Ким Чен Ирийг өнөөдөр оршуулна

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Ким Чен Ирийг өнөөдөр оршуулна

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ирийг оршуулах ажиллагаа өнөөдөр өглөө тус улсын нийслэл Пхеньянд эхэллээ. Тус улсын төв телевизээр Ким Чен Ирийн “домогт” амьдралыг харуулсан баримтат киног үзүүлж, бунханд байрлуулсан шарилын өмнө солонгосчууд хүндэтгэл үзүүлж буйг харуулсан байна. Оршуулах  ажиллагаанд гадаадын төлөөлөгчийг оруулахыг хориглосон ч 1994 онд нас барсан эцэг Ким Ир Сеныг оршуулсан шиг дэс дарааллаар болно гэж ажиглагчид таамаглаж байна. Төв телевизээр гарсан баримтат кинонд “хүндэт удирдагч” Ким Чен Ирийн бага наснаас авахуулаад коммунист улсын удирдагч болох хүртэлх амьдралыг хүүрнэсэн гэнэ. Умард Солонгост албан ёсны шашин байхгүй ч оршуулах зан үйлд Күнзийн сургааль багагүй нэвтэрсэн байдаг гэнэ. Гадаадын ажиглагчдын бичиж буйгаар Ким Чен Ирийн залгамжлагчаа бэлтгэх бодлого ямар ч өө сэвгүй болжээ. Ким Чен Ирийн бага хүү Ким Чен Ун түүний залгамжлагч болох нь нэгэнт тодорхой болсон бөгөөд их удирдагчийн дүү Ким Кёнг Хуй, түүний нөхөр Жан Сун Тэк нар шинэ залгамжлагчийн үнэнч зөвлөх байх гэнэ. Их удирдагчийг оршуулах ажиллагаа өндөрлөсний маргааш үндэстэн даяар их удирдагчийн дурсгалыг хүндэтгэн гурван минутын дуугүй гашуудал зарлаж, хөлөг онгоц, локомотив их буугаар буудах ажээ.

Нас барахаасаа хоёр долоо хоногийн өмнө Ким Чен Ир АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картерыг хүлээн авч, уулзсан гэнэ. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар их удирдагч үхэл нь ойртсоныг таамаглажээ. Оршуулах ажиллагаанд гадаадын төлөөлөгч оруулаагүйд шалтгаан байсан бололтой. Ажиглагчдын үзэж буйгаар хэрэв энэ ажиллагаанд гадаадын төлөөлөгчийг уриад ирэхгүй бол шинэ удирдагч эвгүй байдалд орох байсан гэнэ. Нөгөө талаар Хятадын коммунист намын төлөөлөгчид Умард Солонгост айлчлах магадлал өндөр байгаа юм. Харин тэдгээр төлөөлөгчдийн дунд хэн хэн орох нь хамгийн их сонирхол татаж байгаа аж. Хятадын дарга Ху Жинтао тэдгээр төлөөлөгчдийг тэргүүлж, Умард Солонгост айлчилж магадгүй гэдэг таамаглал байгаа гэнэ. Хэрэв Ху Жинтао Умард Солонгост очвол тэрбээр Хятадын дарга биш, коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар айлчлах бололтой. Харин оршуулах ажиллагаанд Ким Чен Ирийн ууган хүү Ким Чен Нам оролцохгүй гэнэ. Тэрбээр 2010 онд Японы Асахи телевизэд ярилцлага өгөхдөө Кимийн гэр бүлийг угсаа залгамжлан Умард Солонгосын төрийн эрх барихын эсрэг байр суурьтай байдаг гэсэн юм. Тэрбээр одоо казиногийн вант улс Макаод амьдарч байгаа ажээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Н.Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж