Шанхайд Консулын төлөөлөгчийн газраа нээв

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Шанхайд Консулын төлөөлөгчийн газраа нээв

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суух Консулын төлөөлөгчийн газрын нээлтийг арванхоёрдугаар сарын 23-нд хийв. Нээлтийн ажиллагаанд Монголын талаас ГХЯ-ны Консулын газрын Захирал Д.Ганхуяг, Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын талаас Шанхай хотын Орон нутгийн Ардын засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Шанхай хотын Орон нутгийн худалдааны хорооны тэргүүн ноён Ша Хай Лин болон Шанхай хотын Орон нутгийн ардын засгийн болоод Гадаад харилцааны газрын ажилтнууд, Жиансу, Жэужиан мужийн Шанхай хот дахь төлөөлөгчид болон Шанхай хот дахь гадаад орнуудын консулуудын төлөөлөгчид зэрэг 60 гаруй албаны хүн оролцов.

БНХАУ-ын ГХЯ-наас консулын экзекватураа хүлээн авсан Шанхай хотод суух Монгол улсын консулын төлөөлөгч Д.Даваасүрэн ёслолын ажиллагааг нээв. Тэрээр Шанхай хотноо Монгол Улсын консулын төлөөллийг байгуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн БНХАУ-ын ГХЯ болон Шанхай хотын Орон нутгийн Ардын засгийн газарт талархал илэрхийлж, Монгол, Хятадын эдийн засаг, соёл, боловсрол, жуулчлалын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хүч бололцоогоо дайчлан ажиллахын зэрэгцээ, консулын тойрогт сурч, амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллахаа тэмдэглэв.

Элчин сайд Ц.Сүхбаатар, ноён Ша Хай Лин нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

Элчин сайд Ц.Сүхбаатар хэлсэн хэлсэн үгэндээ “Аж үйлдвэр, шинжлэх ухааны салбарууд өндөр хөгжсөн энэ мужид Консулын төлөөлөгчийн газраа Монгол Улс ийнхүү нээж байгаа нь хоёр орны хоорондын стратегийн түншлэлийн харилцааны илэрхийлэл бөгөөд цаашдаа ч өргөн уудам газар нутагтай БНХАУ-ын өөр мужуудад Монгол улсын төлөөллийг нэмэгдүүлэх нь хоёр орны харилцааг бүх талаар өргөжүүлэхэд чухал хувь нэмэр болно” гэв. Шинэ тутам байгуулагдаж байгаа Консулын төлөөлөгчийн газарт бүх талын тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Ноён Ша Хай Лин үгэндээ хоёр орны харилцааны өнөөгийн түвшинг өндөр үнэлээд “Шанхай хотноо Монгол улсын Консулын газар нээгдэж байгаа нь бидний хувьд Монгол улстай танилцах, Монгол улсын талаар мэдлэг мэдээлэлтэй болох сайхан боломж гарч байгаагийн зэрэгцээ Шанхай хотыг Монгол улстай холбох найрамдлын гүүр болно гэдэгт миний бие огтхон ч эргэлзэхгүй байна” гэж тэмдэглэв.

Өдгөө Шанхай хотноо гадаадын улс орнуудаас нийт 68 Консулын газар үйл ажиллагаагаа явуулж байгаа.

ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг, Монгол Улсын консулын төлөөлөгч Д.Даваасүрэн нар Шанхай хотод сурч байгаа оюутнуудтай уулзаж, оюутнуудын шинэ жилийн арга хэмжээнд оролцов. Шанхай хотод нийтдээ 500 гаруй оюутан 38 их, дээд сургуулиудад суралцаж байна.

КОНСУЛЫН ГАЗАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж