“Ааваасаа би архийг гаргамаар байна”

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

“Ааваасаа би архийг гаргамаар байна”

Сар хагасын өмнө “Нэг ардчилал” клубээс оюутан залуучуудын дунд “Миний нэг мөрөөдөл Монголын ирээдүй” эссэ бичлэгийн уралдаан зарласнаа өнөөдөр зарлаж, шилдэг 20 мөрөөдлийг нэрлэлээ. Энэхүү үйл ажиллагаа Төрийн ордны Их танхимд 800 гаруй оюутан залуусын дунд боллоо. “Нэг ардчилал” клубыг санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дээрх үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Ирж яваа цаг, залуусынхаа дуу хоолойг сонсъё гэдэг зорилгоор 1000 үгт багтаасан мөрөөдөл цуглуулах аяныг бид зохион байгуулсан юм. Нийт 500 орчим мөрөөдөл захидлаар болон интернэт шуудангаар дамжин Монгол Улсын өнцөг булан бүрээс ирснээс бусдаас цойлон онцгойрсон шилдэг 20 мөрөөдлийн эздийг бид шагнах гэж байна. Энэ удаагийн аян бол залуучуудынхаа оюуны хөдөлмөрийг үнэлэх, залуучууд юу хүсэн мөрөөдөж байна вэ гэдгийг хүссэн маань ийнхүү биеллээ оллоо. Гайхамшгийг бүтээсэн иргэд бүгд мөрөөдөгчид байсан гэдэгт би итгэдэг. Энэ улсыг тархи л хөгжүүлнэ. Тийм учраас би ирж яваа цагийнхаа залууст итгэж байна” гэсэн юм. Харин “Нэг ардчилал” клубын зохицуулагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг “Одоогоос 50 шахам жилийн тэртээ Мартин Лютер Кинг “Би мөрөөдөж байна” гэдэг алдарт үгийг хэлсэн юм. Түүний энэ үг сая, сая өнгөт арьстнуудын хувь заяаг үндсээр нь өөрчилж, чадсан билээ. Мартин Лютер Кингийн мөрөөдөл бол өнгөт арьстнуудыг ялгаварлан гадуурхах үзлийг халах тухай байсан төдийгүй хүн төрлөхтөнд эрх чөлөө олгох тийм мөрөөдөл байлаа. Магадгүй түүний мөрөөдөл ирээдүйн Ерөнхийлөгчийг төрүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

Монголчуудын хувьд 21 жилийн тэртээ цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн явдал нь улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулах, хүн бүрт шударга ёс, эрх чөлөөг хүртээх гэсэн чин хүсэл байлаа. Энэ бол Мартин Лютер Кингийн мөрөөдөлтэй нэг байсан болов уу” гэв.

Оюутан залуусын хувьд олон зүйлийг мөрөөджээ. Энэхүү мөрөөдлөөс хамгийн эмзэг сэдвийг хөндсөн нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан Н.Гэрэлбатын “Архийг ааваасаа гаргамаар байна” гэх чин хүсэл байлаа. Түүнээс сийрүүлбэл “Би үеийн залуус шигээ алдартай жүжигчин, дуучин болно гэж мөрөөддөггүй. Харин надад хүнд хэлэхээс ичмээр боловч биелүүлэхийг хүсдэг нэгэн мөрөөдөл бий. Энэ бол архийг ааваасаа  гаргах. Гэр бүлийн минь аз жаргал, хүүхэд насны минь хүсэл мөрөөдлийг тэрхүү гайтай архи авч одсон. Ээжийн минь цөхрөл, эгч нарын маань нулимстай нүд, дүүгийн маань аавыгаа хүлээх хүлээлт энэ архинаас л болдог. Машины дуу алсаас сонсох бүрийдээ аав маань энэ өдөр архи уучихалгүй ирээсэй гэж би дотроо дахин дахин залбирдаг. Цагаан сар, улсын баяр наадам гээд баяр болгон болоход мөн л аавыгаа би битгий архи уугаасай гэж үргэлж боддог. Тиймээс тэр гайтай хар архийг ааваасаа холдуулмаар байгаа мянга мянган хүүхдийн хүсэл мөрөөдлийн анхны алхам болж энэ мөрөөдлөө би та бүхэнтэй хуваалцлаа. Бүх аавуудад хандаж үг хэлэхэд архинаас болж хүүхдийнхээ аз жаргалыг, гэр бүлийнхээ аз жаргалыг бүү бусниулаач гэж хүсье. Энэ бол мянган мянган хүүхдийн хүсэл мөрөөдөл юм шүү” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг нэг жилийн өмнө бүх монголчууддаа хандан архины оронд сүү өргөхийг хүсч, мэндчилж байсан билээ. Түүнийгээ ажил хэрэг болгох зорилгоор жилийн турш ч аян өрнүүлсэн. Ирэх жилүүдэд ч аян өрнөнө. Тэгвэл Монгол Улсын ирээдүй болсон залуусын хувьд энэхүү архинаас татгалзах тэр дундаа шинэ үеийнхэн болсон залуус түүний идэвхитэй хөрөнгө оруулагч байхаас татгалзахыг хүссэн мөрөөдлийг мөн л энэхүү шилдэг 20-т багтсан МУИС-ийн оюутан бичжээ.

Залуус бас ирээдүйд сургуулиа төгсөөд ажил дээр гарахад авдаг цалин амьдралд хүрэлцдэг, өөрийнхөө үргэлжлэл болсон хүүхэддээ чанартай боловсрол олгодог сургуульд сургахыг хүсч байна. Яагаад гэвэл Монгол Улсыг оюунлаг иргэд хөгжүүлнэ. УИХ-ын гишүүн, “Нэг ардчилал” клубыг санаачлагч Х.Тэмүүжингийн хэлсэнчлэн тархи л энэ улсыг хөгжүүлнэ гэдгийг тэд хүлээн зөвшөөрч буй бололтой. Тийм ч учраас мянган мянган мөрөөдлөө илэрхийлсэн зуун зуун залуусын дунд багш болохыг мөрөөдөгсөд ч бас байлаа. Мөрөөдөл залуусыг ирээдүй рүү хөтөлнө. Харин үйл ажиллагааны төгсгөлд дуучин Б.Батцэнгэл буюу Quiza, БХ буюу н.Батбаатар нар “Эрх чөлөө”, “Надад мөрөөдөл бий” дуугаараа ая дуу өргөлөө.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж