Нөгөөтэйгүүр, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийн хувьд нэлээд эртнээс Хөвсгөлд нэр дэвших сураг гарч, байсхийгээд л хөвсгөлчүүдийг эргэх болсон нь нууц биш. Харин Л.Мөнхбаатарын хувьд битүү морь. Аймгийн томоохон наадамд очиж, харагдахаас биш тэр болгон хөвсгөл рүү гүйгээд байдаггүй. Гэхдээ намаас нь ирэх сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдсэн бол хүслээр нь явахаас аргагүй. Харин энэ бүх гэнэтийн халаанаас болж ирэх оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн хувьд шооконд оруулсан гэх мэдээлэл бас байна. Учир нь УИХ-ын сонгуулийг можаритор давамгайлсан пропорцианаль агуулсан холимог тогтолцоогоор явуулахаар шийдвэрлэснээр Хөвсгөл аймагт хуваарилагдах мандатын тоо хоёр болж буурсан. Өмнө нь бол дөрвөн мандаттай байсан том тойрог. Хөвсгөлийн гишүүд сайтар лобби хийж чадаагүйгээсээ болж хоёр мандатаа бусаддаа “дээрэмдүүлсэн” гэх явган яриа ч байдаг. Гэхдээ аль ч тойргуудын мандатыг энэ удаад танаж, бууруулсан болохоор шууд утгаар нь Хөвсгөлөөс сонгогдсон гишүүд унхиагүйгээсээ болж мандатынхаа тоог бууруулсан гэж хэлэхэд бэрх байгаа юм.
Гэхдээ энэ ч бас танагтай, мандатын тоо багассан энэ үед нэр дэвшигчдийнх нь тоо түүнээс гурав дахин их болчихоод буйд л асуудлын гол гогцоо, хамаг хэрүүлийн алим өнхрүүлээд байгаа хэрэг л дээ. Одоо УИХ-д МАН-ыг төлөөлөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн нар сууж буй. Тэдний хувьд хоёулаа ирэх сонгуульд нэр дэвших хүсэл эрмэлзэлтэй. Горьдлого тээж байхад нь хоёр ч нөхрийг Засгийн газрын хуралдаанаас албан тушаалаас нь чөлөөлсөн явдал тус намынхныг хоорондоо “үзэлцэхэд” хүргэж мэдэхээр болжээ. Дөрөв байвал ч бас учраа олж болох талтай, гэтэл дээр нь MCS-ийн дэд захирал Л.Энх-Амгалан, TV-5 телевизийн зөвлөх Ц.Сарангэрэл гэдэг хоёр эрхэм нэмэгдэж орж ирээд байгаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард МАН-ын Бага хурал болоход MSC-ийн дэд захирал Л.Энх-Амгаланг ногоон гэрлээр шууд Бага хурлын гишүүнээр сонгосон бол МАН-ын албан ёсны нарийн бичгийн даргаар Ц.Сарангэрэлийг мөн сонгосон юм. Энэ нь тэдний хувьд ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх нэг шат ахисан сонголт болсон. Хоёр эрхэм ч хөвсгөлчүүдээс багагүй нэр нүүр олоод байгаа. Шинэ он гарахаас урьтаж бэлэг, хадгаа тарааж эхэлсэн мэдээлэл чих дэлсэх болсон нь ч туйлын үнэн. Гэхдээ эдгээр зургаан горилогсдоос хоёр нь можаритор тогтолцоогоор нэр дэвших эрхийг намаасаа авна. Мөн нэг нь намын нэрээр УИХ-д суух эрхийг авах учиртай. Хэдийгээр нэр дэвшигчийг намаас тодруулах компанит ажил хараахан эхлээгүй ч, намын нэрээр УИХ-д суух ганц шаанстай горилогч бол TV-5 телевизийн зөвлөх Ц.Сарангэрэлийг гэх. МАН-ын даргын хувьд эмэгтэйчүүдийн оролцоог улстөрд нэмэгдүүлэх зорилготой байгаа ч УИХ дахь намын бүлгийн гишүүд нь харин дэмждэггүй гэх юм билээ. Ямар сайндаа л ирэх сонгуульд нэг тойрог дээр бат суух хүн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандиг гэж үзэж дэвшүүлэн зайлуулах арга сүвэгчлэн нам дотроос нь “Италид суух Элчин сайдаар Т.Гандиг томилох гэж байна” гэх бор шувууг нисгээд байх вэ дээ. Ингээд үзэхээр Хөвсгөлд нэр дэвшигчдийн хувьд ирэх жилийн хавар нэлээд од, бас лобби гээд олон зүйлийг шаардах болж байна. Харин намын нөхөд нь тэр зургаагаас хэнд нь илүү итгэл үзүүлж Хөвсгөл рүү илгээх юм болдоо.
Хэрвээ Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар нар намынхаа гишүүдийн итгэлийг хүлээж төрөлх нутагтаа нэр дэвшвэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ө.Энхтүвшин нарын тухайд байдал төвөгтэй болж мэднэ. Сонгуулийн үр дүнгээс хамаарч ажилтай болохоо шийдэхээс аргагүй. Ямартай ч Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр харин хэр хол явахыг ирэх хавар болох УИХ-ын сонгууль харуулах биз ээ.