХК-ийн
зөвлөх инженер, ая зохиогч Дамбийн Машлай, шог зураач Самандарын
Цогтбаяр нарыг,  

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор ШУА-ийн гишүүн, академич Пунцагдашийн Лувсандорж нарыг,  

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор УИХ-ын гишүүн Чимэдийн Сайханбилэг,  

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор БХЯ-ны Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Пүрэвжавын Батцэнгэл,  

“Алтан гадас” одонгоор Улсын клиникийн төв эмнэлгийн яаралтай
тусламжийн төвийн сувилагч Шаравын Намжаа, “Ардчилал” сонины эрхлэгч
Цэнд-Аюушийн Цолмон нарыг,  

Хөдөлмөрийн хүндэт медалиар Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын цэцэгчин Даваасүрэнгийн Гэрэлийг шагнасан юм.

Шагнал гардуулсныхаа дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр хүргэж үг
хэлэхдээ “Улс орныхоо үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээсний
түүхэн хүндэтгэлт 100 жилийн ойн энэ өдөр, шинэ оны өмнөхөн төр,
түмнээрээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлнэ гэдэг үнэхээр хосгүй баярт үйл
явдал юм. Тусгаар тогтнол бол монголчуудын хоёр зуу гаруй жилийн  урт
удаан тэмцлийн үр дүн билээ. Тиймээс энэ түүхэн үйл явдлыг Монгол хүн
бүр зүрх сэтгэлдээ мөнхөд дурсан хүндэтгэж, бахархан омогшиж явах ёстой.

Ийм сайхан бахархалт үйл явдлын ойн өдөр өнөөдөр олон хүн төрөөрөө
хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, өндөр дээд цол, одон медаль хүртэж байна.
Зуун жилд нэг тохиох ийм өдөр төр засаг, ард иргэдээрээ хөдөлмөр
зүтгэлээ үнэлүүлнэ гэдэг бол хувь хүнд гайхамшигтай тохиол гэж би бодож
байна.

Олон хүн хөдөлмөрөө, гавьяагаа, авьяас зүтгэлээ үнэлүүлж байгаагийн
дотор өнөөдөр олон жил хөдөлмөрлөж буй барилгачин Монгол Улсын
хөдөлмөрийн баатар цол хүртлээ.  Монгол Улсын хамгийн хөдөлмөрч хамт
олны дотор хамгийн олон жил ажилласан хүн бол Бөпөөгийн Пунцаг гуай. Бүр
70-80-аад онд гавьяат цол хүртэж байсан, Монголдоо алдартай хөдөлмөрч,
бүтээлч хүн байгаа юм. Ийм олон хүний төлөөлөл болж та өнөөдөр баатар
гэсэн эрхэм цол гардаж авлаа.

Олон жил нялх балчир үрсийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэж байгаа
жирийн эмч олон бий. Жирийн ийм эмч нарыг төлөөлж Ардын эмч цолоор Эх
нялхсын эрдэм шинжилгээний төвийн хүүхдийн дотрын зөвлөх эмч Дашийн
Малчинхүү гуай хүндэтгэл хүлээлээ.  Тэрээр 45 жилийнхээ хөдөлмөрийг
эрүүл мэндийн салбарт зориулахдаа сургалт-эрдэм шинжилгээ-эмчийн
гурвалсан ажлыг чадамгай гүйцэтгэж байгаа туршлагатай эмч, багш,
эрдэмтэн, зохион байгуулагч  хүн юм.

Олон жил ерөнхий боловсролын сургуульд багшилж буй жирийн багш нарыг
төлөөлж мөн өнөөдөр ардын цолтон төрж байгаа. Энэ хүн бол Архангай
аймгийн Эрдэнэбулган сумын  ерөнхий боловсролын сургуулийн Физик
математикийн зөвлөх багш Бадамсүрэнгийн Банзрагч  гуай юм.

Мөн олон арван жил шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлаг, спорт, эрүүл
мэнд,  хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт зүтгэсэн олон хүн өнөөдөр
гавьяа зүтгэлээ үнэлүүллээ.

Энэ зуун жилийн ойгоор олон зуун хүн гавьяа зүтгэлээ үнэлүүлж байгаа.
Энэ бүхнийг төлөөлүүлж билэгт сайн өдөр, түүхт өдөр , зуун жилийн өмнө
бидний өвөг дээдэс энэ газар шорооноо баярлаж, бахархаж, түмэн үеийнхээ
энэ гайхамшигт эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээж байсан энэ өдөр ийм
өндөр цол, шагналыг олгож байгаадаа би туйлын их баяртай байна. Ингээд
энэ хүндэт алдар цолыг хүртэж авсан нийт иргэддээ, тэдний ойр дотны
хүмүүст, тусалж дэмждэг хүмүүст, найз нөхдөд нь бүгдэд нь чин сэтгэлийн
баяр хүргэе. Сайхан баярлаарай” гэв.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж