Мөнгөтэй нь биш, устай нь хөгждөг гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Мөнгөтэй нь биш, устай нь хөгждөг гэнэ

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар “Ус” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Гадаргын усны тоо бүртгэлээр 2007 онд улсын хэмжээнд нийтдээ 5121 гол, горхи бүртгэгдсэнээс хоёр жилийн дотор 887 нь, 9340 булаг, шандаас 2096 нь, 3732 нуур, тойрмоос 1166 нь ширгэсэн дүн мэдээ гарсан байна. Мөн улсын хэмжээнд ус ашиглалт, хэрэглээнд тавих хяналт боловсронгуй бус, энэ талаархи эрх зүйн орчин, нэгдсэн мэдээлэл, хяналтын тогтолцоо хараахан бүрдээгүй байгаа зэргийг харгалзан Засгийн газраас “Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулжээ.

     Төсөлд стратегийн зургаан зорилтод чиглэсэн 130 бүлэг арга хэмжээг 2010-2015, 2016-2021 он гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан. Ингэхдээ өндөр уулсын бүс дэх цас мөсний усыг тогтоож, цөөрөмд хурааж, эргүүлэн ашиглах.  Томоохон голууд дээр боомт байгуулах. Усны эхийг хамгаалах чиглэлээр хамгаалалт барих. “Орхон говь” төслийн хүрээнд говийн аймгийнхныг хүн, малтай нь усаар хангах зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээг улсын болон орон нутгийн төсөв, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, буцалтгүй тусламжаас санхүүжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд уг хөтөлбөрийн хөрөнгийн хэмжээг тодорхой тусгаагүйг   шүүмжилж, мөрөөдлийн жагсаалт болж хувирах юм биш гэсэн анхааруулгыг өгөв. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “”Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 18.2 их наяд төгрөг шаардлагатай гэсэн. “Ус” хөтөлбөрийн хүрээнд аягүй бол арван их наяд төгрөг шаардаж магадгүй. Энэ их хөрөнгийг стратегийн орд газруудаа барьцаалах замаар “босгоно” гэвэл өмнөх гаргасан бодлогуудтайгаа хэр уялдуулж, хөтөлбөрийг боловсруулав гэдэг эргэлзээтэй болж хувирч байна. Эрэмблээд оруулаад ирж болсонгүй юу, энэ их ажлуудыг зарцуулах хөрөнгөтэй нь хамт” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Энхбат “Санхүүгийн эх үүсвэр нь тодорхойгүй, аж ахуйн шинжтэй хөтөлбөрийг УИХ-д оруулж ирлээ. Хүн төрлөхтний хөгжлийн 5000 жилийн түүхийг эргээд харахаар мөнгөтэй нь биш, устай нь хөгждөг юм байна. Хятад улс нэг тэрбум 300 сая хүн амтай, хөгжил ямар билээ. Хэрвээ Монгол Улс таван сая хүн амтай болно гэвэл усны хүрэлцээг хэрхэн зохицуулах юм. Энэ утгаараа үндэстэн оршин тогтнох асуудлыг ярих ёстой. Өөрөөр хэлбэл, Солонгосын ерөнхийлөгч “Айл бүрийг хөргөгчтэй болгоно гэдэг шиг, Монголын малчин бүрийг цэвэр усаар хангаж, сумын худаг бүрийг давсгүй устай болгоно гэдэг зорилт тавих ёстой. “Ус” хөтөлбөрийн оронд усны бодлогыг УИХ-д оруулж ирэх шаардлагатай” гэв.

Энэхүү санал шүүмжлэл давамгайлсан сүүлийн асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх “Дуугүй явахаар донгио, дуутай явахаар онгироо, дундуур нь явахаар бөөрөнхий гэдэг шиг тулгамдсан асуудлаа жагсаахаас арга байгаагүй. Нэр нь хөтөлбөр болохоос бодлого. Хоёр жилийн туршид боловсруулсан хөтөлбөр. Хэлэлцүүлгийн шатанд санаагаа оруулж болно. Хөрөнгийн эх үүсвэрийг ямар замаар бүрдүүлэх вэ гэхээр торгуулийн мөнгө, ашигт малтмалын бүх төрөл дээр ногдуулдаг роялтийн татварын 15 хувийг энэхүү хөтөлбөрийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд авъя гэдэг саналыг бид оруулаад байгаа. Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдээс маш их хэмжээний хөрөнгө хуримтлуулах бололцоотой. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс 30 хувийг бүрдүүлэх юм” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж