Сирид Араб лигийн ажиглагчид очсоны дараа тус улсын Засгийн газар лхагва гаригт 755 гаруй улс төрийн хоригдлыг шоронгоос сулласан байна. Араб лигийн ажиглагчид Сирийн хамгийн халуун цэгүүдээр явж, гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан эрх баригчид хэлсэн үгэндээ хүрч байгаа эсэхэд хяналт тавих юм. Хүний эрхийн олон улсын байгууллага Сирийн эрх баригчид өөрсдийг нь эсэргүүцсэн хэдэн зуун жагсагчдыг баривчлан хорьж байна гэж буруутгасны дараа тус улсын мэдээллийн гол агентлаг САНА хоригдлуудыг сулласан талаар мэдээлсэн юм. Нью Йоркт төвтэй хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр Араб лигийн ажиглагчид Сирид очих сургаар эрх баригчид баривчилсан сөрөг хүчнийхэн болон жагсагчдыг цэргийн өөр бааз руу шилжүүлсэн тухай мэдээлсэн. Тэдний бичиж буйгаар Араб лигийн ажиглагчдыг цэргийн бааз руу нэвтрэхийг хоригложээ. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг цэргийнхэн нухчин дарж буйг олон улсын зүгээс буруутгаж, тус улсын эсрэг эдийн засгийн болон улс төрийн хориг тавьсан. Араб лиг Сирийн эрх баригчдаас гал зогсоохыг шаардаж, зөвшилцөлд хүрэхийг олон сар уриалсны эцэст гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Гэвч олон улсын сурвалжлагч, гадаадын төлөөлөгчдийг тус улсад орохыг хориглосон тул нөхцөл байдал ямар байгааг тодорхойлох аргагүй байгаа юм. Араб лигийн ажиглагчид Сирийн өнцөг булан бүрд байдал ямар байгаад хянахаар очсон энэ үед Засгийн газраа эсэргүүцсэн жагсагчид тэмцлээ үргэлжлүүлж байгаа гэнэ. Эсэргүүцлийн хөдөлгөөний голомт болсон Хомс хотод цэргийнхэн өндөр хамгаалалт гаргасан авч жагсагчид томоохон хөдөлгөөн өрнүүлэхээр бэлтгэж байгаа ажээ. Сирийн эрх баригчид өнгөрсөн сард 2,645 босогчийг шоронгоос сулласан авч эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр баривчлагдсан хэдэн мянган хүнийг суллаагүй байна.
Н.Энх