МАН 30 жилийн хөтөлбөрөө танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

МАН 30 жилийн хөтөлбөрөө танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд сэтгүүлчидтэй уулзалт хийж Монгол Улсыг  2011-2031 он хүртэл хөгжүүлэх 30 жилийн урт хугацааны хөтөлбөрийг танилцууллаа. Хөтөлбөрт Монгол Улсыг 30 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хөгжүүлэх үсрэнгүй хөгжлийн бодлогыг томъёолжээ. Ардчиллын өнгөрсөн 20 гаруй жил ололт амжилт их байсан ч дүгнэлт хийх зүйл ч их байсныг МАН-ын дарга хэллээ. Нийгмийн том асуудлыг шийдэж чадаагүй, авлига, ажилгүйдэл, ядуурал зэрэг тулгамдсан асуудлуудтай, авто замын сүлжээ, бүсчилсэн хөгжил, төлөвлөлтийг уялдуулж чадаагүй гэх зэрэг дутагдал байгааг шийдвэрлэхээр хөтөлбөрт тусгажээ. Үүний тулд төр, нийгэм, хувийн хэвшлийн харилцан ойлголцол, дэмжлэг чухал гэлээ. Энэ онд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 3000 гаруй ам.долларт хүрчээ. Ирэх жил 5000 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж. МАН-ын зорилго бол нийгмийн зонхилох хэсэг нь чинээлэг дундаж давхрага байх ёстой гэсэн бодлого болохыг АН-ын дарга дурдлаа.

Эдийн засгийн үсрэнгүй хөгжил иргэдийн бодит амьдрал дээр наалдаж байж нийгэм хөгжинө гэж МАН үзжээ. Онцгой асуудал бол засаглал. Муу засаглалтай оронд авлига, хээл хахууль түгж, олон түмний төрдөө итгэх итгэл алдардаг байна. Компанийн засаглалыг тодорхой болгох, иргэн бүр хувьцаатай болж хөрөнгийн зах зээлээр дамжуулж нээлттэй, ил тод засаглалыг гаргаж ирнэ, улмаар төсөв нэмэгдэнэ. Нүүрсийг хийжүүлэх, шингэн түлш гаргах, ингэснээр эрчим хүч, түлш, хийн асуудлыг шийдэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг шийднэ. Цөөн хэсэг хүн нийгмийн баялгийг эзэмшиж, олонх нь ядуу тарчиг байж таарахгүй гэж хөтөлбөрт тусгажээ. Ингээд 2012-2016, 2016-2021, 2021-2031 он гэсэн гурван үе шаттай хөтөлбөр гаргасан байна. 

Эхний шат дуусахад нэг хүнд ногдох ДНБ-нийг 12600 ам.долларт хүргэх төсөөлөл гаргажээ.

Хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагч, МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатарын танилцуулснаар дэлхийн хөгжлийн ирээдүй Зүүн хойд Ази руу чиглэж байна. Хятад, Энэтхэг дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болно. Тэнд Монгол Улс багтаж буй. Монголын говь бол дэлхийн сэргээгдэх эрчим хүчний том төв. Сайн засаглалыг хөгжүүлбэл Монгол Улс хөгжинө. Харин өнөөдөр боловсруулах үйлдвэрлэл сул, 83 хувийг нь технологийн агууламжгүй түүхий эд бүрдүүлсэн экспорттой, дэд бүтэц сул, нарийн мэргэжлийн боловсон хүчин тааруу байгаа нь эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй ацалдахгүй байгааг илтгэгч хэллээ. Монголд дараагийн 20 жилд ч хүн амын цонх үе буюу ажиллах хүчин хангалтай үе үргэлжилнэ. Өнөөдөр 7000 инженер, 30 мянган мэргэшсэн ажилтан хэрэгтэй байгааг залуус анхааралдаа авч мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхийг хөтөлбөр боловсруулсан залуу эрдэмтэд уриалжээ.

Улс төрийн намууд авлигад идэгдсэнийг залруулах, төрийн алба, засаглалын шинэтгэл хэрэгтэй байгааг хөтөлбөрт тусгажээ.

Ирэх 20-30 жилд Монголын цаг агаар асар их өөрчлөгдөнө гэдгийг анхааруулсан байна. Нутгийн 72 хувь, бэлчээрийн 90 хувь цөлжих хандлага харагджээ. Усны хангамжийг цоо шинээр авч үзэх шаардлага гарах аж. Гучин жилийн дараа Монголын хүн ам 3,9 орчм сая, дэлхийн хүн ам найман тэрбумд хүрнэ гэжээ.

Хөтөлбөрт тусгасанаар 2012-2016 онд Монголын хөгжил Польш, Туркийн хэмжээнд хүрч, 2016-2012 онд ДНБ-ний хэмжээ 20 орчим мянган ам.долларт хүрч БНСУ-ыг хөгжлөөрөө гүйцнэ. 2021-2031 онд ДНБ 60 мянган ам.долларт хүрч Норвег, Швейцарь шиг болно гэжээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж