Харилцаа холбооны технологи хакеруудад төмөр замын нэгдсэн сүлжээнд нэвтрэх боломж олгох эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар галт тэрэгний замыг автоматаар сольдог нууц түлхүүрыг тайлвал шинэ системийг хакердаж, бүр унтрааж ч мэдэх аюултай гэнэ. Галт тэрэгний замыг солих системийг өнөөг хүртэл эзэмшигчийн аналог системээр хянадаг аж. Өнгөрсөн зууны сүүлчээр Европ даяар өөр хоорондоо ялгаатай галт тэрэгний 35 системийг хэрэглэж байжээ. Харин төмөр замын системийг хянах GSM-R технологи бий болгосон нь ийнхүү шүүмжлэлтэй тулгарсан байна. “GSM-R”-ийн шинэ технологи нь гар утаснаасаа хянах боломжтой утасгүй 2G стандартын сайжруулсан хувилбар ажээ. Уг технологи нь галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагч машинистууд хоорондоо утсаар холбогдож, галт тэрэгний хурд, байрлал зэрэг мэдээллийг солилцох боломжтой гэнэ. Харин хяналтын удирдлагын төв дээрх мэдээлэлд үндэслэн галт тэрэгний замыг зохицуулж, хөдлөх, зогсох зөвшөөрөл өгөх ажээ. Европ, Ази, Африкийн зарим орнуудад ашиглаж эхэлсэн энэ технологийг 2014 гэхэд Их Британид бүрэн нэвтрүүлэх юм байна.
Н.Энх