
-Засгийн газраас өргөн барьсан төмөр замын бодлогод өргөн цариг дээр суурилсан төмөр зам шинээр барина гэж байгаа. Та ямар байр суурьтай байна вэ?
УИХ-ын гишүүн Ц.Батбаяр:
Нэгдүгээрт, Монгол Улс хоёрхон гарцтай, ОХУ, Хятад гэсэн. Мөн манайх өнөөдөр эдийн засгийн бараа эргэлтийнхээ 80 гаруй хувийг өмнөд хөршөөс авч байна. Бизнес хийж байгаа хүн аль болох өөртөө ашигтай байх бололцоог харж, бага өртгөөр нүүрсээ тээвэрлэж, бага зардал гаргахыг бодно. Хоёрдугаарт, техникийн дэвшил нарийн төмөр зам дээр бий. Жишээ нь АНУ зэрэг дэлхийн хөгжилтэй орнуудын төмөр замын 90 гаруй хувь нь нарийн төмөр зам байх жишээтэй. Өөр нэг асуудал нь намын бүлэгт энэ асуудлыг танилцуулах үеэр өргөн, нарийн төмөр замын давуу болон ашигтай талуудыг танилцуулсан. Өргөн төмөр замын хувьд дөрөв, тавхан давуу талтай. Ачаа даах чадвар ч гэх юм уу, одоогийн нөхцөл байдал дээрээ авч үзэхээр давуу талтай гэж үзсэн. Харин нарийн төмөр замын хувьд арваад давуу талтай. Техник технологийн хувьд дэвшилттэй, нарийн төмөр замыг барихад өртөг зардал бага тусна гээд олон давуу тал бий. Энэ талыг нь бодолцож миний хувьд нарийн төмөр зам байх нь ирээдүйтэй гэж бодож байгаа.
УИХ-ын гишүүн С.Оюун:
-Төмөр замын бодлогод заавал өргөн төмөр зам дээрээ суурилна гэж заах нь буруу гэж бодож байгаа. Эдийн засгийн ач холбогдлынх нь хувьд авч үзвэл нарийн цариг нь илүү дэвшилттэй, ашигтай гэж боддог. Гэхдээ нөхцөл байдлаа харахаар өргөн, нарийн төмөр зам аль, аль нь байгаад дамжуулан ачих нь Монголдоо зөв юм болов уу даа. Засгийн газрыг 2008 онд С.Баяр гишүүн ахалж байхад төмөр замын асуудал орж ирээд тухайн үед төмөр зам барих зөвшөөрлийг хоёр ч билүү гурван компанид олгож байсан. Засгийн газраар хэлэлцэх шатанд өнөөдрийнх шиг томоохон хэлэлцүүлэг болж байсангүй, логикоороо явах ёстой юм болов уу гэдэг тэр зарчмаар шийдэж байсан удаатай.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
-Цариг нэг их том хүчин зүйл биш. Монгол Улсын хувьд ашигт малтмал, нүүрс, ноолуур аль нь ч байсан экспорт, импортын ганцхан худалдан авагчтай болсон. Өөрөөр хэлбэл, тэр нь урд хөрш. Тийм учраас хойд хөршөөрөө дамжсан төмөр замтай болъё гэдэг нь нэгдүгээр асуудал. Ингэснээр монголчууд хоёр ам.долларын үнэтэй бүтээгдэхүүнээ нэг ам.доллараар өгдөг байсан бол хоёр ам.долларт хүргэж худалддаг болно. Худалдан авагчийн өрсөлдөөн Монголд бий болно. Хоёрдугаар хүчин зүйл бол бид өнгөрсөн оныг хүртэл урд хөрш рүү коксжих нүүрсээ 30-40 ам.доллараар гаргаж байсан. Тэгтэл Хятадын дотоодын зах зээл дээр угаасан нүүрс нэг тонн нь 100 ам.доллар, кокс болгоод боловсруулчихвал 200 ам.долларын үнэтэй. Тийм учраас нүүрсийг түүхийгээр нь бус боловсруулж гаргах нь чухал байгаа л даа.
УИХ-ын гишүүн Р.Раш:
-Одоогийн ашиглаж байгаа замтайгаа шууд холбох буюу огтлолцох төмөр замыг өргөн барихаас өөр аргагүй. Гэхдээ ашигт малтмалын орд газрын уурхайн байршлаасаа хамаараад Тавантолгой зэрэг орд газрууд Хятадын төмөр замд ойрхон учраас түүнд түшиглээд Япон, Солонгос Тяньжинаар дамжуулаад явах боломжтой төмөр замыг нарийнаар хийх нь зүйтэй. ОХУ-ын Номхон далайн боомтоор дамжуулж, далайн шинэ гарц бий болгоё гэж байгаа бол буруу биш, түүгээрээ явна л биз.
-Эдийн засгийн үр ашиг талаас нь харвал аль цариг нь манайд илүү ач холбогдолтой санагдаж байгаа вэ. Зарим гишүүн нарийн төмөр зам барихад өртөг зардал бага тусна, ачаа даах чадвар илүү гэж хэлж байсан?
-Ачаа даах хүчин чадал, барих өртөг хямд гээд байх юм ч үгүй дээ, ерөнхийдөө төстэй. Хамгийн гол нь Хятад улс руу, Тяньжинаар дамжуулаад Япон, Солонгос, Энэтхэг зэрэг орны зах зээлд гарна гэвэл урдуураа дөт. Ялангуяа нарийн царигтай төмөр зам тавьчих юм бол хил дээр шилжүүлэн ачилт хийх асуудалгүй болно. Монгол Улс ганцхан далайн гарцаар хамаарах биш, өөр гарцтай байвал илүү шүү дээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Дэлхийн хэмжээнд сэтгэе гэвэл өнөөдөр дэлхий дээрх төмөр замын нийт уртынх нь 13 хувь Оросын төмөр зам буюу өргөн цариг, 61 хувь нь нарийн, үлдэж байгаа 26 хувь нь арван хэдэн янзыг цариг эзэлж байна. Миний авсан мэдээллээр дэлхийн нийт худалдааны эргэлтийн 90 гаруй хувь нь нарийн цариг дээр явж байна. Гэтэл манайхан нарийн царигийг зөвхөн БНХАУ сонгосон юм шигээр яриад байна. Өмнөд хөршөөс гадна АНУ, Канад, Австрали, Европын холбооны ихэнх орнууд нарийн төмөр замтай. Ингээд бодохоор Монгол Улсын хувьд төрийн бодлогын хэмжээнд нарийн төмөр замыг барих ёстой юм болов уу. Манайхан их хуучинсаг дээр үеийн ойлголтоор их ярьж байна. Өргөн төмөр зам ачаалал даана, бат бэх гэх мэтээр. Олон улсын судалгаа бусад материалыг үзэхээр нарийн төмөр замын чанар чансаа сайжраад вагоных нь аюулгүй байдал хангагдсан зэрэг нь өргөн царигаас илүү. Эдийн засгийнх нь хувьд аваад үзвэл өнөөдөр нарийн төмөр замд орж байгаа материалын зардал, арчилгааны зардал, ажиллах хүч хэр зэрэг шаардах вэ гэдгийг тооцоод үзэхээр нарийн төмөр зам маш их дэвшилттэй. Техник технологи нь ч илүү байгаа. Энэ агуулгаар нь бодож үзээч ээ гэдэг юмыг л би хэлээд байгаа л даа. Яахав тодорхой хэсэг нь нарийн, тодорхой хэсэг нь өргөн төмөр зам байж болно. Гэхдээ ирээдүйн төмөр замынх нь бодлого нарийн төмөр зам руу чиглэсэн байгаасай. Дан ганц үүнийг БНХАУ-ын талд гэдэг ч юм уу, нэг талаас харж болохгүй. Бас сэтгэлийн хөдөлгөөнөө дагаад, эсвэл хэн нэг гадаадын хүнтэй уулзсаныхаа дараа Монгол төрийн бодлогыг өөрчилж болохгүй.
-Тухайлбал, хэн яаж төрийн бодлогыг яаж өөрчилсөн гэж…?
-2009 оны арваннэгдүгээр сарын 25-нй өдрийн 79 дүгээр тогтоолоор Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотойгоор Тавантолгой-Оюутолгой-Гашуун сухайтын чиглэлээр БНХАУ руу төмөр зам барихаар тусгасан. Энэхүү үндсэн чиглэлийг УИХ-аар баталчихсан. Бүр төмөр замын төв шугам магистралтай холбох Тавантолгой-Цагаансуварга –Сайншанд чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг гаргана гээд үндсэн чиглэл дээрээ зааж өгөөд, УИХ-аар баталж байсан, гишүүдийн 90 гаруй хувийн саналаар дэмжлэг авсан юм шүү дээ. Тэр үед гишүүд олонхиороо ийм кноп дарчихаад өнөөдөр өөр юм ярьж болохгүй. С.Баяр Ерөнхий сайд байхдаа ХБНГУ-д ажлын айлчлал хийж, би тэр үед айлчлалын бүрэлдэхүүнд багтан хамт явж байсан. Германы канцлер болон тус улсын Эдийн засгийн яамны бодлогын зөвлөхтэй уулзаж ярилцаад төмөр замын чиглэлээр тодорхой дэмжлэг авахаар ярилцаж, дэмжсэн байсан. Гэтэл дараагийн Засгийн газар, дараагийн Ерөнхий сайд нь гарч ирээд өмнөх Ерөнхий сайдаасаа өөр юм яриад явж болохгүй шүү дээ.
Г.Дарь