“Сэргээгдэх эрчим хүч рүү хошуурч байна”

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

“Сэргээгдэх эрчим хүч рүү хошуурч байна”

Н.ЭНЭБИШ: АЛСЫН БОДОЛТОЙ ОРНУУД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ РҮҮ ХОШУУРЧ БАЙНА

Монголын физикч, доктор Н.Энэбиш Абу Даби хот дахь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн Нарийн бичгийн дарга нарын газарт Инноваци ба технологийн төвийг төлөөлөн, нарны эрчим хүчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Дэлхий дахины эрчим хүчний хөгжилд шинэ давлагаа үүсч буй энэ цаг үед Монголын эрдэмтэн дэлхийн эрчим хүчний хөгжлийн бодлого тодорхойлогчидтой мөр зэргэцэн ажиллаж байгаа нь бахархалтай. Н.Энэбиш сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр олон жил ажилласан туршлагатай физикч бөгөөд ОУСЭХА-т ажиллахаар явахаасаа өмнө Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан юм. Түүнтэй уулзаж, ярилцлаа. Дашрамд сонирхуулахад ОУСЭХА нь Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудлыг хариуцдаг. Тус агентлаг нь 2009 онд ХБНГУ-ын Бонн хотод байгуулагдсан. Одоогоор дэлхийн 149 орон ОУСЭХА-ын гишүүнээр элсээд байгаа юм байна. ОУСЭХА-ын Нарийн бичгийн дарга нарын газар нь Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод байрладаг, харин ОУСЭХА-ын Инноваци ба технологийн төв нь Бонн хотод саяхан нээгджээ.


-Таны ажиллаж байгаа IRENA буюу ОУСЭХА-ын талаар ярилцлагаа эхлэе. Энэ байгууллагын зорилгын талаар танилцуулаач?

-Монгол Улс ОУСЭХА-ыг анх үүсгэн байгуулагч анхны гишүүн орны хувьд тус байгууллагын зүгээс ихээхэн талархал хүлээдэг. Тийм ч утгаар энэ олон улсын нэр хүндтэй байгууллагад ажиллах завшаан надад тохиолдсон байх гэж боддог. ОУСЭХА-ын нэн тэргүүний зо­рилт нь тогтвортой хөгжлийг хангах үүднээс сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг өргөжүүлэх, нэмэгдүүлэх явдлыг хөхиүлэн дэмжиж, дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчинд тул­гуур­ласан, улс орон бүрийн эдийн засгийн чадавхи онцлогт нь тохирсон тогтвортой эрчим хүчний бүтэц, тог­толцоог бий болгох явдал юм. Үүний тулд, энэ талаар дэлхий дахинд ху­римтлагдсан мэдлэг, мэдээлэлийг ялан­гуяа хөгжиж байгаа орнуудад дэл­гэрүүлэх, тэдгээр орнуудад сэр­гээг­дэх эрчим хүчнийхээ нөөцийг су­далж тогтоон, түүнийгээ үр ашиг­тай ашиглах хөгжлийн бодлого боловс­руулах, боловсон хүчнийхээ чадавхийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний өндөр технологийг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхийг зорьж байна.

ОУСЭХА нь одоогоор сэргээгдэх эрчим хүчний аливаа томоохон төсөлд хөрөнгө оруулалт хийх юм уу шууд санхүүжүүлэх боломжгүй. Бас тийм гэрээ хуулиар заасан үүрэггүй. Гэхдээ Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Африкийн хөгжлийн банк, мөн Абу Даби хөгжлийн сан зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, үр ашгийг сайжруулах, зах зээлийг нь хөгжүүлэх тал дээр төрөл бүрийн хэлбэрээр хамтран ажиллахаар яриа хэлэлцээр хийж байгаа. Миний ажиллаж байгаа Инноваци ба технологийн төв нь сэргээгдэх эрчим хүчний технологи хэр сайжирч, үйлдвэрлэл, хэрэглээ, үнэ өртгийн хувьд хэр зэрэг өрсөлдөхүйц түвшинд хүрч байгаа талаар судалгаа хийж, сэргээгдэх эрчим хүчний технологийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, сэргээгдэх эрчим хүчний статистик, нөөцийн судалгаа, үнийн талаар илтгэл, зөвлөмжүүдийг боловсруулан гаргаж байгаа. Үүнийгээ бүх гишүүн орнуудад тараахаар төлөвлөж байна. Мөн Олон улсын цаг уурын байгууллага болон ХБНГУ-ын сансрын судалгааны төв, АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лаборатори зэрэг зарим томоохон судалгааны төвүүдтэй хамтран бүх гишүүн улсын нар, салхины атласыг ойрын хугацаанд хийж гаргахаар ажиллаж байна. Монгол Улс энэ хөтөлбөрт хамрагдан ажиллаж байгаа. Түүнчлэн, Арабын нэгдсэн эмират улсын Маздарын хотын Шинжлэх ухаан технологийн их сургуульд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр жил бүр 20-оос доошгүй оюутан, магистр, доктрантад сургах тэтгэлэг ОУСЭХА-ын шугамаар жил бүр олгож байгаа. Тэтгэлэгт хамрагдан суралцах шаардлага хангасан оюутны бүх зардлыг ОУСЭХА гаргах юм. Үүнд манай залуучууд хамрагдан суралцах өргөн боломж нээлттэй байгааг энэ дашрамд хэлмээр байна.     

-Сүүлийн үед улс орон бүр л сэргээгдэх эрчим хүчийг ашиглах тал дээр анхаарлаа хандуулж эхэлсэн. Ер нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь ямар давуу талтай юм бэ?

-Сэргээгдэх эрчим хүчний технологи маш ашигтай. Нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүчний, тухайлбал, нар салхины томоохон станцыг богино хугацаанд барьж байгуулах боломжтой бөгөөд цаашид түүнийг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хялбар. Хоёрдугаарт орчин үеийн сэргээгдэх эрчим хүчний станцууд нилээд автомажсан, ашиглалт үйлчилгээний зардал багатай, цөөхөн хүн ажиллуулж, их хэмжээний эрчим хүчний үйлдвэрлэл явуулах боломжтой. Энэ нь өндөр бүтээмжтэй ажиллахад цөөн хүн амтай манайх шиг улс оронд их тохиромжтой. Сая 12 дугаар сарын эхээр би Испани Улсад ашиглалтад ороод удаагүй байгаа дэлхийд анх удаа 15 цагийн дулаан хуримтлуулах системийг ашигладаг технологи нэвтрүүлсэн Гемасолар гэдэг нарны дулааны цахилгаан станцад очиж үзсэн. Энэхүү 20 Мегаваттын хүчин чадалтай нарны дулааны станцыг дөнгөж 18 хүн л ажиллуулж байна. Тус станцаас холгүй байрладаг 200 Мегаваттын чадалтай Солнова гэдэг өөр нэг нарны дулааны цахилгаан станцыг 30 хүрэхгүй хүн л ажиллуулдаг юм байна. Эдгээр нарны дулааны цахилгаан станцын ажиллах зарчим нь бидний сайн мэддэг нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцтай  бараг адилхан. Ялгаа нь юу вэ гэвэл нүүрс шатааж өндөр даралттай уур гаргахын оронд хэдэн зуун толины тусламжтайгаар нарны гэрлийг төвлөрүүлэн 500-600 градусын халуун, өндөр даралттай уур гарган авна. Өөрөөр хэлбэл, цахилгаан станцын нүүрсээр ажилладаг зуухан цех нүүрс шатааж өндөр даралттай халуун уур гарган авахын оронд нарны илчээр өндөр даралттай уур гарган авч байна гэсэн үг. Манай зарим эрдэмтэд, судлаачид нарны дулааны цахилгаан станцыг байгуулах талаар нарийн судалгаа хийж эхлээд байна. 

-Манайд ийм нарны цахилгаан станц барих боломж хэр байгаа бол. Сүүлийн  үед 5-р цахилгаан станц барих талаар их яригдаж байгаа шүү дээ?

