
Семинарт оролцогч орнууд өөрсдийн орны Парламентын номын сан, архив, баримт бичгийн үйлчилгээний өнөөгийн байдал, дотоод сүлжээ, техник, программ хангамжийн төвшин ямар байгаа, цаашид хэрхэн сайжруулах талаар тус бүр илтгэл тавьж, харилцан туршлага солилцов. Парламентын Номын сангийн асуудал бол зөвхөн Номын сан, фонд бүрдүүлэлт, уншлагын үйлчилгээний тухай асуудал биш юм гэдэг нь семинарын явцад тодорхой харагдаж байлаа. Бусад орнуудын туршлагаас үзэхэд, Парламентын Номын сан нь тухайн орны Парламент болон Парламентын Тамгын газрын үндсэн мэдээллийн бааз /Information database/-ыг бүрдүүлэх үүрэгтэй ба судалгаа, архив зэрэг холбогдох нэгжүүдтэйгээ нэгдмэл байдлаар үйл ажиллагаа явуулдаг нь практикт илүү тохиромжтой гэж үздэг байна. Семинарт оролцогч ихэнх орнуудын Парламентынномын сангууд Европын холбооны стандартыг нэвтрүүлснээр уншлагын болон баримт бичгийн мэдээллийн цахим баазыг иж бүрэн бүрдүүлж байна.
Номын сан, баримт бичиг, архив, судалгааны мэдээллийг нэг цэгт төвлөрүүлснээр хууль тогтоогчид болон Тамгын газрын ажилтнууд мэдлэг, мэдээллийг цэгцтэй, хялбар олж авах нөхцөл бүрдэж, ялангуяа хэрэглэгчийн шаардлагад нийцсэн хайлтын болон мэдээлэл боловсруулалтын программ хангамжийг бий болгох, хөгжүүлэх талаар Турк улс бусад орнуудад үлгэр жишээ болохуйц туршлага хуримтлуулсан болох нь семинарын явцад харагдлаа.
Семинарын төгсгөлд оролцогч орнууд “Парламентын Номын сангуудын хамтын ажиллагааны тунхаглал” баримт бичигт гарын үсэг зурав. Энэхүү хамтын ажиллагааны баримт бичигт зааснаар Турк улс парламентын мэдээлэл, баримт бичгийн боловсруулалт, хайлтын программ хангамжийг загвар болохуйц хэмжээнд хөгжүүлэх, оролцогч орнууд вэбсайтад суурилсан, байнгын ажиллагаатай, олон талт мэдээллийн дата баазыг бүрдүүлэх, Турк улсын боловсруулсан программ хангамжийг оролцогч орон бүр өөрийн оронд нэвтрүүлэх эрхтэй байх, өөрийн хэл дээр орчуулан ашиглаж болох, үүний тулд мэдээллийн программ хангамж хариуцсан ажилтныг албан ёсоор томилон ажиллуулах, мөн энэхүү сургалт семинарыг жил бүр аль нэг оролцогч оронд зохион байгуулах уламжлал тогтоох зэрэг асуудлуудыг тусгасан болно.
Монгол улс болон Бүгд Найрамдах Турк улсын Парламент, Парламентын Тамгын газрууд олон жилийн найрсаг харилцаатай бөгөөд 2009 онд шинэчлэн байгуулсан Тамгын газрын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хүрээнд харилцан айлчлалуудыг амжилттай зохион байгуулж байна.
Турк улсын зүгээс УИХ-ын Тамгын газрын Номын санг цахим хэлбэрт шилжүүлэх “E-library” төсөл хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд энэ асуудлаар Туркийн Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага TIIKA-тай яриа хэлэлцээр амжилттай өрнөж байна. Техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцааг Туркийн Үндсэний ассамблейн Тамгын газар үзүүлэх бөгөөд Номын сан болон Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтнүүд үүнд ихээхэн үүрэгтэй оролцох юм“ хэмээн УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвөөс мэдээлэв.