Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын иргэн Сүхийн Хүрэлхуяг элсэн байшин барьжээ. Говьд цөлжилт нүүрлэж, төв суурин газар ч элсэнд дарагдаад байгаа нь Хүрэлхуягт нэгийг бодогдуулав. Ингээд мод, нүүрс савлаж зардаг шуудайд хашааныхаа ар өврөөр шуурсан элсийг шуудайлж эхэлсэн байна. Элсээ шуудайд дундуурхан савлаад л тавиад байж. Өнцөг, булан, цонх, хаалга байх газарт байшингийнхаа өндөрт таарах труба түгжжээ. Ингээд шуудайлсан элсээ хавтгайгаар нь өрж гадна дотно талыг торлон шавардлага хийв. Энд мөнгөөр авсан зүйл гэвэл багахан цемент, хаалга, цонх, дээврийн мод гэнэ. Бусдыг элс болон байгаль дээр хаа сайгүй байгаа материалаар хийж орон сууцнаас ч ялгагдахааргүй, хоёр өрөө товхийсэн байшин босгоод авчээ. Тэндээ хөрөө рам, мужааны багажаа зоож үйлдвэрлэл явуулаад эхэлсэн байна. Нөгөөд нь оёдлын цахилгаан машин байрлуулан гэр бүлийнхэн нь оёдол эрхлэх гэнэ. С.Хүрэлхуягийн үйлдвэрлэлийн байрыг УИХ-ын гишүүн Х.Наранхүү газар дээр үзэж танилцаад сайшаажээ.
-Элсэн байшин их дулаан, дулааны алдагдал байхгүй, үйлдвэрлэлийн байранд нэн тохиромжтой, галын аюулгүй байдлын хувьд найдвартай, тэгээд ч өртөг хямдтай юм билээ гэж тус сумын ЗДТГ-ын ажилтан Ц.Живаа ярьж байна.
Ер нь элсэн байшин барих хөдөлгөөн өрнүүлж, хамрагдсан хүмүүст өрхийн үйлдвэрлэл явуулах хөнгөлөлттэй зээл олгодог болвол яасан юм бэ. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэн том ажил болох нь. Нөгөө талаар цөлжилтийг сааруулах, газрын хөрсөө элсэнд даруулахаас сэргийлсэн байгальд ээлтэй үйл ажиллагаа юм. Мандалговь гэхэд гэр хорооллын хашаанууд элсэнд дарагдаад зөөж зайлуулж хүч хүрэхгүй “элсэнд дарлуулж” суугаа. Энэ арчаагүй байдлаас амархан ангижрах боломж байна даа. Санаж сэдвэл арга чарга их ажээ.