-Иймэрхүү нарны дулааны цахилгаан станц болон мөн их чадлын нарны фотоцахилгаан станцыг манай орны говийн бүсэд байгуулах нь хамгийн тохиромжтой. Нөгөө талаас эдийн засгийн хувьд ч их ашигтай. Энэ талаар бид олон улсын нэртэй эрдэмтэдтэй хамтран сүүлийн 10 гаруй жил судалгаа хийсэн. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д “Нарны эрчим хүчийг ашиглах тухай” сэдвээр энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэн мэргэжилтэн нар нээлттэй хэлэлцсэн. Манай оронд нарны томоохон цахилгаан станц барих нь зөв зүйтэй болох талаар ярилцсан байсан. Мөн Ерөнхийлөгчий Кувейт улсад хийсэн айлчлалын үеэр Сэлэнгэ мөрөн дээр Шүрэнгийн Усан цахилгаан станц барихад хөрөнгө оруулалт хийх асуудал бас дэмжигдсэн гэсэн. Монгол Улс Сэргээгдэх эрчим хүчийг 2006-2020 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөртэй, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Сэргээгдэх эрчим хүчний хууль батлаад гаргачихсан. Дээр дурьдсан нарны цахилгаан станц, усан цахилгаан станц байгуулах асуудлууд бүгд хөтөлбөрт тусгагдсан байдаг. Харин үндэсний хөтөлбөр, хуулийн хэрэгжилт л хангалтгүй, жаахан удаашралтай байгаа. Өмнө гарсан сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөр, хууль маань төгс төгөлдөр болоогүй, учир дутагдалтай байж болно. Сайжруулах шаардлагатай бол шинэчлээд хөтөлбөрт заасан зорилтуудаа хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хатуу бодлого, Засгийн газрын бодит дэмжлэг байхгүй бол хичнээн ашигтай, сайхан юм яриад нэмэргүй шүү дээ. 

-Сэргээгдэх эрчим хүч рүү шилжихийн тулд ямар бэлтгэл ажлыг хангасан байх ёстой вэ?

-Сэргээгдэх эрчим хүч рүү шилжихийн тулд эрчим хүчний салбарт зарчмын дорвитой өөрчлөлтийг аль болох хурдан хийх шаардлагатай байгаа олон бодит үндэслэл байна. Уг шилжилтийг хийх нь хиймэл дагуул, сансрын хөлөг, харилцаа холбоо, анагаах ухаан болон зэвсэг техник зэргийг үйлдэрлэх, хөгжүүлэхээс илүү нарийн төвөгтэй ажиллагаа, илүү зардал шаардагдахгүй, харин ч сэргээгдэх эрчим хүчний технологи нь цөмийн технологийг дэлхий дахинд дэлгэрүүлэхээс илэрхий хялбар. Гэхдээ энэ өөрчлөлтийг хийхийн тулд дэлхийн улс орнууд, нийгэм, хувь хүмүүсийн зүгээс оруулах хувь нэмэр, хүсэл эрмэлзлэл маш чухал бөгөөд түүнээс олон зүйл хамаарах нь гарцаагүй.

Өнөөдөр сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь зөв үү, үгүй юу гэдэг тухай ярих биш сэргээгдэх эрчим хүч рүү хэрхэн хурдан шилжих, энэ шилжилтийг хурдасгахын төлөө хүн төрөлхтөн юу хийх ёстой вэ гэсэн асуудал дээр дэлхийн улс орон анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Энэ талаар ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, ЕВРОСОЛАР (Европын нарны эрчим хүчний байгууллага)-ын ерөнхийлөгч асан, Альтернатив Нобелийн шагналт, нарны эрчим хүчний нэрт “өмгөөлөгч” хэмээн дэлхий дахинаа өргөмжлөгдсөн доктор Херман Шеер гуай ч “Эрчим хүчний бие даасан байдал” номондоо дэлгэрэнгуй бичсэн байгаа. Тэрээр “…Сэргээгдэх эрчим хүч рүү шилжинэ гэдэг нь агуулгаараа аж үйлдвэрийн хувьсгал эхэлснээс хойш болох хамгийн өргөн хүрээтэй, одоогийн эрчим хүчний системийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх шилжилтийг хийнэ гэсэн үг. Сэргээгдэх эрчим хүч нь цөмийн болон уламжлалт эрчим хүчний хавсарга байх биш харин эрчим хүчний хангамжийн гол эх үүсвэр болж тэдгээрийг халах болно” гэж Херманн Шеер онцлон хэлсэн байсан. Түүний олон сайхан санаа бодол агуулсан номыг нь олны хүртээл болгохын тулд би өнгөрсөн жил орчуулан уншигчдад хүргэсэн юм. Уг номын нээлтийг хийж байхад УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: “Монгол улс ардчилсан хувьсгалаар улс төрийн эрх чөлөөгөө олж авсан, харин одоо бид эрчим хүчний эрх чөлөөгөө олж авах нь чухал. Үүнд сэргээгдэх эрчим хүч гол үүрэг гүйцэтгэнэ” гэж онцолж байсан билээ. 

-Сэргээгдэх эрчим хүч үнэтэй, өндөр технологи, их хөрөнгө оруулалт шаарддаг, манайх шиг хөгжиж байгаа оронд таарахгүй гэж зарим хүмүүс шүүмжилдэг шүү дээ?

-Би үүнтэй санал нийлэхгүй байна. Олон үлсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ сүүлийн хэдхэн жилийн дотор үнэхээр асар их хурдацтай нэмэгдэж байгаа нь түүний ашигтай болохыг л харуулж байна. Тухайлбал, дэлхий даяар нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн жилийн өсөлт 2010 онд 139 хувь, салхины эрчим хүчний жилийн дундаж өсөлт 23.6 хувь байсан. Ийм өндөр хурдацтай өсөлт өөр аль ч салбарт ажиглагдахгүй байна. 2010 оны эцсийн байдлаар нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал 39.8 Гегаватт, салхины эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 196.6 Гегаватт хүрсэн. БНХАУ л гэхэд өнгөрсөн ганцхан жилийн дотор дангаараа 18.9 Гегаватт суурилагдсан хүчин чадал бүхий салхин станцууд байгуулан ашиглалтад оруулж дэлхий нийтийн чихийг дэлдийлгэсэн. Үүнээс бараг тэн хагасыг нь манай хилийн цаахан Өвөр Монголд байгуулсан байналээ. (Манайхан Эрээнээс Бээжин явах замдаа зөндөө их салхин станцууд баригдсаныг харсан байх, Google-ээр ороод харахад ч харагдана). Тиймээс ч манай өмнөд хөрш дэлхийн хамгийн их салхин станц байгуулсан бүс нутгийн тоонд багтаад байна. Мөн нарны цахилгаан станцын үйлдвэрлэлээрээ ч БНХАУ дэлхийд тэргүүлсээр байна. Тэд нар, салхины станц ашигтай гэдгийг ойлгоод л асар их хөрөнгө оруулалт хийсээр байгаа нь ойлгомжтой. Гэтэл хилийн цаах нь байгаа тэр их нар салхины нөөц манайд ч байгаа, нарийн судалгаа хийгээд үзэхээр бүр илүү ч нөөц боломж манайд байгаад байгаа юм. Энэ жишээ бидэнд нэг зүйлийг бодогдуулах ёстой.

Манайд сэргээгдэх эрчим хүч сайн хөгжихгүй байгаа нь үнэн хэрэгтээ үнэ ихтэйдээ ч биш, зөв бодлого, дэмжлэг байхгүй, дээр нь нийт иргэд маань энэ талаар ойлголт мэдлэг муу байгаад л хамаг учир байгаа гэж би боддог. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн ач холбогдлыг үл ойшоосон иймэрхүү байдал дэлхийн зарим нэгэн орнуудад ч бас ажиглагдаж байдаг. Судлаад үзэхээр тэдгээр орнууд нь ихэвчлэн эрчим хүчний тогтвортой, ирээдүйгээ харсан зөв бодлого стратег­гүй орнууд л байдаг. Харин алсын бодолтой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг төрөөс бодлогоор дэмжин хөгжүүлж байна. Үүний үр дүнд ч сэргээгдэх эрчим хүчний технолог улам сайжирч, эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах үүднээс эхэндээ бага зэрэг өндөр байсан үнэ өртөг нь ч аяандаа буурдаг.

Манай улс зөвхөн газар доороо их баялагтай бус түүнээс хавьгүй их нар, салхи, усны эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ талаар багагүй судалгаа хийгдсэн ба нөөц хангалттай их байгаа гэдэг нь тогтоогдсон. Сэргээгдэх эрчим хүчний нөөцөө үр дүнтэй ашиглаж чадвал эрчим хүчний хэрэглээгээ хангаад зогсохгуй илүүдэл эрчим хүчээ бусад орнуудад экспортлож газрын доорх баялагаа ашиглахаасаа ч илүү хөгжих боломж бий. Ингэж хэлвэл зарим хүмүүст хэтэрхий хол сонсогдож байж магадгүй. Гэхдээ энэ бол хоосон мөрөөдөл биш зарим орнууд аль хэдийн ийм замыг сонгоод хэрэгжүүлээд эхэлчихсэн байгаа.

70-аад оны сүүлээр бидний хэсэг залуучууд эх орондоо нарны зайн үйлдвэр байгуулна гэж ярилцаж байгаад саналаа боловсруулж тэр үед Улсын төлөвлөгөөний комиссын дарга байсан Д. Содном гуайд танилцуулахад Содном гуай бүр амралтын өдрөөр  бүтэн өдөр зав зай гарган хүлээн авч, ярилцан, дэмжиж байсан. Үүнийг миний найз нөхөд, ШУА-ын Физик Технологийн хүрээлэнд хамт ажилладаг байсан хүмүүс, академич Б.Чадраа гуай сайн мэднэ. Тэр үед залуу байсан тул их мөрөөддөг байлаа, заримдаа үндэслэл муутай, бүтэшгүй зүйлийг ярьж байсан байж ч магадгүй. Одоо бол 30 гаруй жил энэ салбарт ажилласныхаа дараа сэргээгдэх эрчим хүч манай улсад богино хугацаанд асар их хурдан хөгжих боломжтой, үр ашигтай гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юунд анхаарах шаардлагатай вэ? 

-Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, түүний хэрэглээг хөгжүүлэх нь оюун ухаан, өндөр технологид тулгуурлсан эдийн засгийг бий болгох арга замын нэг. Үүнийг ХБНГУ, Дани, Исланд, Швед, Норвеги зэрэг улсын хөгжлийн загвар тодоос тод харуулж байна. Эдгээр орнууд, ялангуяа ХБНГУ-ын сэргээгдэх эрчим хүчний өндөр технологийн өлгий болсон хөгжлийн загвар үнэхээр гайхалтай. Энэхүү хөгжлийн загварыг дэлхийн бусад орнуудад, манайх шиг хөгжиж байгаа орнуудад яаж амжилттай хэрэгжүүлэх вэ. гэдэг дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу. Сэргээгдэх эрчим хүч олон улсын хэмжээнд богино хугацаанд асар хурдан хөгжиж, түүний хангамж, хэрэглээнд маш их технологийн өөрчлөлт дэвшилт гарч, энэ салбарт их хэмжээний мэдлэг мэдээлэл хуримтлагдаж, дэлхийн бусад улс орнууд энэ чиглэлээр нарийн мэрэгжлийн боловсон хүчин бэлтгэх асуудал дээр тун их анхаарал тавьж байна. Саяхан 11-р сард Өмнөд Солонгос улсад Ази номхон далайн орнуудын Сэргээгдэх эрчим хүчний чуулга уулзалтад би оролцсон. Тэр хуралд 600 гаруй илтгэл тавьж оролцсон нийт судлаачдын 90 хувийг 30-35 хүрээгүй залуучууд эзэлж байсан нь анхаарал татаж, энэ салбарт залуучууд ихээр түрэн орж ирж, улам их эрч хүчтэй болж байгаа нь анзаарагдсан. Над шиг буурал толгойтой хүн тун цөөхөн харагдсан. Тэр хурлын үеэр Солонгост докторын зэрэг хамгаалахаар салхины эрчим хүчээр ажиллаж байгаа О.Бавуудорж, усны эрчим хүчээр ажиллаж байгаа Б.Болдбаатар мөн сэргээгдэх эрчим хүчний электроникийн чиглэлээр удахгүй докторын зэргээ хамгаалах гэж байгаа Д.Баясгалан нар оролцож надтай уулзсан. Надад сайхан санагдсан, тэдэнд зөвлөж, амжилт хүссэн. Болдогсон бол ойрын 1-2 жилийн хугацаанд дэлхийн хамгийн шилдэг лаборатори, судалгааны төвүүдэд, тухайлбал ХБНГУ, Япон, АНУ, Дани, Испани, Солонгос, БНХАУ зэрэг сэргээгдэх эрчим хүчний өндөр технологийн өлгий болсон өндөр хөгжилтэй улс орнуудад Монголын хэдэн зуун залуучуудыг, ядаж 400-500 залуу мэрэгжилтнүүдийг сэргээгдэх эрчим хүчний өндөр технологийн зарим чухал чиглэлээр мэргэшүүлмээр байна. Тэрний дараа байдал их өөр болох байх гэж бодож байна. Монгол шиг цөөхөн хүн амтай орон хүмүүс нь өндөр орлоготой, чинээлэг, улс нь өндөр хөгжилтэй хүчирхэг орон болохын тулд оюун ухаан, өндөр технологид тулгуурлсан эдийн засагтай байх нь чухал гэдгийг хүмүүс мэддэг, хэлдэг, ярьдаг. Үүнийг л ажил болгомоор байна.

-Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.

-Баярлалаа. Энэ дашрамд нийт монголчууддаа ирж буй 2012 оны мэндийг дэвшүүлье.

Б.Болорсүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж