Жүдо бөхийг шимтэн сонирхогч, хөхиүлэн дэмжигч, Монголын жүдо бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулсан үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн эрхэм ноёд, хатагтай нар аа!
Бидний хувьд 2011 он тун онцгой жил байлаа. Манай тамирчид энэ жил тив, дэлхийн дэвжээнээс 24 алт, 26 мөнгө, 40 хүрэл, нийт 90 медаль хүртэж, Монголд жүдо бөх үүсч хөгжсөний түүхт 40 жилийн ойгоо амжилт, ололтоор дүүрэн үдэж байна. Тэмдэглэлт энэ ойг МЖБХ баяр ёслол төдийгөөр өнгөрөөхийг хүссэнгүй. Аймаг, сум бүрт жүдо бөхийг хөгжүүлэхийн төлөө салбар холбоодынхоо дэмжлэгтэйгээр идэвхтэй ажиллаж байна. Өсвөр үеийн УАШТ-д эх орны минь өнцөг булан бүрээс 1000 гаруй тамирчин ирж оролцсон нь хамт олны минь ажлын үр дүнгийн илрэл билээ.
Жүдо бөх бол зөвхөн спорт биш, ёс суртахуун, хүмүүжлийн том хичээл юм. Тиймээс бид жүдо бөхөөр дамжуулан эх орны ирээдүй болсон хүүхэд, залуучуудад бие бялдрын болон оюун санааны боловсрол олгож, эрүүл иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах нь туйлын зорилгын нэг билээ. Улирч буй энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээнийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж, дэлхийн шилдэг тамирчид олимпийн эрхийн онооны төлөө өрсөлдлөө. Нутагтаа, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө манай тамирчид ч чамлахааргүй амжилт үзүүлсэнд баяртай байна. Гэхдээ бидний хийх ажил, хүрэх амжилт өмнө байгаа. Баг, тамирчид маань “Лондон-2012” олимпийн наадамд өмнөх олимпийн амжилтыг бататгах, ахиулах хариуцлагыг гүнээ ухамсарлан, хичээн бэлтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа өгүүлье.
Төгсгөлд нь биднийг үргэлж дэмжиж, үнэт сургаалиа хайрлан, хойч үеийнхэндээ үлгэр жишээ үзүүлсэн анхдагчдадаа гүн хүндэтгэл илэрхийлье. Жүдо бөхийг хөгжүүлэх үйлсийг эхлүүлж, бат бөх суурь тавьсан та нарын минь гавъяа мартагдашгүй билээ.
Жүдо бөхийг аймаг бүрт хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй дэд ерөнхийлөгчдөдөө, их зорилгын төлөө тэмүүлж буй хүүхдүүддээ урам хайрлан дэмждэг эцэг, эхчүүдэд, “Хамтын хүч-Амжилт” уриаг эрхэмлэн, гар сэтгэл нийлэн үр бүтээлтэй ажилладаг Жүдо бөхийн холбооны хамт олондоо Монголд жүдо бөх үүсч хөгжсөний түүхт 40 жилийн ойн болон ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!