Умард Солонгосын “гашуудлын жүжиг” төгсөв

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

Умард Солонгосын “гашуудлын жүжиг” төгсөв

Умард Солонгост их удирдагч Ким Чен Ирыг оршуулах ажиллагаа дуусч, хүндэт удирдагчаа алдсаны гашуудал орон даяар боллоо. Тус улсын үндэсний телевизээр Пхеньяны төв талбайд өнөөдөр хэдэн арван мянган цэрэг, энгийн иргэд цугларч, их удирдагчдаа сүүлийн удаа эмгэнэл илэрхийлж буйг харуулжээ. Энэ үеэр шинэ удирдагч Ким Чен Уны авга ах, эрх мэдэл бүхий хоёр дахь хүн Ким Ён Нам түүнийг нам, төр, цэрэг армийн дээд удирдагч хэмээн өргөмжилсөн байна. Ким Ён Нам “Хүндэт удирдагчийн эх орныхоо төлөө цохилж байсан зүрх зогссон ч уй гашуу биднийг мянга дахин хүчтэй, тэсвэр хатуужилтай болгож, нөхөр Ким Чен Уны удирдлага дор хөгжил цэцэглэлд хүргэнэ” хэмээн хэлжээ. Хүндэт удирдагч Ким Чен Ирыг эцсийн замд нь үдэж, хөлөг онгоц, галт тэрэг дуут дохиогоо дуугаргасны дараа орон даяар гурван минутын чимээгүй гашуудал зарлажээ. Харин олон улсын ажиглагчид энэ үйл явдлыг “Пхеньян даяар өрнөсөн гашуудлын жүжиг төгслөө” гэж бичиж байна. Гашуудлын хар хувцас өмссөн телевизийн хөтлөгчөөс авахуулаад төрийн дээд албан тушаалтнууд хүндэт удирдагчийн араас уйлан хайлан гашуудаж буй дүр зураг үнэн хэрэгтээ үл үзэгдэгч гараар удирдуулсан коммунист намын найруулсан жүжиг гэж бичих хэвлэл олон байна.

Аав нь хүүгээ, охин нь ээжийгээ тагнадаг энэ оронд их удирдагчийн үхэлд гашуудсан дүр эсгэхгүй бол том асуудалд орох ажээ. Ялангуяа камерын өмнө хамгийн чангаар уйлж, гашуудсан хүн цөлөгдөж, шоронд хатах аюулгүй өнгөрдөг гэнэ. Хамгийн тодорхой жишээ бол 1994 онд Ким Ир Сеныг таалал төгссөнд Өмнөд  Солонгос эмгэнэл илэрхийлээгүйгээс хоёр орны харилцаа хэдэн жил тасарч байсан явдал юм. Умардын хүндэт удирдагчийг түүний эцгийн бунхны хажууд занданшуулан оршуулсан аж. Занданшуулах ажлыг гүйцэтгэхэд Оросоос мэргэжилтнүүдийг урьж авчирсан гэх мэдээлэл байгаа юм. Гашуудлын ажиллагаа Ким Ир Сены талбайд болжээ. Хачирхалтай нь, оршуулах ажиллагаанд хүндэт удирдагчийн ууган хөвгүүд Ким Чен Нам, Ким Чен Чол нар огт ирээгүй гэнэ. Олон улсын ганц ч төлөөлөгч энэ бүх үйл явдалд оролцоогүй юм. НҮБ-ын төлөөлөгчийн газрууд гашуудлын үеэр Умард Солонгосын төрийн далбааг хагас буулгаж, эмгэнэл илэрхийлсэн байна. Пхеньян дахь НҮБ-ын төлөөлөгч ийм хүсэлт гаргасан аж. Учир нь аль ч улс орны төрийн тэргүүний оршуулах ажиллагааны үеэр төрийн далбааг нь буулгах заалт байдаг ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж