Сонгуулийн сайн системийг сонгоё гэвэл Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Сонгуулийн сайн системийг сонгоё гэвэл Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Энхболдтой ярилцлаа

-Одоо УИХ дээр хэлэлцэгдэж эхлээд байгаа Сонгуулийн тухай хуулиас яриагаа эхэлье. Хоёр төсөл өргөн баригдсан. Яагаад Лу.Болд гишүүний төслийг хэлэлцэхээр болсон бэ?

-Лу.Болдын төслийг манай намын бүлэг, МАХН-ын бүлэг дэмжсэн. Ажлын хэсгийн өргөн барьсан бас нэг төсөл байгаа. Энэ хоёр төслийн хэлэлцэх эсэхийг чуулганаар шийдсэний дараа нийлүүлж хэлэлцэх байх.

-Сонгуулиа хувь тэнцүүлсэн буюу пропорциональ системээр явуулна гэдэг дээр намууд нэгдлээ гэж ойлгож болох уу?

-Пропорционалийн элемент орсон тогтолцоогоор явна гэж ойлгож болно. Түүнээс биш 100 хувь пропорционалиар явна гэж хэлэхэд эрт. Ядаж л холимгоор явна гэсэн үг.

-Холимгоор явлаа гэхэд хэдэн мандатыг пропорционалиар, хэдийг нь мажоритариар гаргах гэж?

-Тэрийг бол ёстой хэлэхэд эрт байна. Улс болгонд өөр өөр байгаа. 100 хувь пропорциональ, 100 хувь мажоритари, тал нь пропорциональ, тал нь мажоритариар гардаг. Түүн дотроо пропорциональ, мажоритари хоёр нь тус тусдаа сонгогддог праллель систем байна. Можаритариар сонгогдсон хүмүүсийнхээ саналаас хамаарч пропорциональ нь тодорхойлогддог тогтолцоог холимог гэж нэрлэж байна. Систем бол олон.

-Гэхдээ УИХ-аас ажлын хэсэг гараад тодорхой хугацаанд судалсан юм чинь аль систем нь манайд илүү тохиромжтой юм? Одоо оруулж ирээд байгаа төслүүдийн давуу тал нь юу юм?

-Ямар ч өө сэвгүй систем гэж дэлхий дээр байхгүй. Улс орон бүхэн өөрийнхөө хөгжлийн тодорхой цаг үе, тодорхой шаардлагуудад нийцсэн системийг сонгодог. Туйлын сайн, эсвэл туйлын муу систем гэж хаана ч байхгүй. Сонгуулийн системийн хамгийн эцсийн үр дүн нь сонгогчдын санал УИХ, аймаг, дүүрэг, нийслэлийн хуралд яг тэр чигээрээ тусч байх нь хамгийн чухал үзүүлэлт. Бусад нь бол хажуугийн санал болж байгаа юм. 2000 онд МАХН сонгогчдын 51 хувийн саналыг авчихаад УИХ-д 72 суудал эзэлсэн. Сонгуулийн системийг судалдаг Шведийн олон улсын байгууллагаас 2005 онд гаргасан судалгаандаа “Сонгогчдын 51 хувийн саналаар парламентын суудлын 93-94 хувийг авна гэдэг хамгийн муу сонгуулийн жишээ” гэж нэрлэсэн. Тэгэхээр энэ систем Монголын нөхцөлд тохирохгүй байна гэсэн үг л дээ. Жаахан илүү санал авсан нь парламентын бүх суудлыг авчих боломжтой систем. Сонгууль хуулийн дагуу явсан уу явсан, гол нь системдээ байгаа юм. 2000 оноос хойш хийсэн бүх сонгууль можаритари системийн олон янзын хэлбэрүүд байгаа. Нэг мандаттай, олон мандаттай, жижиг, том тойрог гээд. Ялангуяа манайх шиг шилжилт хийж байгаа нөхцөлд миний санал өгсөн хүн УИХ-д орохгүй байх нь хортой гэж үзээд ядахдаа пропорциональ системийн элемент орсон сонгууль руу явья гэдэг дээр УИХ-ын ажлын хэсэг ч ажилласан, гишүүдээс шинээр өргөн барьсан төсөлд ч тусгагдсан. Сонгогчдын өгсөн санал тэр чигээрээ тусдаггүй юм гэхэд ойролцоо тусах хэлбэрийг нь сонгоё гэж.

-Нэг хэсэг шууд пропорционалиар явья, ингэхдээ нам нь нэр дэвшигчдийнхээ нэрийг ил зарлая гэж байсан?

-Лу.Болдынх болохоор нам ч дугуйлдаг, хүн ч дугуйлдаг систем. Гэхдээ намыг дугуйлсан бол тэр намын дотор байгаа гишүүдээс л нэгийг сонгоно, өөр намын гишүүнийг сонгохгүй. Хувь хүний нэрээр нэг хэсэг нь орно, хичнээн олон хүн Ардчилсан намыг дугуйлна төдий чинээ олон хүн тэр тойргоос гарна л гэсэн үг л дээ.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх болбол улс төрийн намуудын тухай хуульд бас өөрчлөлт орох ёстой. Энэ нь хамтдаа хийгдэж байгаа юу?

-Систем өөрчлөгдөх юм бол намууд дотроо бас сонгууль явуулдаг болно. Улс нэг тойрог болбол 76, 10 тойрог болбол 7-8 хүнтэй жагсаалт гаргах болно. Харин хэнийгээ хэддүгээрт бичих вэ гэдэг жагсаалтыг намууд гаргана. Нам болгон адилхан тоглоомын дүрэмтэй байхын тулд намуудын дотоод сонгуулийн дүрэм, ил тод байдлыг хуульчилж өгнө гэсэн үг.

-Тэгвэл намын дүрэм хамаагүй гэсэн үг үү?

-Улс төрийн намуудын хуульд өөрчлөлт орвол намын дүрмийг ч бас хуулинд зохицуулж өөрчлөх ёстой. Тэгж байж бүх намуудын гаргаж байгаа жагсаалт үнэхээр олон нийт, намын гишүүд, идэвхтэн дэмжигчдийн хүссэн жагсаалт мөн үү гэдэг нь харагдана. Тоглоомын дүрмийг хаа сайгүй адилхан байлгая л гэсэн санаа.

-Ду.Болд гишүүний төсөлд намын нэрнээс гадна хувь хүний нэрийг зэрэг дугуйлж байгаа нь Үндсэн хуульд заасан “сонгогчид төлөөллөө шууд сонгох” зарчмыг алдагдуулахгүйн тулд хийсэн гэсэн. УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан төсөлд үүнийг яаж оруулсан юм?

-Хоёулаа адилхан намаас гадна хүнээ дугуйлахаар байгаа. Лу.Болдынх 10 хүнээс нэгийг, ажлын хэсгийнх 76-гаас нэгийг дугуйлна.

-76 хүнээс нэгийг сонгоно гэдэг сонгогчид бэрхшээлтэй, цаг хугацаа алдана гишүүдийн нэг хэсэг нь яриад байгаа?

-Тийм бэрхшээл байгаа. 10 нам нэр дэвшүүллээ гэхэд 760 хүнээс сонголт хийнэ гэдэг их хэцүү. Тэр бол бодитой шалтгаан байгаа. Тийм учраас Лу.Болдын арай жижигрүүлсэн, гэхдээ одоогийнхоос том тойргийн тухай ярьж байна. Тойргийг томруулах гээд байгаа нь сонгуулийн явцад мөнгө тараадаг, тусдаа баг ажиллуулдаг буруу жишгийг л өөрчлөх гэсэн санаа л даа. Тойрог томрох тусам мөнгөний сонгууль гэж шүүмжлэгддэг байдал өөрчлөгдөх байх.

-Пропорционалийн бас нэг давуу тал нь улс төрийн намуудыг хариуцлагатай болгох, хувь хүний тоглолтыг багасгах гэж ярьдаг биз дээ?

-Намуудыг хариуцлагыг өндөржүүлэхийн тулд пропорционалийн элементийг заавал авах ёстой. Хэрвээ намууд байдаггүй, хэн дуртай нь сонгуульд ордог байсан бол 76 бие даагч сонгогдчихоод, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлдог, зохион байгуулалттайгаар мөрийн хөтбөлбөрөө дэвшүүлдэг, тэр нь биелсэн бол дахин сонгогддог, биелээгүй бол сонгогддоггүй гэсэн хариуцлагын тогтолцоо алга болно. Дэлхий даяар парламентын сонгуульд намууд л нэр дэвшүүлдэг, эцсийн хариуцлага хүлээдэг жишиг байгаа. Бид пропорциональ сонгуулийн элементийг авснаараа энэ жишиг рүү л ойртож байна гэсэн үг.

-Нэгэнт л пропорциональ систем нь илүү дээр гэж хүлээн зөвшөөрч байгаа бол шууд пропорциональ руугаа явсан нь дээр биш үү? Ойртуулж байна гэж цаг алдахын оронд?

-Тэгэхээр Үндсэн хуулийн асуудал гарч ирээд байгаа. Хэрвээ Үндсэн хуулийг өөрчилж болно гэвэл сонгуулийн хамаагүй сайн системийг сонгох боломж байна. Ажлын хэсэг хуулиа хийхдээ одоогийн Үндсэн хууль өөрчлөгдөхгүй юм байна гэж үзэж хийсэн байгаа. Лу.Болд ч одоогийн Үндсэн хуульд нийцүүлсэн байдлаар хийсэн. Эсрэгээр нь пропорциональ систем манай нөхцөлд илүү сайн таарна гэж үзээд, тэр нь Үндсэн хуулийн “шууд сонгох” зарчимтай зөрчилдөж байвал Үндсэн хуулиа өөрчилж болно. Ажлын хэсэгт бол одоогийн Үндсэн хуулинд нийцүүлэх шаардлага байсан учраас одоо шүүмжлэгдээд байгаа 760 хүнээс нэгийг сонгох хувилбар луу явсан байгаа.

-Тэгвэл энэ хоёр хуулийг яагаад заавал нэгтгэж хэлэлцэх шаардлагатай гэж?

-Гол нь систем дээрээ очиж нэгдэх асуудал. Системээс цааших нь бол энэ хоёр төсөд зарчмын хувьд үндсэндээ адилхан юм билээ. Яг үнэхээр сонгуулийнхаа системийг сайжруулья гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлт рүү  л явах хэрэгтэй. Нэг жижигхэн аймаг, хэдэн жижиг сумаас сонгогдоод зөвхөн тэрэндээ үйлчилдэг байдлыг алга болгохын тулд тойргийг томруулах асуудал ярьж байгаа. Лу.Болдын оруулж ирсэн хуульд “сонгуулийн газар зүй” гэж цоо шинэ ойлголтыг оруулж ирж байна. Зөвхөн өөрсдийн сонгогдсон тойрог биш, нийт улс орны төлөө ажилла гэдэг шаардлагаар сонгуулийн газар зүйг засаг захиргааны нэгжээс зөрүүлж хийсэн. Аймгуудыг нэгтгэсэн, тодорхой сумуудыг нийлүүлсэн байдлаар хүн амын тоог нь тэгшитгэсэн байгаа юм. Үндсэн хуульд заасанчлан Монгол Улсын асуудлыг шийднэ гэж сонгогдож байгаа улсууд бол УИХ-ын гишүүд. Өвөрхангай аймгийн асуудлыг шийднэ гэвэл аймгийн ИТХ байгаа. Хоёр өөр зорилготой байгууллагыг бүрдүүлдэг сонгуулийн хуулиуд нь өөр өөр байх шаардлагатай. Хэдийгээр жижигхэн тойргоос сонгогддог боловч нийт улс орныг төлөөлөх гэж л энд сууж байгаа шүү дээ. Лу.Болдын хууль тэр талаараа УИХ-ын ажлын хэсгийнхээс илүү байгаа.

-УИХ-ын ажлын хэсэг яагаад тийм удаан ажилласан байтлаа ийм муу төсөл оруулж ирсэн бэ?

-Ямар ч байсан хэлэлцүүлгэд оруулах асуудал гаргаж ирэх нь чухал байсан. Тал талаас нь яриад, сайжруулаад л гаргана. Бүх зүйлийг нь бодож олчихоод “Энэ хуулийг л гаргана шүү, нэг ч алхам ухрахгүй” гэдэг асуудал байхгүй. Улс орны амьдралтай холбоотой, төр засгаа сонгох тухай том асуудлыг хөндөж байгаа учраас ажлын хэсэг өөрийнхөө хувилбарыг тулгах ямар ч боломж байхгүй.

-Ардчилсан намын бүлэг дээр жишээ нь эхлээд тогтолцоогоо тохирьё, дараа нь хуулиа ярья гээд гацаагаад байсан. Тэгээд тогтолцоогоо тохироод байгаа нь энэ үү?

-Тогтолцоогоо тогтож чадаагүй. Ямар тогтолцоогоор явахгүй вэ гэдгээ бол шийдэж чадсан. Жижиг 76-гаар ямар ч байсан явахгүй шүү, томсгосон буюу олон мандаттай 26 тойргоор бас явахгүй гэж. Хасагдах журмаар ингээд явбал ямар системээр явах вэ гэдэг нь дараа нь харагдана гэж бодсон.

-Хэрвээ тогтолцоогоо л эхлээд тохирчихсон бол өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтөө ч гэсэн сонгуулийн хуультайгаа хамт оруулаад ирэх боломж байсан биз дээ?

-Харин тийм. Одоогийн хоёр хууль чинь тогтолцоогоо тохирчихоод түүндээ тохирсон дотоод механизмуудаа жагсааж бичээд оруулж ирж байгаа хууль шүү дээ. Тогтолцоогоо тохироогүй гэж хэлж болохгүй. Хэлэлцүүлгийн явцад тогтолцоо буюу систем өөрчлөгдөх магадлалтай. Илүү олон толгойгоор хэлэлцэхээр илүү сайн юм гарах биз.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг яриад удаж байгаа. Эхлээд 2000 онд хийсэн өөрчлөлтийг буцаая, тэгээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг журам боловсруулья гэж?

-Хууль гаргая гэж ярьсан. Одоо тэр хуулийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг хууль.

-УИХ одоогийн Үндсэн хуульд зохицуулаад сонгуулийн хуулиа гаргачихлаа гэж бодьё. Гэтэл дараа нь Үндсэн хуульд бас өөрчлөлт орж магадгүй нь ээ?

-Хэрвээ систем нь солигдоод “шууд сонгох” гэдэг үгийг хэрэглэх шаардлагагүй болбол Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай ярина. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг заавал ард иргэдийн санал асуулгаар хийе гэдэг хуулийн төсөл яригдаж байгаа. Хэдийгээр эрх нь байгаа ч гэсэн УИХ-ын хэдэн гишүүн сууж байгаад өөрчилчихдөггүй, ард нийтээсээ асуудаг байя гэж. Үндсэн хуулийн өөрчлөлтөд зөвхөн тэр “шууд сонгох” зарчим ч хамаатай юм биш л дээ. Орон нутгийн тогтолцоог яах вэ, сумын  Засаг даргыг томилдог байх уу, сонгодог байх уу, дүүрэг, хот яах юм гээд Нутгийн удирдлагын бүлэг буюу дөрөвдүгээр бүлгээр хамгийн түрүүнд санал асуух шаардлагатай болчихоод байгаа. Ер нь Үндсэн хуульд ямар ч өөрчлөлт оруулсан санал асуулгаар явах ёстой л гэж үзэж байгаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг хууль гартал хэр удах вэ?

-Тэр бол наадмаас өмнө гарчих байх.

-Тавантолгойн ордын ашиглах тухай төслөө Засгийн газар урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүдэд тараасан. Та энэ төслийн талаар юу хэлэх вэ?

-Оюутолгойн гэрээ шиг бодож оруулж ирсэн байна. Тэр загвараар явж болохгүй. Оюутолгойн ордын лиценз эзэмшигч нь гадаадын хүн. Тавантолгойн орд бол 100 хувь Монголын төрийн өмч. Түүнийг эргэлтэд оруулахдаа Монгол Улсад аж үйлдвэр бий болгох, коксын үйлдвэр, гангийн үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, төмөр замын тээврийг хөгжүүлэх байдлаар, цогцоор нь асуудлыг шийдэхгүйгээр “наашаа ир, ухаад ав. Юу хийх нь хамаагүй” гэдэг байдлаар хандаж болохгүй. Тавантолгой өөрөө их чанар сайтай орд учраас кокс болж хувирдаг нэг хэсгийг нь кокс болгох, болохооргүй хэсгийг нь угаагаад, холиод зарах ёстой. Монголын нутаг дэвсгэр дотор өртөг шингээж зарах нөхцлийг л компаниудад өгч, тэр нөхцлийг зөвшөөрснийг нь оруулж ирэх ёстой. Нүүрсний уурхайгаас эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэл олон дамжлага бий. Эхлээд олборлоно. Дараа нь сортолж угаагаад, бага калоритойг нь их калоритой нь нийлүүлж эрчим хүчний нүүрс хэлбэрээр зарах, өндөр калоритойг нь кокс болгож хувиргаад зарах, коксоо металлургийн үйлдвэрт нийлүүлж ган болгох гээд. Эцсийн бүтээгдэхүүн нь ган. Бидний мөрөөдөл бол энэ олон шат дамжлагыг Монголын нутаг дэвсгэр дээр хийх, бүр болохгүй бол хэсэгчилсэн хийх зорилгоор Тавантолгойн ашиглалтыг эхлүүлэх явдал. Үнийн хувьд  ч өөр. Өнөөдрийн гаргаж байгаа шиг 25 ам.доллараар газар дээр нь өгчихөж болно. Тэгвэл бид 25 ам.доллараасаа л татвар авна. Тэндээс эксковаторчин, самосвалын жолооч хэдхэн хүн л цалинтай болно. Хэрвээ нүүрс угаах үйлдвэр байгуулаад сортлоод гаргавал 93 ам.доллар хүрнэ, гэхдээ энэ бас эцсийн үнэ биш. Дахиад нэг шат ахихад кокс үйлдвэрлэх явцад 30 төрлийн химийн аж үйлдвэрийн түүхий эд гарч байгаа. Түүнийг нь дагуулаад химийн үйлдвэр барьж болно. Гаргаж ирсэн коксоо дараагийн шат дамжлага руу шилжүүлж, эсвэл кокс хэлбэрээр нь гадаадын гангийг үйлдвэрүүд рүү нийлүүлж болно. Ахиад нэг шат ахихад коксжсон нүүрсний үнэ тонн нь 205 ам.доллар. 25 ам.доллараар зарах уу, 93-аар, эсвэл 205 ам.доллараар зарах уу гэдэг сонголт л Монголд байна шүү дээ. Тийм учраас “Бид тавантолгойг түүхийгээр нь гаргахгүй, ядаж угаана. Кокс болдог хэсгийг нь 100 хувь кокс болгож хувиргана, энэ нөхцлийг зөвшөөрч байвал хөрөнгө оруул” гэдэг л нөхцлийг тавих ёстой.

-Засгийн газар ч тийм нөхцөл тавиагүй гэж үү?

-Засгийн газар тэгээгүй. Манайд ойрын хэдэн жилдээ хангалттай төмрийн хүдэр байгаа. Коксоо гангийн үйлдвэрт нийлүүлээд янз бүрийн төмрийн бэлдмэл хийгээд гаргавал бүр сайн. Яагаад гэвэл ахиад тээврийн зардал багасна. Манай улсын хамгийн дутагдалтай тал нь далайд гарцгүй. Далайн гарц руу 1000-3000 км явдаг энэ төмөр замаар аль болох боловсруулсан бүтээгдэхүүн зөөвөл тээврийн зардалдаа ногддог бүтээгдэхүүний зардал буурна. Автомашины үйлдвэрийн ган зөөх нь түүхий нүүрс зөөснөөс хамаагүй ашигтай, яагаад гэвэл хол зам туулж байгаа учраас. Тэгэхээр бид Тавантолгойн нүүрсийг гангийн үйлдвэрт өгнө. Энэтхэг, Өмнөд Солонгос, Герман манайтай хамтарья гэж байна. Тэгвэл бүр дөрөв дэх шатанд гарч байна. Аль ч шат нь манайд байсан ашигтай. Тиймээс лав л түүхийгээр нь олборлоод өндөр үнэ хүргэж зардаг тийм олборлогчид манайд хэрэггүй. Ган үйлдвэрлэгч Хятадын металлургийн корпараци, Энэтхэгийн Жиндал, Солонгосын Posco гээд үйлдвэрүүд энэ бүх шат дамжлагийн хамгийн сүүлд нь зогсч байгаа. Хамгийн сүүлд зогсч байгаа дамжлагуудтай ярих нь өмнөх шат дамжлагууд Монголд бий болоход хэрэгтэй юм. Багануур бол зүгээр ухаж аваачаад л зарчихаж байгаа. Багануур шиг компаниуд Монголд олдоно. Монголын нүүрсийг тэр чигээр нь гаргая гэж байгаа бол Багануурыг оруулчихад л болно. Өртөг нэмье гэж байгаа бол энэ бүх шат дамжлагуудыг хийж чадах компаниудтай ярих ёстой.

-Анх Тавантолгойд хөрөнгө оруулья гэсэн 11 компаниас одоо найм нь үлдээд байгаа байх аа?

-Би тэр компаниудыг огт сонирхохгүй байна. Бид юу сонирхож байна вэ гэвэл ерөөсөө л өртөг нэмэх, үүнийг value chain гэдэг. Value chain бүгдээрээ Монголд байхыг л сонирхож байна. Нүүрсийг түүхийгээр нь зөөж аваад гарах биш, ган хийгээд аваад гарах хүмүүсийг бид сонирхоно. Ган болох хооронд маш их татварын орлого, маш олон ажлын байр манайд үлдэнэ. Бидний мөрөөдөөд байдаг үйлдвэржилт чинь өөрөө ороод ирнэ. Чанар сайтай нүүрс аваад гарах бага хэрэг. Хэн ч ухаж, хэн ч борлуулж чадна. Энэ бол сонин биш. Харин кокс хийх, ган үйлдвэрлэхийг бид чадахгүй байна. Та нар үйлдвэрээ барь, бид түүхий эдээр хангаад өгье, тэгээд зөөгөөд аваад яв гэх ёстой. Гарч байгаа ган, кокс өндөр үнэтэй бараа учраас илүү өндөр татвар төлнө.

-Сангийн сайд 1.5-2.0 тэрбум ам.долларын урьдчилгаа татвар авах тухай ам алдсан. Түүхий нүүрсээрээ тооцсон уу?

-Засгийн газар бол бушуухан мөнгөө аваад өмнөх асуудлаа шийдчихье гэж байгаа. Тэр нь тэгэхдээ бага мөнгө. Тавантолгойн жинхэнэ үнэ бол 1-2 тэрбумаар тогтохгүй. Тиймээс урьдчилгаа татвар бол хоёрдугаар зэргийн асуудал. Гангийн үйлдвэрүүд, коксийн үйлдвэрүүд байгуулагдаад ирээдүйд татвар төлж таарна. Энэ ирээдүйд төлөх татварт нь Засгийн газар бонд гаргаж болно. “Манайд Оюутолгой шиг 10 үйлдвэр байгуулагдана, энэ компаниуд ойрын таван жилд үйлдвэр нь ашиглалтад ороод татвараа төлж эхэлнэ. Тэр үед нь өгье, манай Засгийн газрын бондыг аваач” гээд шууд бус утгаар мөнгө авч болно. Түүнээс биш манай нөхцлөөр хөрөнгө оруулах гээд, коксийн, гангийн үйлдвэр байгуулах гээд ирж байгаа хүмүүсийг урьдчилгаа төлбөр өг гэж болохгүй. Хичнээн их урьдчилгаа төлбөр нэхнэ тэр компаниуд Монголд өртөг шингээх сонрхолгүй болно. Нэгэнт мөнгөө өгчихсөн юм чинь мөнгөө хурдхан олж авахын тулд түүхийгээр нь зөөхийг л бодно. Бидэнд удаан хугацаандаа үйлдвэржилт нь хэрэгтэй, ажлын байр хэрэгтэй байгаа нөхцөлд олон улсын санхүүгийн зах зээл дээр мөнгө босгох нь л хамгийн зөв, хамгийн аюулгүй, хамгийн цэвэрхэн зам. Бид өөртөө Оюутолгой шиг, Эрдэнэт шиг олон үйлдвэртэй болох нь Монгол улсын авдаг зээлийн хүүг бууруулж, хэмжээг нэмнэ. Тэр мөнгөөрөө бид бусад асуудлаа шийдэж болно. Дэд бүтцийн хөгжил, эх орны хишиг байна, юу ч хамаагүй.

-Энэ үйлдвэрүүд байгуулагдтал дор хаяж 4-5 жилийн хугацаа орно. Гэтэл Засгийн газарт ч, намуудад ч ойрын төлөвлөгөө л байна. Их хэмжээний мөнгө олж, амлалтаа биелүүлэх?

-Улс орны хөгжлийн бодлогод сонгуулиас сонгуулийн дөрвөн жил бага хугацаа. Энэ хугацаанд баригдаж улс орны хөгжлийн төлөвлөлтийг хийж болохгүй. Энэ хугацаанд амласан барьсан юм байгаа бол ирээдүйд олох орлогоо барьцаалаад Засгийн газрынхаа бондыг зар, зарсан мөнгөөрөө тэр юмаа хий. Өнөөдрийн уушиг дээр үү, маргаашийн өөх дээр үү гэдэг л хэлэлцүүлэг л явж байна шүү дээ. Би бол маргаашийн өөхний төлөө өнөөдрийн жижиг хэрэглээгээ тэвчье л гэж хэлээд байна. Хэрвээ мөнгө өгье гэж байгаа бол тэр мөнгийг цуглуулаад өгөх боломж нь байна. Хөрөнгө оруулах гээд ирж байгаа хүнээс битгий мөнгө нэхээд бай л гэж хэлэх байна. Тэр хүн хөрөнгө оруулаад дараагийн таван жилд татварын тогтвортой урсгал, хэдэн тэрбумаар доллар орж ирэх гэж байна шүү дээ. Нэгэнт тийм татварын тогтвортой урсгал бий болоод үйлдвэрүүд баригдчих юм бол манай улсын авдаг зээлийн хэмжээ өснө, хүү буурна. Тэр л замаар явья л даа.

-Тэгвэл Монголын компаниуд Тавантолгой дээр юу хийж чадах юм бэ?

-Монгол компаниудад ч гэсэн яг адилхан шаардлага тавих ёстой. Гадаад байна уу, дотоод байна уу ялгаагүй, яг л ийм өртөг нэмсэн үйлдвэрлэл явуул гэж хэлнэ. Зүгээр ухаад гаргах бол хамгийн амархан, хүн болгон хийж чадах ажил. Жижиг Тавантолгой ч хийж байна, Эм Си Эс ч, МАК ч хийж байна. Энэ бол сонин биш. Өртөг нэмдэг, угаадаг, кокс хийдэг, коксоороо ган хайлуулдаг, зэс хайлуулдаг энэ бүх зүйл чинь өөрөө хөрөнгө их шаарддаг, нарийн мэргэжил шаардсан ажил. Чадахгүй юман дээрээ гадаадыхныг дууддаг болохоос биш чадаж байгаа юман дээрээ хүн дуудаж оруулна гэдэг утгагүй.

-Төмөр замын асуудал одоо УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа. Гэтэл энэ нь бас Засгийн газраас оруулж ирсэн Тавантолгойн төсөлтэй уялдаж байгаа юм уу?

-Төмөр замын зүүн хэсэг нэгдүгээр ээлжинд тавигдана, ойрын гурван жилд. Тавантолгой-Зүүнбаян- Сайншанд-Баруун-Урт-Чойбалсангийн хэсэг. Нэгдүгээр шат дууссаны дараа хоёрдугаар ээлжийн төмөр замыг урагшаа тавина. Гуравдугаар шат баруун тийшээ Орос руу. Монголд өртөг шингээх боломжоо л ахиухан бүрдүүлэхийн тулд хөндлөн төмөр замаа эхэлж тавих гээд байна шүү дээ. Хоёрдугаар шатны төмөр замын ажил эхэлтэл засмал замаар нүүрсээ зөөхөд буруудах юм байхгүй. Төмөр замаар бол 3-4 мянган тонн нүүрстэй цувааг хоёр машинч л зөөчихнө. 4000 мянган тонн нүүрсийг 100 тоннын 40 машинаар зөөнө. Ээлжийн жолооч тойгоо 80 хүн цалин авна гэсэн үг.

Б.СЭМҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж