Сонгуулийн тойргийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Сонгуулийн тойргийг баталлаа

УИХ-ын Хүндэтгэлийн чуулган өндөрлөмөгц чуулганы нэгдсэн хуралдаан эхлэв. Түүгээр УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн төв тогтоох, мандат хуваарилах тухай тогтоолын төслийг  хэлэлцсэн юм. Асуудлын танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Дондог хийв. Гишүүн Ж.Энхбаяр 70 гаруй мянган хүн амтай Дорноговь, Говьсүмбэрийг хамтатган нэг мандат тогтоосон атлаа дөнгөж 60 мянгын босго давсан хэд хэдэн аймаг хоёр мандаттай байгааг асууж байлаа. Гишүүн Ж.Сүхбаатар ойлголцол байх ёстойг хэлж, Дорноговийн иргэийн тоо дангаараа тойрог байгуулах хэмжээнд хүрэхгүй байгааг хэлсэн юм. Гишүүдээс өөр санал, асуулт гарсангүй. Санал хураалтаар гишүүийн 78,6 хувийн саналаар тогтоолыг баталаа.  Үүгээр сонгуулийн тойргуудыг дараах саналаар батлав. 

Үүнд, Архангай 2, Баян-Өлгий 2, Баянхонгор 2, Булган 1, Говь-Алтай 1, Дорноговь, Говьсүмбэр хоёр нийлж 1мандат, Дорнод 2, Дундговь 1, Завхан 2, Өмнөговь 1, Өвөрхангай 2, Сэлэнгэ 2, Сүхбаатар 1, Төв 2, Ховд 2, Хэнтий 2, Хөвсгөл 2, Увс 2, Дархан-Уул 2, Орхон 2 мандаттай байхыг дэмжлээ. Улаанбаатар хотын хэмжээнд Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэг нэг тойрог болж 2 мандат, Баянзүрх дүүрэг Налайхтай нэг тойрог болж 3 мандат, Сүхбаатар дүүрэг 2 мандат, Чингэлтэй дүүрэг 2 мандат, Баянгол дүүрэг 2 мандат, Сонгинохайрхан дүүрэгт 3 мандаттайгаар сонгууль  явуулахаар баталаа.  Үлдсэн 28 мандатыг пропорциональ зарчмаар, намын нэрсийн жагсаалтаар улсын хэмжээнд нэг тойрогт хуваарилан санал авах юм.

Хуралдаан 10 минут орчим үргэлжилж 17.05 цагт өндөрлөв.
                    

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж