НӨАТ-ын чөлөөлөлтийг сунгах төсөл мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын чөлөөлөлтийг сунгах төсөл мэдүүлэв

УИХ-ын дэд дарга Г.Батхүү дөнгөж сая Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.

Газар тариалангийн салбарт сүүлийн жилүүдэд онцгой анхаарал хандуулснаар 289.6 мянган га өнжсөн талбайг шинээр эргэлтэд оруулж, 2011 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр  буудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаар хангах боломж бүрдсэн байна.

Тухайлбал, НӨАТ-аас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2008 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуулиар  “Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо ургамал хамгааллын бодисыг 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд НӨАТ-аас чөлөөлөх”-өөр заасан юм. Хуулийн хүрээнд 2011 оны есдүгээр сарын байдлаар импортоор оруулсан 7.2 мянган тонн эрдэс бордоо, 2.5 мянган тонн ургамал хамгааллын бодис, 2.4 мянган ширхэг өндөр хүчин чадлын болон бага оврын трактор, мөн газар тариалангийн, усалгааны болон гурилын үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжид нийт 30 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлсэн байна. Үүний үр дүнд газар тариалангийн үйлдвэрлэлийн зүтгэх хүчний тракторын 80 хувь, ургац хураах техникийн 65 хувь шинэчлэгджээ. Энэ нь өндөр өртөгтэй газар тариалангийн салбарын бүтээгдэхүүний борлуулалт, үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулан тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл аюулгүй, хоол хүнсээр хангахад томоохон дэмжлэг болж чадсан гэж хууль санаачлагчид дүгнэж байна.

Иймээс тариаланчид, үйлдвэрлэгчдийг татварын хөнгөлөлтөөр дэмжих, дэвшилтэд технологи нэвтрүүлэх бодлогыг үргэлжлүүлж, одоо хэрэгжиж байгаа НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгахаар хуулийн төсөлд тусгажээ. Төсөлд хугацааг  2016 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл байхаар боловсруулсан байна.

Хууль батлагдсанаар техник, технологийн шинэчлэл эрчимжиж, ургац нэмэгдэн, хүнсний хангамж сайжирна. Түүнчлэн газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт өссөнөөр хөдөөд ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл буурах гэнэ. Мөн газар тариалангийн салбарын эдийн засгийн чадавхи сайжирч, улсын төсвийн орлого нэмэгдэх, тариалангийн талбайг хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж