Дүрс авагчтай машин гишүүдэд таалагдав

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Дүрс авагчтай машин гишүүдэд таалагдав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 18.00 цагаас хуралдаж СЕХ-ныхон санал хураалтын өөр төрлийн автомат машин танилцууллаа. Түрүүчийн удаа БНСУ-ын банкны мөнгө тоолдог сканнер танилцуулсан бол энэ удаа АНУ-ын “Доминион” компанийн “Имиж каст” буюу дүрс авагчтай машиныг танилцулсан юм. Нийт дөрвөн компанитай санал тооллогын машин авах яриа хэлэлцээ хийснээс АНУ-ын нэг компани Монголын болзлыг зөвшөөрөөгүй, БНСУ-ынх машин  гишүүдэд гологдсон. Гурав дахь нь энэхүү “Доминион” компанийн машин юм байна. Энэ машинд сонгогч саналын хуудсаа хийдэг. Хийх явцад дүрсийг авдаг. Картонон хайрцагт саналын хуудсыг шууд хийж тэр дор нь тоолдог, бүрэн автомат ажиллагаатай, мөн тооллогын дүнг СЕХ-нд гаргаж өгөх модемтой юм байна. Тоолохдоо таван секундэд нэг хуудас тоолдог ажээ. АНУ, Канадын хамтарсан компанийн энэ машиныг АНУ-ын муж улсуудын бараг тал нь сонгуульд хэрэглэдэг, алдаа зөрчил гаргаж байсан удаагүй гэнэ. Хэрэв цахилгаан тасарвал машин 16-18 цаг ажиллах 12 вольтын батарейтэй аж.

УИХ-ын 2012 оны сонгуулиар гадаадад байгаа монголчуудын саналыг ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газраар дамжуулж авахаар болсон. Саналыг СЕХ онлайнаар төвлөрүүлэн авч, дараа нь автомат машинаар тоолох юм. Гадаадад 30 гаруй мянган монголчууд байгаа гэвэл тэдний саналыг тоолоход төдий тооны хүнээс санал авсантай тэнцэх хэмжээний хугацаа зарна гэдгийг СЕХ-ны дарга Н.Лувсанжав хэлж байв.

Ямар ч гэсэн энэ удаа уг машин гишүүдэд таалагдаж, 11 гишүүний ес нь СЕХ-той санал тоолох машиныг зөвшилцсөн хэмээн үзлээ.

Мөн өнөөдөр хуралдаж магадгүй гэж байсан намын бүлгүүд, чуулганы нэгдсэн хуралдааныг хийхгүй гэв.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж