Шилдгийн шилдэг мөрөөдлийн эзэд хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Шилдгийн шилдэг мөрөөдлийн эзэд хэн бэ?

Гайхамшиг бүхэн гайхалтай мөрөөдлийн үр дүн байдаг. Тэгвэл өнөөдөр “Нэг ардчилал” клубээс оюутан залуучуудын дунд зохион байгуулсан, мянган үгээр мянга мянган мөрөөдөл цуглуулах “Миний нэг мөрөөдөл-Монголын ирээдүй” эссе  бичлэгийн уралдааны шилдгүүдээ тодруулж,  Монгол эх орон, ирээдүйнхээ талаарх мөрөөдлөө хуваалцсан талаар бид мэдээлсэн билээ. Ингэхдээ мөрөөдлөө бичиж ирүүлсэн 600 гаруй залуусаас 60-ынх нь мөрөөдлөөр “Мөрөөдлийн ном” гаргаснаа танилцуулж, шилдэг 20 мөрөөдлийн эзнийг notebookээр урамшуулсан юм. Мөн шилдгийн шилдэг мөрөөдлийн эздээр дараах залуусыг тодруулснаа зарласан. Үүнд МУИС-ийн оюутан Д.Ринчендорж, Улаанбаатар дээд сургуулийн оюутан С.Ганчимэг, “Зохиомж” дээд сургуулийн оюутан Б.Энхмаа, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан Н.Гэрэлбат нар тодорч, уралдаанд шалгарсан мөрөөдлөөрөө илтгэл тавьсан билээ.

Шагнал гардуулах ёслолд “Нэг ардчилал клуб”-ын зохицуулагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх М.Батчимэг, УИХ-ын гишүүн, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Л.Оюунгэрэл болон Нэг ардчилал клубын гишүүд оролцож залууст амжилт хүссэн.                  

     Залуус эх орондоо шударга ёсны мөрөөдлийн байшингаа бат бэх босгох, улс үндэстнээ авилга, архидалтаас аврах, хүн төрөлхтөний аюулт дайсан хорт хавдрыг эмчлэх шинэ арга нээх, хүүхдийг жинхэнэ хүн болгож хүмүүжүүлэх бага ангийн багш болох гэх мэт гэгээн сайхан мөрөөдлүүдээ хуваалцсан нь Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоо бахархан тэмдэглэж байгаа Монголчууд бидний ирээдүй гэгээлэг, оюунлаг байгааг илтгэсэн, залууст урам зориг өгсөн сайхан  арга хэмжээ боллоо.

                Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж