“Щелкунчик”-тэй Зул сар

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

“Щелкунчик”-тэй Зул сар

Зул сарын баярын хамгийн гоё бэлгийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид үзэгчдэд бэлэглэлээ. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-нд театрынхан П.И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балетыг тоглодог уламжлалтай. Ганцхан арванхоёрдугаар сард, гэхдээ бүр Зул сарын баяраар тоглодог энэхүү балетыг үзэгчдэд жилийн турш хүлээдэг. Энэ жилийн хувьд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 23, 24, 25-нд П.И.Чайковскийн “Щелкунчик” балетыг тоглож, үзэгчдэд зул сарын хамгийн гоё бэлэг барив. Театрт дэрвэгэр хормойтой, яг л цасан охин шиг хувцасласан бяцхан үзэгчид эцэг эх, ах эгч нарынхаа гараас хөтлөн суудалдаа тухалжээ. Хөгжим эгшиглэж, хөшиг нээгдэн, тайзнаа олон өнгийн гэрлээр чимэглэсэн ногоон гацуур тайзнаа харагдахад бяцхан үзэгчид нэгэн дуугаар “хөөх” хэмээн уухайлахад үзэгчдийн сэтгэлийг хөөргөсөн. Магадгүй зарим нэг үзэгчдийн  бага насны дурсамжтай шинэ жилийн баярыг нь санагдуулсан биз.

Энэ өдөр театрт цугласан үзэгчид бүгд л нэг нэгэндээ дотночлон “Зул сарын баярын мэнд” хэмээн мэнд хүргэх нь нэг л таатай, сэтгэлд дулаан уур амьсгалыг мэдрүүлж байв. Тайзнаа бүжих бяцхан бүжигчид үзэгчдийг эзэмдэж, аймшигтай хулганы хаан, Цөмөөхэйн тулаан, Маша охины айдас энэ бүгд бяцхан үзэгчдийг гайхашруулж, “Щелкунчик”-ийн ертөнцөд аваачсан. Зарим хүүдүүүд “Ээж ээ, тэр хулгана аймаар байна. Цөмөөхэй яагаад гарч ирж, охиныг аврахгүй байна аа” гээд л Маша охинтой адил айх зуур, хажуугийн суудалд суусан хүү “Цөмөөхэй амилаад цэргүүдтэйгээ гараад ирлээ” гээд л тэд өөр өөрсдийнхөөрөө балетыг ойлгож, шимтэн үзэцгээж байна.

Цөмөөхэй хулганы хааныг ялж, Маша охиныг аварч, Ханхүү болон хувирахад Маша охин ч гүнж болон хувирдаг үзэгдэл хүүхэд багачуудын хамгийн дуртай хэсэг байдаг. “Щелкунчик”-ийн эхний өдөр Маша гүнжэд Г.Цолмон, залуу гоцлооч Г.Пүрэв-Очир, хоёр дахь өдөр Б.Саруул, М.Од, гурав дахь өдөр Б.Саруул, О.Ганцоож нар гоцолсон. Мэдээж бүгд өөр өөрийн онцлогтой бүжигчид. Балерина Г.Цолмон бяцхан үзэгчдийн хайртай Маша гүнж, түүнийг тайзнаа гарах бүрт “Цолмон багш, Цолмон эгч” хэмээн үзэгчид дотночлон ярьдаг. Харин Б.Саруул бол маш үзэсгэлэнтэй, уян зөөлөн Маша гүнж болдог, түүнд үзэгчид хайртай. Ханхүүгийн хувьд О.Ганцоож угаас үзэгчдийг эзэмдэж чадсан, энэ цаг үеийн “од”. Харин М.Од энэ улирлаас театртаа эргэн ирж, “Щелкунчик”-т гоцолсон нь үзэгчдийг баярлуулсан. Түүнийг тайзнаа гарах бүрт үзэгчид баярладаг нь мэдрэгддэг. Сураг сонсох нь ээ, М.Од удахгүй тайзнаа тавих “Спартак” балетад бэлтгэж байгаа хэмээн үзэгчид ярилцаж байна лээ.

Бүх л гоё дурсамжийг сэргээж, баяр баясгалан аз жаргал, инээд хөөр бэлэгдэг “Щелкунчик” балеттай энэ жилийн Зул сар мартагдашгүй байлаа. Ирэх жилийн арванхоёрдугаар сард дахиад “Щелкунчик”-тэй уулзана.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж