Газар хөдлөл одоо ч үргэлжилсээр байна

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Газар хөдлөл одоо ч үргэлжилсээр байна

Өчигдөр орой Монгол-Оросын хил орчим, Тува улсын Кызылээс 94 км-т газар хүчтэй хөдөлсөн юм. Газар хөдлөлт орон нутгийн цагаар шөнийн 23.20-23.30 цагийн орчимд болжээ. Уг газар хөдлөлт Улаангом хотоос 336 км, Улаанбаатар хотоос 900 гаруй км зайд болсон ч нийслэлд нөлөөлж, 23.32 цагт төвийн дүүргүүдэд чичирхийлэл мэдрэгджээ.

Энэ талаар Одон орон, геофизикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Сэлэнгэтэй уулзан, одоо байдал ямар байгаа талаар асууж, тодрууллаа. Биднийг тус төвд ороход болж буй газар хөдлөлтийг мэдээлдэг  дуут дохио хангинаж байсан юм.

-Өчигдөр орой Монгол-Оросын хилийн заагт газар хөдлөлт болсон. Танай дээр одоо ч дуут дохио ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн газар хөдлөлтийн чичирхийлэл одоо ч мэдрэгдсээр байгаа хэрэг үү?

-Өнгөрсөн шөнө буюу арванхоёрдугаар сарын 27-нд Улаанбаатарын цагаар 23 цаг 21 минут 56 секундэд Рихтерийн шаталбараар 6.7 магнитудын хүчтэй хөдлөл Монгол-Оросын хилийн орчимд боллоо. 6,7 магнитуд гэдэг нь голомтдоо 8-9 балл гэж ойлгож болно. Хамгийн сүүлийн газар хөдлөл орон нутгийн цагаар 04.24 буюу Улаанбаатарын цагаар 12.24 цагт гэж мэдээлэл ирлээ.

-Өнгөрсөн шөнийн газар хөдлөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Газар хөдлөлийн чичирхийлэл мэдрэгдсэн хамгийн ойр зай бол Тува улсын Кызыль хот. Монголын хувьд хамгийн ойрхон нь Увс аймгийн Улаангом хотод буюу тус бүс нутгаас 336 км-т байна. Өнгөрсөн шөнө газар хөдөлснөөс хойш иргэд Одон орон, геофизикийн судалгааны төвийн утсаар байнга асууж, лавлаж байгаа. Улаанбаатар хот нь энэхүү газар хөдлөлийн төвөөс 900 гаруй км зайтай байна. 6,7 магнитуд гэдэг нь нэлээд хүчтэй. Баян-Өлгий дэх манай харьяа станцаас газар хөдлөлийн үеэр айлын цонх хагарсан гэх мэдээлэл ирсэн. Учир Баян-Өлгий аймаг газар хөдлөлийн голомттой ойрхон зайд оршдог. Тиймээс тэр орчимд 3-4 баллын хүчтэй түлхэлт өгч болно. Харин Улаанбаатар хот хүртэл 900 гаруй км байгаа ч тодорхой хэмжээнд мэдрэгдсэн байгаа.

-Нийслэлийн ямар дүүргүүдэд илүү хүчтэй мэдрэгдсэн бэ?

-Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд нэлээд хүчтэй мэдрэгдсэн. Чичирхийлэл мэдрэгдсэн, улмаар биднээс асуусан, холбоо барьсан хүмүүсийн мэдээллээр сүүлийн үед баригдсан шинэ барилгуудад амьдардаг, гэхдээ таваас дээш давхарт амьдардаг айлуудад илүү мэдрэгдсэн байна. Нийслэлд Хан-Уул дүүргийн 120 мянгатаас урагш, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргээс бидэнд мэдээлэл ирсэн.

-Газар хөдлөл дахин мэдрэгдэх болов уу?

-Ямарваа хүчтэй газар хөдлөл зайлшгүй давталттай байдаг. Тухайн бүс нутаг, газар хөдлөлийн голомтод цугласан хүчдэлийг тайлж дуустал давталт хөдлөл байнга үргэлжилж байгаа. Улаанбаатарын цагаар өчигдөр 23.00 цагаас өнөөдөр өглөөний 08.00 цаг хүртэл 220 давталт боллоо. Одоо ч үргэлжилж байна. 3,5 магнитудаас дээш гарвал манай төвд дуут дохио ирдэг.

-Сүүлийн үед Монгол Улсын хэмжээнд газар хөдөлсөн, чичирхийлсэн тухай мэдээлэл ихэсч байх шиг байна?

-Одон орон, геофизикийн судалгааны төвөөс 3,5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлийг мэдээлдэг. Энэ тохиолдолд 10 минутын дотор Онцгой байдлын ерөнхий газарт и-мейл илгээж, мэдээлдэг байгаа. 2011 он гарсаар улсын хэмжээнд 3,5 магнитудаас хүчтэй газар хөдлөл 60 гаруй удаа бүртгэгдсэн. Ялангуяа сүүлийн үед Баянхонгор аймагт ойрхон давтамжтай гарсан байгаа.

-Уул уурхайтай холбоотой сүүлийн үед газар хөдлөл ихсэх болсон гэх ойлголттой хүмүүс байна. Та мэргэжлийн хүний хувьд энэ талаар тайлбар өгөхгүй юү?

-Тийм зүйл бол байхгүй. Баянхонгор аймагт болсон газар хөдлөлийн дараа ийм яриа их гарах болсон. Тэнд уурхай байгуулж, алт ухсан учир газар хөдөлнө гэсэн зүйл байхгүй. Газар хөдлөх үндсэн шалтгаан гэж бий. Тэрхүү зүй тогтлын дагуу л газар хөдөлнө. Дэлхий, хавтан, тивүүд бүгд мөнхийн хөдөлгөөнтэй байдаг. Үүний үр дүнд буюу хатуу биетүүдийн харилцан үр дүнд энерги хуримтлагдаж, байх ёстой хэмжээнд хүрээд тайлагдах цагт газар хөдөлнө гэсэн үг.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж