Монгол, Солонгосын харилцаа номонд мөнхрөв

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

Монгол, Солонгосын харилцаа номонд мөнхрөв

Монгол улсын орчин үеийн дипломат албаны 100 жил, Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулан Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх Ж.Ломбо “Монгол Улс, БНСУ-ын харилцаа- өчигдөр, өнөөдөр, маргааш”  номыг монгол, солонгос хэлээр эмхэтгэн гаргав. Энэ номонд Монгол  улсын Их хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд Ким Сөн Хван нар мэндчилгээний үг, Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, БНСУ-ын Соёл, Биеийн тамир, Аялал жуулчлалын сайд Цой Гван Шиг нар мялаалгын үг илгээн нийтлүүлсэн байна.

Энэ бүтээлд  Монгол улс БНСУ-ын харилцааны шинэ үеийн түүхтэй холбогдсон бичиг баримт, төр, засгийн тэргүүн нарын айлчлалын тухай материалууд, хоёр орны төр, нийгмийн зүтгэлтэн, элчин сайд, эрдэмтэд, судлаачдын  дурсамж, ярилцлага, нийтлэл зэрэг чухал түүхэн  бичиг баримтууд  оржээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, энэ онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг-ийн Монгол улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааг ”Иж бүрэн Түншлэл”-ийн шинэ шатанд гарган хөгжүүлэхээр тохиролцон тунхаглаж, “Хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан нь хоёр орны харилцааны өнгөрсөн түүхийг дүгнэж, ирээдүйн төлвийг тодорхойлсон  чухал үйл явдал болсон билээ. Монгол улсад шинэ үеийн дипломат алба үүсч, хөгжсөний 100 жил, Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны  20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Солонгос дахь Монголын жил”-д хоёр орны эрдэмтэд, судлаачдын хамтран туурвисан энэхүү бүтээл нь  өдрөөс өдөрт өргөжин хөгжиж буй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүх, өнөөгийн байдал, ирээдүйн төлөвтэй  танилцан, судалж,  суралцахад ач холбогдолтой оюуны бүтээл болжээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж