
-Багагүй хугацаанд Красноярск хотод бэлтгэл хийгээд ирлээ. Хэр дүнтэй болов?
-Красноярск хотод нэлээд том бөхийн академи байдаг. Тус хотын бөхийн холбоотой Монголын чөлөөт бөхийн холбоо ярилцсаны үндсэн дээр шигшээ багийн эрэгтэй тамирчид хамтарсан бэлтгэл хийгээд ирлээ. Бэлтгэл чанартай, шахуу сайхан болсон. Бэлтгэл хангагч нар ОХУ-ын шилдэг бөхчүүд байсан учраас нэлээд үр дүнтэй болсон гэж бодож байгаа. Оросууд чөлөөт бөхийн хөгжлөөрөө дэлхийд дээгүүрт ордог. Тиймээс энэ бол олимпийн эрх олгох тэмцээний өмнөх хамгийн том хамтарсан бэлтгэл юм.
-Он гаргаад ямар тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна вэ?
-“Mongolian open” тэмцээн манай улсад болно. Залгуулаад Иван Яригыны нэрэмжит тэмцээнд оролцох юм. Дараа нь Азийн аварга гэх мэт олимп болтол 3-4 тэмцээнд оролцож, цаашлаад бэлтгэл сургуулилтаа сайн базааж олимпод өндөр амжилт үзүүлэхийг л хичээх болно. Энэ дашрамд намайг үргэлж дэмжиж, бэлтгэл сургуулилт хийх бололцоогоор минь хангадаг ШШГЕГ-ын хамт олондоо баярласнаа илэрхийлье.