“Үндсээ чөлөөлөх хөдөлгөөн эртнээс бэлтгэгдсэн”

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

“Үндсээ чөлөөлөх хөдөлгөөн эртнээс бэлтгэгдсэн”

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулан хийсэн УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг нээж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Засгийн газрын гишүүд ээ,
Хүндэт зочид, хатагтай ноёд оо,
Монголын нийт ард иргэд ээ,

Монгол түмэн эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Та бүхэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Эдүгээгээс нэгэн зууны тэртээ 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улс Манж гүрний ноёрхлыг халж, улс орныхоо тусгаар тогтнолыг дэлхий дахинаа албан ёсоор зарласан түүхтэй. Төрөө төвхнүүлж түмэн олны сэтгэлд нар гийгүүлсэн өлзий учралт эрх чөлөөний үйл явдал нь монголчууд бидний түүхэнд бахархан дурсагдах баларшгүй ул мөр үлдээсэн юм.

 Манж чин улсын эрхшээлийг эсэргүүцэн ялсан монголчуудын энэ тэмцэл санамсаргүй буюу гэнэтийн үзэгдэл, хэдхэн хүний үйл явдал байгаагүй ээ. Харин ч түүхэн тэмцлийн олон гарамгай үйл явдлуудаар нөхцөлдөн бэлтгэгджээ. Энэ нь үндсээ чөлөөлөх, төр улсаа тусгаар байлгахын төлөө монголчуудын үе үеийнхний тэмцэл, зэвсэгт бослого болон Хотгойдын Чингүнжав, Өөлдийн Амарсанаа нарын удирдсан 1755-1758 оны зохион байгуулалттай тэмцэл зэрэг түүхэн зайлшгүй үйл явдлын хойчийн үр дагавар болж өрнөсөн юм. 1911 оны Үндэсний эрх чөлөөний тэмцэл зохион байгуулалттай, эртнээс бэлтгэгдэж байсныг түүхэн сурвалж, баримтууд бэлхнээ гэрчилж байна. Төрийн тусгаар тогтнолд хүрэхийн тулд төрийн байгууллынхаа шинж төрхийг урьдаас бодож бэлтгэжээ. 1911 оны 11 дүгээр сарын 30-нд Халхын Хүрээний Бүх Хэргийн Түр Ерөнхийлөн шийтгэх газар нэртэйгээр хэрэг дээрээ түр засгийн газрыг байгуулжээ. 1911 оны 12 дугаар сарын эхээр Хүрээний манж сайдыг Монголоос хөөн гаргасан байна. Монголын нийгэмд эрх чөлөөгөө олж авах эрмэлзэл, үзэл санаа хүчтэй өрнөж нийт үндэстнийг хамарсан хөдөлгөөн өрнөн байх үест Манжийн төр хямарч, улс гүрнүүдийн нөлөөнд автан, чадавх, хүчээ алдан мөхөх болсон түүхэн нөхцөлийг монголын хаад ноёд, ихэс дээдэс, олон монголчууд сүйхээчлэн ашиглажээ. Түүхэн энэ цаг үеийг харгалзан хатан зориг, ухаан гарган туурга тусгаар улсаа тунхаглаж чадсан билээ. Ийнхүү 1911 онд улсаа тунхагласан явдал нь монгол түмний санаа зориг, хүсэл тэмүүллийн бодит биелэл байв.

Тэмцлийг манлайлагч нь тухайн үеийн монголын ард түмний итгэл хүндэтгэлийг хүлээсэн, оюун санааг эзэмдэгч, бурхны шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт бөгөөд тэр үнэмлэхүй гавьяатай юм. Түүнийг төрт улсын хаан ширээнд залсан нь тухайн үед үндэсний эрх чөлөөний тэмцэлд оролцсон гавьяа зүтгэл, оролцоог нь үнэлсэн түүхэн бодит баримт юм.

Хойчийн өдөр янз бүрээр үнэлэх алив оролдлогод зохих хариуг өгч чадахуйц бас нэг баримт бол улс үндсээ чөлөөлөх, туурга тусгаар улсаа тунхаглан зарлахад хүчин зүтгэгсдийг тухайн цаг үе нь өөрөө өндөрөөр үнэлсэнд оршиж байна. Тэмцэлд манлайлагчдыг цол, хэргэм зэргээр шагнаж, улсаа удирдах эрх мэдлийг атгуулжээ.

Олноо өргөгдсөн Монгол Улс байгуулсныг албан ёсоор тунхагласны эхний арга хэмжээ нь Монгол төрийн шинэ маягийн тогтолцоог бий болгон төвхнүүлэхэд чиглэжээ. Засгийн газраа таван яамтайгаар байгуулж, улмаар Улсын дээд, доод хурлыг бүрдүүлсэн байна. Ийнхүү Богд хаант Монгол улс тусгаар улсын ёсоор гадаад, дотоод бодлогоо өөрөө бие даан засан явуулах нөхцөл бүрэлдэн түүнийгээ ч даян олонд зарласан байдаг. Энэ үед ардын доторхи эрдэм чадалтай хүмүүсийг язгуур угсаа харгалзахгүйгээр төрийн хэргийг хөтлүүлэх шударга зарчмыг тогтоожээ.

Богд хаант төрийн үйл ажиллагаа шинэчлэлийн чиглэлтэй байлаа. Үндэсний аж ахуйгаа хөгжүүлэх, хөдөө аж ахуйн хоршоо, аж үйлдвэрийн газрыг байгуулах, ард түмний аж ахуйн санаачилгыг тэтгэх, албан татварыг хөнгөтгөх, гадаад худалдаанд гааль тогтоох зэргээр эдийн засгийг төвхнүүлэх бодлогыг явуулсан байна.

Ард түмнээ гэгээрүүлж, иргэний сургууль, соёлын ажлыг хөгжүүлэх, сонин, тогтмол хэвлэл гаргаж нийгмийн оюун санааны амьдралд анхаарал тавьсан юм.

Бие даасан улсын хувьд цэрэг, цагдаатай болох, сурган боловсруулах зэргээр батлан хамгаалахын амин чухал асуудлыг шийдвэрлэж эхэлсэн байна.

Тусгаар тогтнолоо гадаад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө эрх чөлөөг хамгаалагчид шаргуу, мятаршгүй тэмцлийг явуулсан түүхтэй. Тэд улс төр, дипломатын болон эрх зүйн аргыг хослон хэрэглэснээр зохих үр дүнд ч хүрсэн билээ.

Улсын тусгаар тогтнол их үнэ цэнээр олддогийг өвөг дээдсийн маань мохошгүй тэмцэл, ялалт, ялагдал харуулж байна. 1911 оны үндэсний эрх чөлөөний тэмцэл нь монгол түмэн тусгаар тогтнолын төлөө итгэлтэй зогсож, ард түмний үндэсний ухамсрыг сэргээж, эх оронч бахарлыг буй болгосон юм. Энэ нь дараа дараагийн тэмцлийн уриа дуудлага, үзэл санааны бат суурь болсон билээ. Хэл соёл, ёс заншил, уламжлалаа хадгалж гаднын нөлөөлөлд автаагүй монголчуудын чадвар, монгол үндэстний дэлхийд гүйцэтгэсэн үүрэг нь улс үндэстний хувьд оршин тогтнох язгуур үндэс юм. Монгол түмэн ийнхүү тусгаар улс үндэстэн байх гарцаагүй гавьяатай, түүнийгээ олж авсан.

Гадаад, дотоод нөхцөл байдлаас үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний эрч сулран, гэрээ хэлцэл, удаа дараагын шахалт дарамтаар Богд хаант Монгол Улсыг доройтуулан автономит эрхийг тулгасан. 1911 оны тусгаар тогтнол алдагдахад хүрснийг монголчууд гар хумхин харж суугаагүй. Харин ч тэмцлийн шинэ арга хэлбэрийг сүвэгчлэн санаачлах болсон юм. Түүхэн сургамжаас тэмцлийн илүү зохион байгуулалттай олон түмнийг татан оролцуулж, нэгтгэх хэлбэрийг сонгох болов. Улс төрийн нам байгуулсан нь XX зууны эхний монголчуудын оюун санааны гайхамшигтай ололтын нэг байв. Тусгаар тогтнолын төлөө баттай тэмцэх эрмэлзэлтэй шилдэг эх орончид, ард иргэдийн үзэл санааны нэгдэл болсон Ардын нам ийнхүү тусгаар тогтнолын тэмцлээр төрөн гарчээ. Шинээр үүссэн нам үндэсний эрх ашигт нийцсэн гадаад, дотоод бодлого баримтлахыг хөтөлбөрөө болгосныг үндэсний эрх чөлөөний тэмцлийг манлайлагч Богд эзэн хаан өөрөө хөхүүлэн дэмжсэн байна.

ХХ зууны эхэнд колончлол, түрэмгийллийн эсрэг газар сайгүй өрнөсөн зэвсэгт бослого, хувьсгалт тэмцлийн нийтлэг чиг хандлагад тулгуурласан 1921 оны Ардын хувьсгалыг эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх нэгэн зорилгод зангидан энэ нам ялалтанд хүргэсэн. Тусгаар тогтнолоо сэргээсэн 1911 оны Үндэсний ардчилсан хөдөлгөөний түүхэн сургамжгүйгээр 1921 оны Ардын хувьсгалыг төсөөлөх аргагүй юм. Нөгөө талаар 1921 оны Ардын хувьсгалгүйгээр Монгол Улсын өнөөгийн тусгаар тогтнол, хөгжил дэвшил ч бас төсөөлөгдөх аргагүй. 1911 оны түүхэн үйл явдлыг бууруулан үнэлсэн туйлшрал 1921 оны хувьсгалын үнэ цэнийг бууруулах оролдлогоор давтагдах ёсгүй.

1924 оны анхны Үндсэн хуулиар хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан үйл явц 1911, 1921 оны Монгол улсын тусгаар тогтнолын үзэл санааг шинэ түвшинд эрх зүйн хувьд баталгаажуулсан хэрэг ээ. Монголын ард түмэн 1939, 1945 онуудад харийн түрэмгийлэгчдээс эх орноо зэвсэг барин хамгаалж, 1945 онд бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолоо нэгэн дуугаар гарын үсэг, хурууны хээгээр баталгаажуулав. Үе үеийн эх орончдын хичээл зүтгэлээр бүрэн эрхт Монгол Улсаа дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлж, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэв. Монгол Улс 1990 оноос ардчилсан өөрчлөлтийг хийж, орчин цагийн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн тунхагласан Үндсэн хуулиа баталж, мөрдүүллээ. Төрт монголын аль ч үеийнхэн бүрэн улсаа хамгаалах, дэлхий дахинд нэр хүндийг нь бэхжүүлэхийн төлөө ийнхүү хүч хөдөлмөр дайчлан ажилласаар ирлээ.  1911 онд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоох үед “бусдын хараат байдлаас үнэхээр ангижирсан, баян тансаг орон болох” бие даасан бодлогыг нэн түрүүнд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн үзэл санааг өдгөө ч бид орчин цагийн нөхцөлд үргэлжлүүлж байна. Улс орны эдийн засгийг чадавхижуулах, алив талын хараат байдлаас ангид байх нь Монгол улсын үндэсний эрх ашиг билээ.

Дурдан буй үйл явдлуудын хуанли тусгаар тогтнолыг зөвхөн зарлан тунхагласнаар зогсохгүй, харин үе үеийнхний хөдөлмөр зүтгэл, тэмцлээр батжин бэхжиж байдгийг харуулж байна. Энэ нь морин дэл дээр дэлхийг эзлэх амархан, харин мориноос бууж төрийг төвхнүүлэх амаргүй гэдгийг сануулсан мэргэдийн үгтэй утга адил юм.

Эх орончдынхоо түүхэн гавьяаг өвлөн уламжлуулж, өргөн мандуулсаар Монголчууд бид шинэ нөхцөлд, шинэ зорилго, урам зоригтойгоор XXI зууны босгыг алхан орж байна.

Түүхт 100 жилийн ойгоо монголын ард түмэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн гарааны эхийг тавьж, үндэсний орлогыг 10 хувь хол давсан амжилтаар угтаж байна. Өнөөгийн дэлхий дахины хөгжилд хөл нийлүүлэн алхаж, Монгол улс дэлхийн улс гүрний анхаарлын төвд багтах болов. Малчин түмэн жил бүр 10 сая давсан төл хүлээн авч, тарианланчид амуу тариагаа зуу, зуун мянган тонноор нэмэгдүүлж, аж үйлдвэр уул уурхайн бүтээн байгуулалт газар сайгүй өрнөж, өргөн уудам нутагтаа жилд 1000 километрээр хэмжигдэх засмал зам тавьж, 100 мянган айлаар тоологдох орон сууц барих зорилт дэвшүүлж, нүүдэлчний соёл иргэншлийг хотожсон хөгжилтэй хослуулан амьдран оршихуйн их үйлсийг бүтээж байна. Амжилт ололтоороо Монгол Улсын тусгаар тогтнолыг эдийн засгийн хувьд бэхжүүлэх болсон нь өнөөгийн бидний оруулж буй хувь нэмэр юм. Энэ бол 100 жилийн өмнө сэргээн тогтоосон тусгаар тогтнолын маань үргэлжлэл мөн.

Бид их үйлсээрээ үндэсний эрх чөлөөний тэмцэгчид болон 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалчдын хүсэл эрмэлзлийг биелүүлэгчид болж байна. Мөн өнөөгийн ардчилсан өөрчлөлтийн эзэд ч юм. Монголынхоо түүх ба түүхэн үр дүнгээр бид бахархаж байна. Хойч үедээ гэгээн үйлс, үзэл санааг залгамжлуулан шингээн үлдээж өвлүүлэх үүрэгтэйгээ ч ухамсарлаж байна.

Өвөг дээдэс, эрэлхэг эх орончдын маань зүтгэлээр бидний эрх чөлөө, улс орны маань тусгаар тогтнол хангагдсан тухайд эргэлзэх зүйл үгүй. Өнөө болон ирээдүй үеийнхэн монголын төр улс, түүний бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлнэ гэдэгт бат итгэлтэй байна.

Төр, түмний маань ажил үйлс өөдрөг байж, Монголын төрийн өлмий бат орших болтугай.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулган нээснийг мэдэгдье.

Улаанбаатар хот
2011.12.28
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж